Хархорум музей
Хархорум музей - Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гандан Орхон багт байрлах дэлхийн өвийг хадгалах, хамгаалах зорилго бүхий музей.
Түүх
засварлах2009 оны Монгол Улсын Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол Улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хархорум музейг байгуулагдав.
Япон Улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж, музейн дотор гадна тохижилт, засмал зам тавих ажлыг Монгол Улсын Засгийн газар хариуцан гүйцэтгэж, 2011 оны 6-р сарын 4-нд Хархорум музейн барилга ашиглалтад орсноор албан ёсны нээлтээ хийсэн байна.
Хархорум музей 2018 оноос эхлэн Итали улсын Ази Дорно Дахины Археологийн Малтлага, Судалгааны Төвтэй хамтран музейн боловсрол танин мэдэхүйн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Орхоны хөндий, Хархорум хотын ойролцоох дурсгалт газруудад хайгуул судалгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Бүтэц
засварлахХархорум музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай. Байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Эртний улсуудын үе, Их Монгол улсын үед хамаарах үзмэрүүд тавигдсан байдаг. Орхоны хөндийгөөс олдсон чулуун дурсгалууд, Хархорин хотыг анх малтага хийсэн эрдэмтэн судлаачдын тухай, тэдгээрийн судалгааны үр дүнд олдсон зарим үзмэрүүд тухайлбал, мэлхий чулууны нуруун дээр босгож байсан гэрэлт хөшөөний хэсэг, барилгын материал шатааж байсан зуухны үлдэгдэл, сүмийн шалан доорхи халаалтын системийн үлдэгдэл, Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хааны хийлгэж байсан мөнгөн зооснууд, Ил хаант улсын үед гаргаж байсан мөнгөн зооснууд, барилгын хавтан шал, Хубилай хааны Марко Полод олгож байсан Гэрэгэ, Хархорины буддын сүмийн тууринаас олдсон шавар бурхадын баримал болон цацнууд, ваар савнууд, Араб бичээстэй гэрэлт хөшөө, Хубилай хааны цэргийн жанжны эмээл ба дөрөө, Монголын эзэнт гүрний цэргийн нум сумны зэвнүүд гэх мэт олон чухал олдворыг дэлгэн үзүүлсэн.
Түр үзэсгэлэнгийн танхимд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрэмийн Шороон бумбагар бунхнаас илэрсэн олдворыг шинэ шийдэлтэйгээр дэглэжээ.
Гадна үзэсгэлэнгийн талбайд "Монголын уламжлалт тоглоом наадгайн төв" байгуулан, хүүхэд залуучуудад боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байна.