Гамлет
Данийн хунтайж Гамлетын эмгэнэлт жүжиг (Англи: The Tragedy of Hamlet, Prince of Denmark), товчоор Гамлет нь английн нэрт зохиолч Уильям Шекспирийн 1559-1601 онд бичсэн, 5 үзэгдлээс бүрдсэн, дэлхийн уран зохиолын хамгийн алдартай жүжгийн зохиолуудын нэг болох эмгэнэлт жүжиг юм. Шекспирийн хамгийн урт буюу 4042 мөр, 29551 үгтэй жүжиг гэж хүртэл тоолж тогтоосон байх ажээ.
Уг эмгэнэлт жүжиг бол У.Шекспирийн амьдралын туршид хамгийн алдартай бүтээлүүдийн нэг байсан бөгөөд өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа юм. Энэ нь "Үнсгэлжин" үлгэрийн дараа хамгийн олон удаа тайз, дэлгэцийн бүтээл болсон түүхүүдийн нэг гэж тооцогддог.
Уильям Шекспир энэ зохиолдоо тухайн үеийн Английн нийгэм дэх амьдралыг дүрсэлж, энэ үеийн Английн нийгмийн хамаг бузар булхай болгоныг нэг дор дэлгэн үзүүлсэн юм. Энэ жүжигт гол дүр Гамлет, түүний авга ах Клауд, эх Гертруд, хайрт бүсгүй Офелиа болон ядуу оюутан Гораций, Лаэрт нарын үйл явдал гардаг.
“Гамлет” жүжиг Лондон хотын “Глобус” театрт 1600-1601 онд анх тоглоход Шекспир өөрөө Гамлетийн эцгийн сүнсний дүрд тоглож байжээ.
У.Шекспирийн “Гамлет” Английн нутаг дэвсгэрээс 1773 онд халин Австри, Германы тайзан дээр тоглож эхэлсэн ажээ. Үүнээс хойш энэ зохиолоор жүжиг тавих гэдэг тухайн театр, найруулагч, жүжигчдийн мэргэжлийн чадал чансааг шалгадаг нэг үзүүлэлт, нэр төрийн хэрэг хэмээх бичигдээгүй хууль олон улсын тайз дэлгэцийн ертөнцөд тогтоод байна. Харин энд анхаарал татдаг зүйл бол олон хэл рүү хэрхэн орчуулагдсан явдал ажээ. Адил төстэй Европын орнуудын хэл рүү хүртэл олон удаа, шүлэг найргийн буюу үндсэн хэлбэрээр байхаас гадна үргэлжилсэн үгээр, утгачлан хөрвүүлж байжээ.
Жүжгийн үйл явдал
засварлахДанийн хааны ордны орчим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адилхан нэгэн этгээд олон цэрэгтэй учирсан тухай яриа хан хүү Гамлетын чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учрахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетын авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цочирдон хэрхэхээ мэдэхгүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийн гэмт явдлыг хөдөлшгүй нотлох баримт хайж эхэлнэ. Харин авга ах нь хар цохин, Гамлетыг ухаан самуурсанд үл итгэн, туршуул явуулна. Үүнийг мэдсэн Гамлет асууж тандсан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүдлийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгөхийг хүснэ. Хүсээд зогсохгүй зохиолд эцэг сүнсний ярьж өгснийг нэмж бичиж өгнө.
Хан-авга нь жүжгийг анхааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гамлетыг хажуудаа байлгах аюултай боллоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайлгана. Угсаа залгах хан хүү Гамлет зам зуураа тэр захиаг олж үзэн, өөрчлөн бичин амь гарч улмаар буцаж ирнэ. Хан авга нь Лаэртыг ятгаж, өшөө авах санаа авахуулан тэдний дунд тэмцээн зохион байгуулснаар Гамлет хор шингээсэн Лаэртын илдэнд амиа алдана. Хатан ээж Гертруд мөн Гамлетад уулгахаар Клаудын бэлдсэн хортой дарсыг санамсаргүй ууж амьсгаа хураах ба Гамлет авгыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамжлах хан хүү Гамлет хоёр бие биеэ хороосноор Данийн хан ширээ Норвегийн эрх баригч Фортинбраст шилжиж байгаагаар зохиол өндөрлөнө.
Үнэлгээ, шүүмж
засварлахҮе үеийн судлаачид янз бүрээр бичдэг байжээ. Судлаачдаас гадна үе үеийн агуу сэтгэгчид ч үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Шекспирийн зохиолын баатрын энэлэл шаналлын учрыг хүний хувьд сэтгэлийн тэнхээ сул, хувь заяаны эрхээр ногдсон ачааны хүндийг үүрэх тэсвэр тэвчээргүй, эрмэг зоримог алхам хийх чадваргүйтэй холбон тайлбарласан нь их ажээ. Энэ үнэн бол Гамлетын санаа бодлыг хүчирхийлэн дарангуйлж, хүсэл зоригийг нь мөхөөж, арчаагүй байдалд оруулсан хүчин зүйл байсан байж таарна. Зохиолыг хөөн унших аваас Гамлет харин ч бүр аливаа зүйлд хариу өгөх ялангуяа дотоод сэтгэлийн хувьд шийдвэр гаргах чадвар өндөртэй хүн болох нь тодорхой байдаг. Түүнээс гадна зохиолоос үзэхэд Гамлет харин ч бүр сэтгэлийн их тэнхээтэй, эзэмшсэн өндөр боловсрол, хүмүүнлэг энэрэнгүйг дээдэлсэн хүмүүжил нь сонссон муу муухайг нягтлан мухарлахыг шаардаад байгаа нь тодорхой байна. Чухам ийм л учраас Гамлет хэмээх баатрын дүрийг бүтээхэд амаргүй, олон янзаар гялалзан харагддаг хэмээн судлаачид тодорхойлдог ажээ. У.Шекспирийн “Гамлет” жүжгийн гол баатрын талаар нийгмийн зүтгэлтэн, судлаачид дотроос санаа бодлоо илэрхийлж хэлээгүй хүн байхгүй гэдэг юм байна.
Гамлет эрх мэдэл, эд хөрөнгийн эзэн болон суусан авга ах-ханыхаа эсрэг хөдлөөгүй гэж үү? Эцгийнхээ буртаглагдсан нэр төрийг цэвэрлэх гэж, “боловсон шорон” гэмээр бусармаг орчин, булай явдлын эсрэг сөрөн өндийгөөгүй гэж үү? Хөдөлсөн. Сэтгэлийнхээ гүнд оршин байсан эргэлзээ тээнэгэлзээг таягдан ялж, үнэнд хүрэх итгэл найдвар байхгүй байгааг ч умартан тэмцсэн.
Гамлетад ямар найдвар байсан хэрэг вэ? Ердөө л зуун зууныг дамнуулан ирэх цаг үеийнхэнд “боловсон шорон” гэгч юу болох тухай л хэлж мэдээлэх явдал байж! Өөрөөр хэлбэл Гамлет тэмцэж эцсийн дүндээ ялахыг л хүсэж! Өөрөө ялагдвал яах билээ гэж бодож байсангүй.
Энд, хойч үеийн бидэнд ч бодох юм байна... Клавдий хан, Гамлетын эцгийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн үхлээ гээд “боловсон шорон нурах уу... гэтэл эрхмийн дээд эрхэм сэнтийд ёстой л өнөө чоно борооноор гэгч болон харийн Фортинбрас заларч байна. Нэг янзын шорон нөгөө янзынхаар л солигдож байна. Байдал бүр дордсон гэсэн үг.
Үүнийг Гамлет харж ухаараагүй байсан гэж үү? Үгүй бололтой. Боловсрол гэгээрлийн хувьд хэнээс ч үл дутах Гамлетын эргэлзэж тээнэгэлзэн, аймхай хулчгар мэт харагдуулаад байсны учир нь Клавдийг хороолоо гээд Данийн там диваажин болж хувирахгүй, шорон хэвээрээ л хоцорно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсантай холбоотой хэмээн нэлээд судлаачид үздэг ажээ. Тэмцэх л хэрэгтэй, тэгэхгүйгээр бурангуй, булай дэг ёсноос салахгүй гэдгийг л номлож байна. Сайн сайхны төлөө, шударга үнэний ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг үзлийг номлож байна. Ингэснээрээ жүжгийн гол амин санаа тухайн жүжгийн тайзнаас халин хүмүүн төрөлхтний амин хүсэл тэмүүллийн хязгаарт дүүлэн гарч ирж байна хэмээн судлаачид үздэг юм байна.
Ирэх цагийн сайн сайхны төлөө ялагдал сөхрөлөөс айлгүй цээж тэнэгэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтуу гэж У.Шекспирийн “Гамлет”-ийг зүгээр ч нэг үздэггүй учраас л ийнхүү цаг хугацаа, орон зайг даван хүн ардын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг бололтой.
Гамлет Монголд
засварлахЭнэ алдарт жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзан дээр 1979 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Галсанжав найруулан тавьж байжээ. Гамлетын дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байжээ.
У.Шекспирийн “Гамлет” жүжгийг Борис Пастернакийн орчуулга дээр үндэслэж орос хэлнээс Чойжилын Чимид гуайн орчуулгаар хийж байсан.
Харин сүүлд 2016 оны 3-р сард Х.Мэргэн англиас нь шууд орчуулахын зэрэгцээ оростой нь тулгасан. Улсын Драмын эрдмийн театр Олон улсын театрын өдөрт зориулан Дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг тоглосон.
Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан энэхүү жүжгийн голд дүр Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ.
Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглосон юм.