Улсын Драмын Эрдмийн Театр
Улсын Драмын Эрдмийн Театр (англи. The Mongolian State Academic Drama Theatre)- Монгол Улсын 1931 онд байгуулагдсан ууган драмын театр.
Түүх
засварлахМонгол улсад театр харьцангүй сүүлд ХIХ зуунд орж ирсэн гэж хэлж болно. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11-р сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” анх албан ёсоор байгуулагдсан байна.
Орчин үеийн мэргжлийн театрыг байгуулахын тулд ЗХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд Сономбалжирын Буяннэмэхийн "Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Ийнхүү монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлийн түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм.
Монгол Улсын Драмын Эрдмийн театр 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчилан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Хорват, Герман улсын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Л.Толстой, Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Б.Цогнэмэх зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.
Театрын барилга
засварлах1956 онд Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг архитектор Буджавын Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд “Улсын Драмын академик театр”, 1994 онд “Үндэсний жүжгийн академик театр”, 2002 онд “Улсын драмын эрдмийн театр” хэмээн нэрлэжээ. Орчин үеийн драмын жүжгийн үндэс 1930-аад онд “театрын түр сургууль” байгуулагдсанаар тавигдаж 1931 онд Улсын төв театр болон зохион байгуулагдаж байв. Түүний дараа “Монгол хүү”, “Эрдэнэт соёмбын эзэн, эрэлхэг жанжин Сүхбаатар” зэрэг жүжгүүдийг тавьсан.