Халуун элгэн нутаг

Халуун элгэн нутаг дууны шүлгийг 1960 оны сүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа бичиж, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав аяыг нь зохиожээ. Уг дуу 1971 онд Төрийн шагнал хүртсэн.

БНМАУ-ын Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайхан анх энэ дууг дуулсан байна.

1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар энэ дуу XX зууны манлай дуу болжээ.

Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь зөвхөн Монголд бус халимаг, буриад, өвөр монголчууд дуулдаг, монгол туургатны сүлд дуу болсон.

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
  Цэцгийн шимийг тэтгэсэн
  Цэнгэлийн хавар айлчлахад
  Мөрөн голууд дуугаа дуулж
  Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
Сэрүүн салхи сэвшүүлэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь

Эл дуунд зориулсан хөшөөг иргэдийн хүсэлтээр 1999 онд Д.Батдоржийн эх загвараар бүтээж Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд, Гадаад харилцааны яамны баруун талд байрлуулсан. Монгол орны газрын дүрстэй төстэй хэлбэрийн хавтгай чулуун дээр дууны нэг бадагны үг, ноттой нь хамт сийлсэн байдаг. Хөшөө нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт, Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг байна.