Хавьер Сотомайор

Хавьер Сотомайор Санабриа (Испани: Javier Sotomayor Sanabria, 1967 оны 10 сарын 13-нд төрсөн) олимпын аварга, Кубын өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр 1.95 метр өндөртэй. Түүнийг бүх цаг үеийн шилдэг өндрийн харайгч гэж үздэг.

Хавьер Сотомайор

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Куба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хавьер Сотомайор Санабриа
Төрсөн огноо 1967 оны 10 сарын 13
Төрсөн газар Куба, Матансас муж, Лимонар
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 Өндрийн харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сидней 2000 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 1991 Өндрийн харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Штуттгарт 1993 Өндрийн харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Гётеборг 1995 Өндрийн харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 1997 Өндрийн харайлт

Сотомайор 1984 онд Хавана хотод 2.33 метр дээгүүр харайж өсвөрийн дэлхийн дээд амжилт тогтоосон боловч тэр жил Куба улс олимпыг бойкотлосны улмаас олимпод оролцож чадаагүй байна. Дараа жил нь танхимын ДАШТ-д 2.30 м-ийн амжилтаар мөнгөн медаль зүүв. 1987 онд Пан Америкийн наадамд тэргүүлж, томоохон тэмцээнээс анхны түрүүгээ авчээ. Улмаар 1988 онд Саламанкад 2.43 метр дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтыг эвдэв. Гэсэн ч Куба улс дахиад л олимпыг бойкотлосон тул олимпын аварга болох мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов.

Тэрээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг 2 удаа ахиулжээ. Эхлээд 1989 оны 7 сарын 29-нд Сан Хуанд 2.44 м-ийг давсан бол дараа нь 1993 оны 7 сарын 23-нд Саламанкад 2.45 м дээгүүр амжилттай харайжээ. Түүний тогтоосон энэ амжилт одоо болтол эвдэгдээгүй байна. Түүнчлэн 1989 оны 3 сарын 4-нд Будапешт хотноо танхимын дэлхийн дээд амжилтыг 2.43 м-ээр тогтоосон нь бас л эвдэгдээгүй байгаа.

1992 онд арай гэж анхныхаа олимпод оролцон, алтан медаль зүүв. Түүнээс хойш ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнийг "өндрийн харайлтын хаан" гэж нэрлэхэд хилсдэхгүй. Бүх цаг үеийн шилдэг 24 үзүүлэлтийн 17-г нь Сотомайор эзэмшдэг.

Сэргээшийн асуудал

засварлах

Сотомайор 1999 оны Пан Америкийн наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээнд унасан. Түүнээс кокайн илэрсэн байна. Фидель Кастро түүнийг өмгөөлж, "Энэ бол Куба-Америкийн мафийн явуулга" гэж мэдэгдэж байсан бөгөөд Сотомайор ч өөрийгөө буруугүй гэж зарлаж байсан. ОУХАХ-ноос түүний гавьяаг харгалзан үзэж, шийтгэлийн хугацааг богиносгон, 2000 оны олимпын наадамд оролцох боломж олгосон билээ.

Гэвч 2001 оны 6 сард бэлтгэлийн үеэр авсан шинжилгээгээр анаболик стеройд, нандролон илэрсэн юм. Спортод сэргээшийн асуудалд 2 удаа орооцолдсон тамирчныг бүх насаар нь тэмцээн уралдаанд орох эрхийг хасдаг. Сотомайор 2001 оны 9 сард, эрхээ хасуулахаасаа өмнө зодог тайлж буйгаа зарлажээ.

Хэдий тийм ч төрөлх Кубадаа тэрээр үндэсний баатрын хэмжээнд үзэгддэг.