Ути хаан

(Ути-с чиглүүлэгдэв)

Ути (хятадаар: 郁久閭 吳提; пиньинь: Yùjiǔlǘ Wútí) нь Нирун улсыг 429-444 оны хооронд захирч байсан. Датань хааны хүү. 429 оны намар Датань хаан таалал төгссөн учраас, хүү Ути нь хаан сууринд заларчээ. Түүх шастирт Ути хааныг Чилянь (Чилянь гэдэг нь тэнгэрийн гэсэн үг[1]) хэмээх цолтой байсан хэмээн тэмдэглэжээ.

Хаанчлалын үе

засварлах

Түүний захирсан улс нь 429 онд Тоба Вэй улстай хийсэн дайнд ялагдаж, харьяат аймгууд нь бослого гаргаж, улсын хүч доройтон 5 гаруй жил Вэй улстай найрамдалтай харилцахыг хичээж байв. Энэхүү ялагдлаас болж өмнө зүгийн харь улсууд руу чиглэсэн түрэмгий бодлого явуулах боломжгүй болсон үед 431 онд Вэй улс энэ давуу талыг ашиглаж, баруун талд оршиж байсан Ся улсыг байлдан эзлэв. Улмаар 436 онд Умард Лян улс, 439 онд Умард Лян улсыг Вэй улс түрэмгийлэн эзлэв.

Иймээс 431 онд Вэй улсад их хэмжээний бэлэг сэлттэй элч илгээснээс хойш дайнгүй тайван болов. 434 онд Вэй улсын Тоба Тао хааны Сихай гүнжийг Ути хаан хатнаа болгохоор гуйж, 2000 морь, их хэмжээний бэлэгтэй элч илгээхэд, Вэй улс зөвшөөрч илгээв. Үнэн хэрэгтээ энэ нь Вэй улсын хараат орон болохоо илэрхийлсэн явдал байлаа. Гэвч Вэй улсын Тоба Тао хааны баруун зүгийн улс аймаг руу холбоотон хайн илгээсэн элчүүийг Нируны цэргүүд барьж авсан нь хоёр улсын найрамдал цуцлагдахад хүрсэн. Ингэж 436 оноос Нирун улсын арми, Вэй улсын хойд хил рүү нэвтрэн довтлох болсон. Харин 438 онд Вэй улсын Тоба Тао хаан цэргийн хүчээ нэгтгэн, 3 замаар Нирун улсад дайран орсон. Гэтэл энэ удаагийн дайнд ундны усны хомсдолд орж, төөрч будилснаар ихэнх цэргүүд нь харангадаж үхсэн. Харин Тоба Тао хааны удирдсан цэргийн бүлэглэл нь Нируны түмэн морьт цэрэгт бут ниргүүлэн зугтан зайлав.

439 оны 6 сард Хүннүгийн Жючю аймгийг Вэй улс довтлоход тэд Нируны Ути хаанаас тусламж хүсжээ. Тиймээс Нирунчууд Вэйн нутагт халдаж, Ути хааны ах Цилегуй шилмэл морин цэргээр Цицешань уул хүрэн Вэйн нийслэл Пинчэн хотод дөхөв. Харин хаан өөрийн цэрэгтэй Тутуйшань ууланд Вэйн түшмэл Чансунь Даошэний цэрэгтэй тулалдсан байна. Гэвч Иньшань уулнаас хойш болсон тулалдаанд Нирунчууд ялагдаж хааны ах Цилегуй мөн хааны авга ах Таулуху болоод 500 жанжин цэргийн хамт олзлогдож, түм гаруй цэргээ алуулан их хохирол амсжээ. Баригдсан Цилегуй цзюйцюй нар биднийг баллалаа гэснийг Ути сонсоод гэдрэг буцжээ. Ути хаан 439 онд баруун газрын орнуудад элч илгээн Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элч дахин ирвэл битгий хүндэтгэгтүн хэмээн хэлүүлж байв. Учир нь Тоба Вэй улс 439 онд Хүннүгийн үлдэгдэл аймгуудыг довтлон Вэй улсын Хэсид нэгтгэснээр Түрэгийн ашина аймгын харъяат 500 өрх Нирун улсыг даган орж төмрөөр алба өргөх болжээ. Харин Вэй улс 439 онд олзлогдсон Цилегуйг 441 онд Шуофан ван (Одоогийн Ордос, Шаньсигийн хойд хэсэг, Ниншяг хамарсан хэсгийг “Шуофан” гэж байв) болгон өргөмжилсөн нь Нирун улсын удирдагчдыг хагаралдуулж, заримыг нь өөртөө татах бодлого явуулж байсныг харуулна.

440 оны үеэс Тоба Вэй улсын зүгээс Нирун улсыг бүрмөсөн эзлэн авахыг эрмэлзэн 443, 444 онд Нирун улсад халдан довтолсон ч, Ути хаан баруун зүгт зугтан зайлж чадсан. Харин энэ үеэс Вэй улсын цэргийн жанжид нь дайныг дэмжсэн болон эсэргүүцсэн гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, зарим үед эзэн хааныхаа бодлогоос зөрөх, товлосон хугацаанаас зориуд хоцрох мэтийн үзэгдэл өрнөж эхэлсэн. Харин 444 оны 9 сард Ути хаан тэнгэрт хальсан.

Өмнөх
Датань хаан
Нирун улсын хаан
429-444
Дараах
Тогочин хаан
  1. 藤田 豊八 (1923 05). "蠕蠕の国号及び可汗号につきて". 東洋学報 (япон хэлээр). 13 (1): 55–70. Эх хувилбараас архивласан: 2022-10-19. Татаж авсан: 2022-10-19. {{cite journal}}: Check date values in: |date= (help)