Уильям Жонс
Сэр Уи́льям Жонс (англи. Sir William Jones; 1746 оны 9-р сарын 28-нд Лондонд төрсөн —1794 оны 4-р сарын 27-нд нас барсан)—британий (уэльсийн) хэл зүйч, дорно буюу энэтхэг судлаач, орчуулагч бөгөөд Азийн нийгэмлэгийг үндэслэгч. Уламжлал ёсоор харьцуулсан түүхэн хэл шинжлэлийг үндэслэгч. Лондонгийн болон Эдинбургийн хааны шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн.
Намтар
засварлахУильям Жонс Лондон хотын Вестминстерт математикч Сэр Уильям Жонсын хүү болж төрсөн бөгөөд Жонсыг дөнгөж гурван настай байхад эцэг нь нас баржээ. Жонс бага наснаасаа хэл сурах ер бусын чадвараа харуулж, грек, латин, перс, араб хэл, мөн хятад хэлний үндсийг сурсан байна. Амьдралынхаа төгсгөлд тэрээр 13 гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг байв.
Жонс Английн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэгэнд (Харроу), дараа нь Оксфордод суралцаж, 1764 онд Их сургуулийн коллежийг төгссөн. 1763 онд Жонс шатрын шинэ бүтээлийн тухай өгүүлдэг "Каисса" хэмээх шүлэг латин хэлээр зохиосон (түүнээс хойш Каисса бурханыг шатарыг ивээн тэтгэгч гэж тооцогддог) байна.
Жонс тэтгэлэг авч байсан хэдий ч ядуу байсан бөгөөд Их сургуулиа төгсөөд зургаан жил багшилж, орчуулга хийж мөнгө олдог байсан бөгөөд дорно дахины филологич гэдгээрээ маш хурдан алдаршсан юм. Данийн VII Кристиан хааны хүсэлтээр тэрээр "Надир Шахын түүх"-ийг перс хэлнээс франц хэл рүү орчуулсан нь түүний дорно дахины түүх, уран зохиолын талаар нийтэлсэн олон бүтээлийн анхных нь болсон юм. Энэтхэг рүү явахаасаа өмнө Лондонгийн Хааны нийгэмлэгийн (Шинжлэх ухааны) гишүүн болсон.
1774 онд Жонс "Poeseos Asiaticae Commentariorum libri sex" (монгол. Азийн яруу найргийн тухай 6 дахь тайлбар) номоо хэвлүүлсэн бөгөөд энэ номонд араб, перс, хэсэгчлэн түрэг хэлний хэмжүүр, яруу найргийн тодорхойлолт, араб болон эртний яруу найргийн хэмжүүрүүдийн харьцуулалтыг харуулсан байна.
1770 онд Жонс хуулийн чиглэлээр гурван жил суралцаж төгссөн байна. Дараа нь тэрээр Уэльсийн тойргийн шүүгчээр ажиллахаар явсан бөгөөд тэндээсээ Парист очоод Америкийн хувьсгалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Бенжамин Франклинтай хамт ажиллаж байжэ. Эцэст нь 1783 онд тэрээр Калькутта дахь Бенгалын Дээд шүүхэд томилогдов.
Жонс Европын шинжлэх ухаанд бараг мэдэгддэггүй байсан Энэтхэгийн соёлыг шимтэн сонирхож байжээ. Тэрээр Энэтхэгийн амьдралын бүхий л талыг судлахыг дэмжсэн Бенгал Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Дараагийн арван жилийн хугацаанд Жонс түүх, хөгжим, уран зохиол, ургамал судлал, газарзүйн чиглэлээр асар их бүтээл туурвиж, Энэтхэгийн түүхийн олон чухал баримт бичиг, дурсгалуудыг англи хэл рүү орчуулсан.
Тэрээр Английн шинжлэх ухааны дорно дахины судлал, тэр дундаа Иран, Энэтхэг судлалын үндэслэгчдийн нэг гэгддэг байна. Энэтхэгт тэрээр санскрит хэлийг эзэмшиж, Энэтхэгийн эх сурвалж, тэр дундаа эртний "Ману цааз хууль" -ыг орчуулжээ.