Америкийн хувьсгал
Америкийн хувьсгал (Англи: American Revolution) - 1765-1791 оны хооронд Умард Америк дахь Их Британийн колониудын нутаг дэвсгэрт болсон улс төр, үзэл суртлын хувьсгал юм. Арван гурван колони дахь америкчууд Америкийн хувьсгалт дайнд (1775-1783) британичуудыг ялж, Британийн хаанчлалаас тусгаар тогтносон либерал ардчиллын зарчмууд дээр үндэслэсэн улсуудыг анх байгуулсан үйл явцын эхлэл байсан юм.
Үйл явц
засварлах1760-аад он хүртэл Британийн Америкийн колониуд дотоод хэрэгтээ бие даасан байдалтай байсан бөгөөд колонийн өөрийн хууль тогтоох байгууллагууд орон нутгийг удирддаг байжээ. Гэтэл 1760-аад онд Их Британийн парламент Умард Америкийн колонийн эрх баригчдыг Британиас шууд хяндаг байх, колонийн эдийн засгийг Их Британийнхтай улам бүр уялдуулах зорилготой хэд хэдэн актуудыг баталснаас эсэргүүцэл эхэлсэн байна. Америкийн колониудын шууд төлөөлөлгүй Их Британийн парламентын 1765 онд баталсан татвар авах тухай хууль (англи.The Stamp Act) энэхүү эсэргүүцэх үйл явцын галд тос нэмжээ.
Британийн парламентын татварын тухай энэхүү хууль Хойд Америкийн колониудад томоохон эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Парламентад өөрсдийн төлөөлөлгүйгээр колониуд татварын бүтэц, тэдгээрийг цуглуулах, зарцуулах зорилго, арга зүйд нөлөөлөх боломжгүй байв. Хотуудын гудамжинд Английн эсрэг жагсаал, цуглаан болж байв. 1770 онд Бостон хотод босогчид хотын захирагчийн харшийг сүйтгэжээ. Эсэргүүцлээ илэрхийлэхийн тулд колонийн Тивийн Конгресст өөрийн төлөөлөгчдийг илгээсэн нь Британийн засгийн газрын үйл ажиллагаанд Америк дахь бүх колониудын дургуй байгаагаа илэрхийлсэн, хамтарсан хариу үйлдэл болжээ.
Иймэрхүү эсэргүүцлүүд 1770 онд Бостоны үймээн, 1772 онд Род-Айлэнд орчим Британийн гаалийн «Гаспи» (англи. Gaspee) усан онгоцыг шатаах, 1773 онд Бостоны боомтод Английн цайтай ачааг устгах ("Бостоны цай уулт" гэж түүхэнд нэрлэсэн) зэрэгт хүргэж байжээ. Үүний хариуд Британийн эрх баригчид боомтыг хааж Массачусеттсийн колонид хатуу арга хэмжээ авч үндсэндээ эрх мэдлийг нь бүрэн гартаа оруулжээ. Гэтэл бусад колониуд Массачусеттсийн талыг тойрон хүрээлжээ. 1774 онд Тивийн Конгресс дээр колонийн удирдагчдын нэг хэсэг нь Их Британийн ирээдүйн эсэргүүцлийг зохицуулах зорилгоор өөрсдийн Засгийн газрыг байгуулсан байна. Зарим нэг хэсэг нь Британичуудыг дэмжиж "төвийг баримтлагч" болж байжээ.
1775 оны 4-р сарын 19-нд Британийн Жорж хааны цэргүүд Лексингтон, Конкорд дахь колонийн цэргүүдийн хангамжийг устгахыг оролдсоноор Америк, Британийн харилцааны хурцадмал байдал дээд цэгтээ хүрчээ. Сөргөлдөөн гүнзгийрсээр америкчууд (францууд нэгдэж холбоотон болсон) болон Их Британийн хоорондох Америкийн Тусгаар тогтнолын төлөө дайн (англ. American Revolutionary War буюу American War of Independence) болж хувирсан байна.
Арван гурван колони тус бүрд тус тусын Аймгийн Конгресс (англ. Provincial Congresses) байгуулагдаж, хуучин колоничлолын засгийн газрын эрх мэдлийг гартаа авчээ. Тэд мөн генерал Жорж Вашингтон тэргүүтэй Эх газрын армийг бүрдүүлсэн юм. 1776 оны 7-р сарын 2-нд Тивийн Конгресс Английн III Жорж хааныг колоничлогчдын (өөрөөр хэлбэл өөрсдийн ард түмэн) бүх эрхийг уландаа гишгэсэн дарангуйлагч гэж зарлав. Конгресс колониудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхагласан байна.
Эх газрын арми 1776 оны 3-р сард Британийн цэргүүдийг Бостон хотоос хөөн гаргасан боловч тэр зун Нью-Йорк болон түүний стратегийн ач холбогдолтой боомтыг дайны төгсгөл хүртэл алджээ. Британийн хааны тэнгисийн цэргийн хүчин зарим боомтуудыг эзэлж, Америкийн хотуудыг богино хугацаанд эзлэн авсан боловч британичууд Жорж Вашингтоны армийг ялж чадаагүй байна.
1783 оны 9-р сарын 3-нд Парисын энхтайвны гэрээнд гарын үсэг зурснаар дайн дуусч, шинэ үндэстэн Британийн эзэнт гүрнээс бүрэн тусгаарлагдсаныг баталгаажуулсан байна. АНУ Миссисипи мөрнөөс зүүн тийш, Их нууруудын өмнөд хэсэгт бараг бүх газар нутгийг хяналтдаа авсан бол Британичууд Канадыг, Испаничууд Флорида мужийг хяналтдаа авч үлджээ.
Үр дүн
засварлахХувьсгалын үр дүнд АНУ-ын Үндсэн хуулийг бий болгож, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салбарт хуваагдсан харьцангуй хүчирхэг Холбооны засгийн газар байгуулагдсан юм. Британийг дэмжсэн "Төвийг сахигч" 60,000 орчим хүнийг Канад руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлжээ.