Түрүү Лян
Түрүү Лян[1] гэх энэхүү вант улс нь зүүн Жинь улсын эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн хараат улс бөгөөд эзэн нь ван цолтой төдийгүй, Жинь улсын эзэн хаанаас соёрхсон Шипин гүн цолыг давхар хэрэглэж байв. Энэ улс нь одоогийн БНХАУ-ын Гансу муж, Ниншягийн ихэнх нутаг, Шаньши, Цинхай, Шинжааний зарим нутгийг багтаасан газар нутагт оршин тогтнож байв. Үндэслэгч Жан Мао нь анхандаа Жинь улсын Лянжоу мужийн цэргийн жанжин байжээ. Жан Маогийн талын бүлэглэл 320 онд Лянжоу мужид хяналтаа тогтоож, түүнийг мужийн захирагч, Шипин гүн болгож, Жинь улсын захиргааг хүлээн зөвшөөрч байв. Харин 322-323 оны хооронд Жан Маогийн арми Түрүү Жао улсын эсрэг дайн хийсэн ч, ялагдаж Жао улсын ноёрхолыг хүлээн зөвшөөрч хараат улс нь болсон. Ингээд найрамдалын гэрээ байгуулахад, Хань Жао улсын хаан Лю Яо нь Жан Маод Лян ван цол олгож түүний захирсан Лянжоу мужийг Түрүү Жао улсын вассаль болгохдоо Лян гэх хагас биеэ даасан улс байгуулжээ. Гэсэн хэдий Жан Мао ванг залгамжилсан Жан Жюнь, Жан Чонхуа, Жан Яолин нарын вангууд Жинь улсад үнэнч байж, Шипин гүн цолыг давхар хэрэглэж, Жинь улстай харилцаатай байж, Хань Жао, Хожуу Жао улсууд дотроо байлдан хямрах бүрт бослого гаргаж, Жинь улсад дагаар орохын төлөө тэмцдэг байв. Гэхдээ Лян улсын 5 дах ван Жан Зуо Жинь улсын ноёрхолыг эсэргүүцэж 354 онд Жинь улсын эрхшээлээс гарснаа тунхаглаж, өөрийн биеэ эзэн хаанд өргөмжилсөн цорын ганц ван байв. Жан Зуо 355 онд хорлогдож үхсний дараагийн Лян ван Жан Шюаньжин өмнөх вангийн зоригтой алхамын яг эсрэг үйлдэл хийж, дахин Жинь улсын ноёрхолыг хүлээн зөвшөөрч, ван цолоо хэрэглэх болсон. Тус улсын сүүлийн ван Жан Тяньши нь Түрүү Цинь улстай хийсэн дайнд ялагдаж 376 онд улс нь мөхөв.
Түрүү Лян 前涼, 西平
| |
---|---|
Нийслэл | Гүзан |
Албан ёсны хэл | эртний хятад хэл |
Угсаатны бүлгүүд (320 он) | Хань үндэстэн |
Төр засаг | Хаант засаглал |
• 320-324 | Жан Мао |
• 364-376 | Жан Тяньши |
320-376 | |
• Жан Мао Лян улсыг байгуулж, Ван цол хүртэв | 320 он |
• Түрүү Лян улс, Жинь улсын эрхшээлийн эсрэг тэмцэв | 354-355 |
• Түрүү Цинь улсад эзлэгдэв | 376 |
Түрүү Ляний вангууд
засварлахНас барсны дараах цол | Жинхэнэ нэр | Засаглалын хугацаа | Оны цол |
---|---|---|---|
Чэн | Жан Мао | 320-324 | Ёнюань 永元 320–324 |
Жунчэн | Жан Жюнь | 324-346 | Тайюань 太元 324–346 |
Хуань | Жан Чонхуа | 346-353 | Юнлө 永樂 346–353 |
- | Жан Яолин | 353-353 | - |
Вэй ван | Жан Зуо | 353-355 | Хөпин 和平 354-355 |
Жиндао | Жан Шюаньжин | 355-363 | Тайши 太始 355-356 |
Дао | Жан Тяньши | 364-376 | Тайчин 太清 364-376 |
Холбоотой хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ Түрүү Лян 前涼 гэдэг нь хожуу үеийн хятадын түүхчдийн оноосон нэр бөгөөд албан ёсны улсын нэр нь Лян 涼 юм. Учир нь хятадын Арван зургаан улсын үед Лян 涼 нэртэй 5 улс байдгаас нөгөө дөрвөн Лян улсаас урьд байсан тул Өмнөх Лян буюу Түрүү Лян гэж нэрлэжээ.