Тэмүдэр
Тэмүдэр (?-1322) бол Юань Улсын Төвлөн засах яамны баруун гарын чинсан, тайш, Тажи хатны дотны шадар түшмэл.
Товч түүх
засварлахӨлзийт хааны үед Сюаньхуй хүрээлэнгийн мэдэгч түшмэл, Тунжэн яамны мэдэгч түшмэл, Хүлэг хааны үед Тажи хатны ивээлд багтаж 1308 оны 4 сард Төвлөн засах яамны баруун гарын чинсан болов. Дараа нь Жянши синшэнгийн пинжан түшмэлээр томилогдов. Удсангүй Юньнань синшэний зүүн гарын чинсан болов. Буянт хааны үед Тажи тайхугийн нөлөөгөөр баруун гарын чинсан болов. 1315 оны 7 сард Тажи тайхугийн зарлигаар Сюаньжэнь яамыг хавсарган мэдүүлэв. 10 сард улсын тайшд өргөмжлөв. 1316 оны намар Тэмүдэрийн ятгалгаар Буянт хаан ах Хайсан Хүлэг хаантай хийсэн тангарагаас буцаж өөрийн хөвгүүн Шадбалыг Хунтайжд өргөмжлснөөр, Юань улсад хаан суурины төлөөх тэмцэл хурцдах эхлэл тавигдав. 1318 онд Юй ши дафу түшмэл Яньдорж, Сяо Байжу Хэ Шэн нарын түшмэд Буянт хаанд Тэмүдэрийн ялыг дурдсан бичиг өргөж түүнийг цаазаар авахыг хүссэнд, Тажи хуантайху энэ явдалд Тэмүдэрийг өмгөөлж, өөрийн хөвгүүн Буянт хаанд шахалт үзүүлэн тэдгээр бичиг айлтгасан ноёдын айлтгалыг хэрэгсэхгүй болгов.Удалгүй Тэмүдэрийг Хунтайжийн тайшийн тушаалыг давхар хариуцуулав. Буянт хаан өөд болсны дараа Тэмүдэр өмнө нь өөрийг нь дайсагнаж байсан Яньдорж, Сяо Байжу, Хэ Шэн нарын түшмэдийг баривчлан алав. Гэгээн хааны үед тушаалаас халав. 1322 онд Тэмүдэр нас барав. Түүнийг үхсний дараа Гэгээн хааны зарлигаар Тэмүдэрийн ялыг тоочиж, гэр бүлийнх нь эд хөрөнгийг хураан авч түүний талын ноёд сайдыг яллан шийтгэж эхэлжээ. 1323 оны 8 сард Тэмүдэрийн өргөмөл хөвгүүн Тэгш ноёноор удирдуулсан ноёд хуйвалдаан зохиож, хааныг 1323 оны 9 сарын 4-ний өдөр Шанду хотоос Даду орох замын нэгэн буудал Наньпугийн газарт Гэгээн хааныг алсан нь түүхэнд Наньпугийн хэрэг (монголоор Морин өвчүүний хэрэг гэдэг) гэж тэмдэглэгдэв.
Гэр бүл
засварлах- Өвөө: Болинжидай,
- Аав: Мурхочи
Тэмүдэр хоёр хөвгүүн, нэг өргөмөл хөвүүнтэй байсан.
Ахмад хөвүүн Бандан (Балдан?) нь Шуминюаний сайд байсан.
Отгон хөвүүн Суонань (Соном?) Юйшитайгийн түшмэл байсан. Наньпугийн хэрэгт оролцсон. 1324 онд Есөнтөмөр хааны зарлигаар цаазлуулсан.
Өргөмөл хөвүүн Тэгш нь зарга шийтгэх яамны сайд байхдаа 1323 оны 9 сард Гэгээн хааныг алж төрийн эргэлт хийгээд, жинь ван Есөнтөмөрийг их сууринд өргөмжлөн төрийн эрх барихыг оролдож байгаад 1323 оны 11 сард Ханбалиг хотод цаазлуулсан.