Хоёрдугаар сарын хувьсгал

Оросын 1917 оны Хоёрдугаар сарын хувьсгал (Орос: Февральская революция 1917 года) нь Хаант Орос Улсын хаант засаглалыг 1917 онд түлхэн унагасан хувьсгал юм. Энэхүү хувьсгалын нэр нь тухайн үед Орост хүчин төгөлдөр байсан Юлийн цагалбараар тооцогддог бөгөөд энэ цагалбарын дагуу тус хувьсгал нь 1917 оны 2-р сарын 23-нд эхэлсэн аж. Григорийн цагалбараар бол энэ нь гуравдугаар сарын 8 юм. Хувьсгал гарах шалтгаан нь Дэлхийн нэгдүгээр дайны улмаас бий болсон эдийн засгийн болоод зэвсэгт хүчний доройтол, ард түмний амьжиргааны дорд түвшин, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хомсдол, мөн түүнчлэн 1905 оны Оросын хувьсгалаас улбаалсан улс төрийн ба зохион байгуулалтын асуудлуудаас үүдэлтэй юм. Хоёрдугаар сарын хувьсгалын үр дүн нь оросын II Николай хаан ширээнээс бууж, Романовынханы хаанчлалыг дуусгасан явдал байсан юм.

Хаант засгийн цагдаа нар босогчдын өмнөөс довтолж буй нь

1917 оны Хоёрдугаар сарын хувьсгал нь Петроградын ажилчид ба Петроград гарнизоны цэргүүдийн засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцэл бослого болж Оросын хаант засаглалыг түлхэн унагаж, Георгий Львов гүн тэргүүтэй Оросын түр Засгийн газар байгуулж Орос дахь бүх хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг түүний гарт төвлөрүүлэхэд хүргэсэн юм.

Түр засгийн газар улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх, иргэний эрх чөлөөг хангах, цагдааг “ардын цэрэг”-ээр сольж, орон нутгийн засаг захиргааг шинэчлэх тухай зарласан.

Бараг нэгэн зэрэг хувьсгалт ардчилсан хүчнүүд зэрэгцээ эрх мэдлийн байгууллага болох "Петроградын Зөвлөл"-ийг байгуулсан нь давхар эрх мэдлийн нөхцөл байдалд хүргэсэн байна.

1917 оны 3-р сарын 1 (14)-нд Москвад, мөн 3-р сарын турш улс даяар шинэ засгийн газар эрх мэдлээ тогтоосон байна.

1917 оны сүүлчээр Петроград хотод болсон В.Ленин тэргүүтэй 10-р сарын зэвсэгт бослогын үеэр Түр засгийн газрыг түлхэн унагаж, Большевик нам улс төрийн эрхэнд гарсан юм. Энэхүү дараалсан хоёр хувьсгал нь Оросын төрийн бүтцэд эрс өөрчлөлтийг авчирсан байна. Хоёрдугаар сарын хувьсгал нь хаант засаглалыг түлхэн унагахад хүргэсэн бол "Октябрийн хувьсгал" нь Зөвлөлт засгийн эрхийг тогтооход хүргэсэн байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Хоёрдугаар сарын хувьсгал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан