Адай хаан (1376[баримт хэрэгтэй]/1390[3]-1438) 1390 онд төрж, 1425 оны хөхөгчин могой жилд хаан сууринд заларч, 1438 оны шар морин жилд тэнгэр болсон. Хаан 48 насалжээ. Түүний уг гарлыг Монголын түүхийн сурвалж бичиг Саган сэцэний Эрдэнийн товчид "Хорчин Отчигин эзний үр"[4], Мэргэн гэгээний Алтан товчид "Хавт Хасарын удам ... Томолху баатрын ганц хөвгүүн Турчиян түүрэг, түүний хөвгүүн Болд бух... түүний хөвгүүн Адай тайж... хөхөгчин могой жилд хаан ор суув"[5] гэдэг бол 16-р зуунд Хивийн султан Абулгази бахадурын бичсэн "The Shajrat Ul Atrak: Or, Genealogical Tree of the Turks and Tatars"-т "Өгэдэй хааны удам Актөмөр хааны[6] хүү"[7][8] гэж янз бүрээр тэмдэглэснийг үндэслэж орчин цагийн түүх судлалд Хасарын удам гэдэгт санал нэгддэг. Мөн Хархуцаг дүүрэнтөмөр хунтайжын хөвгүүн Ажай тайжтай их андуурч, хоёр өөр хүнийг нэг хүн гэж ойлгоход хүрсэн.

Адай хаан
Монголын хаан
Хаанчлал1425–1438
Хаан суусан1425
Бүтэн нэрАдай
Төрсөн огноо1376 он эсвэл 1390 он
Өнгөрсөн огноо1438
ӨмнөхДэлбэг хаан
УдаахТайсун хаан
ЭцэгБолд Бух[1]/Өрөгтөмөр[2]
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Намтар засварлах

Адай хаан нь тухайн үед Монголын хамгийн хүчирхэг эрх мэдэлтэн байсан Асуд аймгийн Аругтай тайшийн дэмжлэгтэйгээр 1425 онд Монголын хаан ширээнд суусан. Адай хаан, хаан суусны дараа Ойрадыг довтлон ялж, толгойлогч нарыг нь хөнөөгөөд, Ойрадын Батула чинсангийн эхнэр Самур гүнжийг эхнэрээ болгож, Батулагийн хүү Багмуг тогоон дор хөмөрч “Тогоон” хэмээх нэр өгөөд зарцлах болжээ. Гэвч Адай хаан Тогооныг эхийн нь хүсэлтээр суллаж, Ойрад руу буцаажээ.

Адайг хаан сууж байх хугацаанд төрийн хэргийг үнэн хэрэгтээ Аругтай тайш мэдэж байв. Баруун Монголчууд Адай хааныг хаанаа гэж бүрэн дүүрэн хүлээн авсангүй. Адайгийн зарлигаар олзноос мултран Ойрадад буцан ирсэн Тогоон тайш Хубилайн угсааны Ажай тайжийн Тогтобух, Агбаржин, Мандуул 3 хөвгүүнийг өөртөө татаж ашиглахыг зорьсон нь амжилттай болжээ. Тэгээд Тогоон 1438 онд Адай хааныг довтолсонд ямар ч сэжиггүй байсан Адай хаан, Аругтай тайш нар ордноосоо зугтаж, улмаар цэргээ цуглуулан эсэргүүцэн байлдсан боловч ялагджээ. Тогооны хүү Эсэн шилдэг цэргээр Аругтайг хөөж тулалдсаар Мон уулын Цагаан нуурын орчим Аругтайг устгажээ. Тогоон, Эсэн, Тогтобух нар Адай хаан, Доржбай жанжин нарын цэргийг бүслэн цохиж эхэлсэн ажээ.

Мин улс, Монголын эрх баригч нарын хямрал тэмцлийг ашиглан Адай хаан, Доржбай жанжин нарт хэргэм зэрэг амлаж, Мин улсын гадаад түшмэл болгох гэсэн боловч Адай хаан хүлээж аваагүй. Тэгэхэд Мин улс цэрэг хөдөлгөн Адай, Доржбай нарыг цохиулав. Ойрад, Мин улсын хамтарсан хүчинд цохигдож Доржбай жанжин амь үрэгдсэн. Адай хаан, Тогоонд баригдаад, урьд нь Тогооныг суллан Ойрад руу буцаасан ачийг минь санагтун гэсэн хэдий ч, Тогоон эцгийгээ хөнөөлгөсний өсийг дурдаж, 1438 онд Адайг өчиггүй цаазалжээ.

Өмнөх
Ойрадай хаан
Монголын Их Хаан
1425-1438
Дараах
Тайсун хаан

Эшлэл засварлах

  1. Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан. Их Монгол Улсын Үндсэн Алтан товч тууж оршвой. УБ., 2006. Монгол бичгээс хөрвүүлж, тайлбар хийсэн Д.Бүрнээ. т.76
  2. Shajrat Ul Atrak: Or The Genealogical Tree Of The Turks And Tatars P.220:“Twenty-first, Oodaie, the son of Ak Timoor…
  3. ., Саган сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. p. 111.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. ., Саган сэцэн (2006). М., Баярсайхан (ed.). Эрдэнийн товч. Улаанбаатар. p. 108.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. ., Мэргэн гэгээн Лувсандамбийням (2006). Д., Бүрнээ (ed.). Их Монгол улсын Алтан товч тууж оршвой. Улаанбаатар. pp. 75–76.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. Өрөгтөмөр
  7. Abulgazi, Bahadur khan (1838). The Shajrat Ul Atrak: Or, Genealogical Tree of the Turks and Tatars. London: W.H. Allen and co. p. 220.
  8. Ebülgâzî Bahadir Han (1838). The Shajrat Ul Atrak: Or, Genealogical Tree of the Turks and Tatars (in English). Harvard University. W.H. Allen and co.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)