Турк урсгал
Турк урсгал (Турк: TürkAkım эсвэл Türk Akımı, Орос: Турецкий поток) нь ОХУ-аас Бүгд Найрамдах Турк Улс руу Хар тэнгисийн ёроолоор татсан байгалийн хийн хоолой.
Анх 2000 оноос эхлэн Орос, Украины харилцаа бүх талаар муудсанаас улбаалж Оросын тал Европ руу байгалийн хий экспортолох шинэ суваг эрэлхийлж эхэлсэн түүхтэй юм. Ингэж явсаар Турк Улстай яриа хэлэлцээ өрнүүлж тохиролцоонд хүрч энэхүү хийн хоолойны эхний шугам нь Туркийн Европ тив дэх хэсэгт, хоёр дахь нь Украиныг тойрч Өмнөд болон Зүүн Өмнөд Европын орнуудын хэрэглэгчдийг байгалийн хийгээр хангахаар болсон байна.
Технологийн хувьд энэ төсөл анх удаа 39 мм зузаантай 813 мм диаметрын хийн хоолойг 2200 метр далайн гүнээр 930 км, хуурай газраар 190 км буюу нийт 1100 км урт үргэлжлэх хоёр шугамаар жилдээ нийт 31,5 тэрбум шоо метр хий (хоолой тус бүр 15,75 тэрбум шоо метр) дамжуулах дундаж хүчин чадалтай ажээ.
«Турк урсгал» ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дахь Анапа хотоос холгүй Оросын байгалийн хийн тээврийн нэгдсэн системд холбогдсон “Орос” /Русская/ хэмээх 224 МВт хүчин чадалтай Компрессорын станцаас эхэллээ авч, Туркийн Стамбул хотоос 100 км зайд орших хүлээн авагч Терминалд хүрдэг маршруттай төсөл юм.
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ОХУ, БНТУ-ын Засгийн газар хоорондын “Турк урсгал” төслийн тухай Хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
2016 оны 12 дугаар сард “ГАЗПРОМ”-ын охин компани “South Stream Transport B.V.” болон Түркийн “Allseas Group S.A.” хооронд “Турк урсгал”-ын хийн хоолойн далайгаар тавих эхний шугамын 2017 оны 2 дугаар сард мөн хоолойн хоёрдугаар шугамын барилгын ажлын гэрээнд тус тус гарын үсэг зуржээ.
2017 оны 5 дугаар сарын 7-нд Оросын талын Хар тэнгисийн эрэг дээр “Турк урсгал”-ын хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлжээ. Далайн ёроолоор хоолой тавих ажлыг Оросын тал дангаараа, хуурай газраар тавих барилгын ажлыг хоёр тал хамтран гүйцэтгэсэн байна.
2018 оны 11 дүгээр сард хийн хоолойг далайн ёроолоор тавих барилгын ажил дуусаж, 2019 оны 12 дугаар сарын эхэнд төслийн дагуух барилгын бүх ажил дуусанаар Оросын хийг хоолойгоор шахахад бэлэн болжээ.
2020 оны 1 дүгээр сарын 8-нд Стамбул хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган нар “Турк урсгал” -ын байгалийн хий дамжуулах нээлтийн ёслолын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг ёслолын арга хэмжээнд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов нар оролцсон байна.
“Турк урсгал” төсөл 7 тэрбум орчим ам.долларын (зарим эх сурвалжаар 7 тэрбум евро гэж байгаа) өртөгөөр баригдсан бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 5 жилийн дараа өртгөө нөхнө гэж оросын “Газпром” тооцоолж байгаа ажээ.