Сэрсэн тал
Сэрсэн тал -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шаравын хөгжмийн бүтээл.
1984 онд “Сэрсэн тал” зохиолоо бичсэн нь өнөөг хүртэл эгшиглэж байна. Тухайн жилдээ Улс тунхагласны 60 жилийн ойн хүрээнд нийт 150 хүнтэй найрал хөгжимчид алдарт Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамьянгийн Чулууны удирдлагаар "Сэрсэн тал"-ыг анх тоглож байжээ.
“Миний бага насны амьдралтай холбоотой. Захиалагчийн санаа юу байсан бэ гэхээр, ерөөсөө л Монгол орны сэрж буй амьдрал. Талд амьдрал сэрж байгаа тухай. Тэр дотор наадам ч орно. Монголын ард түмний сэрж байгааг, хийж бүтээх зориг, эрмэлзлийг дүрслэх учиртай байсан. Одоо наадмаар морь уралдахад "Сэрсэн тал" байнга явж байдаг. Хурдан морины уралдаантай сайхан таардаг” хэмээн уг аялгууг зохиогч Б.Шарав дурсан ярьж байжээ.
Харин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүний тухай “1984 оны есдүгээр сард би улс тунхагласны 60 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар томилогдоод сургууль төгсч ирээд удаагүй байсан Б.Шаравтай уулзаж монголчуудын ололт амжилтыг илэрхийлсэн хөгжим бичээч гэж захиалга өгсөн. Б.Шарав тэр дагуу их цөөхөн хоногт энэ хөгжмийг бичсэн байна. Ноот дээрээ ямар нэг нэр тавиагүй, удиртгал гэж бичсэн байсаныг Ардын жүжигчин Ж.Чулуун багш хөгжмийг нь үзээд концертдоо тохируулж нэр өгөх хэрэгтэй юм байна гээд “Сэрсэн тал” гэсэн нэр өгсөн ажээ. Ингээд 1984 оны 11-р сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн концертод орчин цагийн Монголд анх удаа 150 хүнтэй үндэсний найрал хөгжим ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар энэ хөгжмийг анх тоглосон түүхтэй ажээ.