Сумалагу (хятадаар: 苏麻喇姑; пиньинь: Sūmálàgū; монголоор: Sumal) (1615 – 1705) буюу Сумала нь Манж Чин гүрний Бумбутай хатны шадар туслах, Эеэр засагч хаан, Энх амгалан хаан, лү чин ван Юньтао нарын өрлөг эх, сурган хүмүүжүүлэгч юм. Монголын Хорчин аймгийн хүн.

Сумалагугийн хөрөг

Товч намтар

засварлах

Сумал гэдэг нь монгол хэлээр ноосоор нэхсэн тариа будаа агуулах өрмөг уутыг[1] хэлдэг бөгөөд, манж хэлэнд Сумала[2] гэж бичих хэдий ч утга нь ижилхэн байдаг. Харин гу (姑) гэдэг нь хятадаар настай эмэгтэй хүнийг дуудах авгайлах үг. Нийлүүлж хэлбэл Сумала эгч гэсэн үг юм.

Сумала нь хорчин аймгаас Бумбутай хатныг дагаж манжийн хааны ордны авхай болж ирээд хатны ойрын шадар туслах нь болжээ. 1636 онд Дээд эрдэмт хааны зарлигаар манжийн хаад ноёд, хатдын хувцас малгай, тэдгээрийн хээ чимэглэлийг урлахад Сумала оролцжээ. Тэрээр Эеэр засагч хаан, Энх амгалан хааныг өсгөн хүмүүжүүлэн, улмаар 1687 онд Бумбутай хатныг өөд болсны дараа Энх амгалан хааны 12-р агь Юньтаог төрснөөс нь хойш өсгөн хүмүүжүүлж, нас барах хүртлээ амьдарч байсан. Сумала нь Чин гүрний түүхэнд хааны угсааных биш хэрнээ гэгэ цол хүртсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Учир нь гэгэ цолыг зөвхөн манжийн хааны охид гүнж нар хэрэглэж байсан. 1705 онд 90 настайдаа өөд болоход нь Чингийн зүүн бунханд татвар эмийн ёсоор оршуулсан нь тэрээр хааны гэр бүлд онцгой байр суурь эзэлж байсныг харж болно.

Кино урлагт дүрсэлсэн нь

засварлах
Он Киноны нэр Жүжигчин
1987 Ман Чин ши сан хуан чао (滿清十三皇朝) Жоу Мэйлин
1993 Канши дади (康熙大帝) Жу На
2001 Энх амгалангийн төр Ру Пин
2002 Сяожуань миши (孝庄秘史) Ху Жин
2018 Сумоэр чуань ци(苏茉儿传奇) Ду Руоши
  1. https://mongoltoli.mn/dictionary/detail/79520
  2. H.Kuribayashi, Hurelbator. Manchu-Mongolian-Chinese Triglot Dictionary of 1780. Arranged by Manchu Words. (CNEAS Monograph Series No.30). Sendai. 2008. pp.457