Сугарын Эрдэнэцэцэг

Сугарын Эрдэнэцэцэг бол 1969 онд Улаанбаатар хотод төрсөн Монгол Улсын Гавьяат Жүжигчин, уртын болон зохиолын дуучин юм. 1992-2001 он хүртэл МУГЖ, дуучин У.Далантайн хамт "Сэтгэлийн үг, Учрах тавилан, Сэтгэлийн булаг" зэрэг дууг хослон дуулснаар Монгол даяар танигдсан алдарт дуучин болсон.

1988 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Чуулгад өлгүүрчнээр ажилд орж, 3 сарын дараа тус чуулгын дуучны шалгалтад тэнцэж, гоцлол дуучин болсон. 1990-ээд оны эхээр Монголын уран сайхны "Би эндээс явахгүй", "Эргүүлэг" зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, "Догшин хутагтын сахиус" киноны Мядаг, "Хааны сүүлчийн хатан" киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай бүтээсэн. [1]

"Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа, "Сүнжидмаа" дуулалт жүжгийн Дэжид зэрэг гол дүрд тоглож, "Нарны домог", "Бөртэ чоно" зэрэг бүжгийн жүжгүүдэд жүжиглэсэн байна. Мөн чуулгынхаа томоохон уран бүтээл болох "Монгол түмний дуулал 1, 2", "Монгол түмний ая эгшгийн зээ нийлэх найр" зэрэг олон концертод "Дөрвөн цагийн тал", "Дэлхий минь, хүмүүс минь", "Насны хань" зэрэг 150 шахам дууг чадварлаг гоцлон дуулсан.[2] 2004 онд Улаанбаатар хотноо болсон "Зууны манлай уртын дууч" Ж.Дорждагвын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан уртын дуу дуулаачдын олон улсын наадмын тэргүүн шагнал алтан медаль, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон уртын дуу дуулаачдын олон улсын наадмаас тэргүүн шагнал Гран при хүртсэн чадварлаг дуучин юм.[2]

2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн №93 тоот зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнагдсан.[3]

Уран бүтээл

засварлах
  • 1993 онд Сэтгэлийн үг - У.Далантайтай хамтран дуулсан
  • 1996 онд Сэтгэлийн булаг - У.Далантайтай хамтран дуулсан
  • Учрах тавилан - У.Далантайтай хамтран дуулсан
  • 1997 онд Цагаан дуганы гэгээ - киноны дуу, У.Далантайтай хамтран дуулсан
  • Итгэл сэтгэл - У.Далантайтай хамтран дуулсан
  • Хайрыг хүндэтгэж яваарай - У.Далантайтай хамтран дуулсан
  • "Дөрвөн цагийн тал"
  • "Дэлхий минь, хүмүүс минь"
  • "Насны хань"
  • "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа
  • "Сүнжидмаа" дуулалт жүжгийн Дэжид
  • "Их хатад" бүжгийн жүжгийн Чимбай хатан
  • "Нарны домог"
  • "Бөртэ чоно"
  1. "53 настай С.Эрдэнэцэцэг гавьяат залуу байхын нууцаа дэлгэв". tac.mn. 2022-01-05. Татаж авсан: 2024-04-14.
  2. 2.0 2.1 ""Эмээ" болсон С.Эрдэнэцэцэг гавьяат "мөнхийн залуу" эмэгтэйчүүдийн эгнээнд элсэв". tac.mn. 2023-02-02. Татаж авсан: 2024-04-14.
  3. "Монгол улсын гавьяат жүжигчин", Википедиа нэвтэрхий толь, 2023-10-06, Татаж авсан: 2024-04-14