Рене Груссе
Рене Груссе (франц: René Grousset) (1885 оны 9 сарын 5 – 1952 оны 9 сарын 12) нь францын дорно дахин судлаач, урлаг судлаач, Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, түүхч хүн юм.
Намтар
засварлахГруссе нь 1885 онд Гар департментийн Обе хотод төрж, Монпельегийн их сургуулийг түүхийн мэргэжлээр төгссөн. Тэрээр Дэлхийн 1-р дайны үед Францын армид алба хааж байсан. 1925 онд Парисын Гиме музейн туслах консерватор, Журнал Азиатик (Journal asiatique) сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
1933 онд тэрээр Парис дахь Чернускийн музейн захирал, Азийн урлагийн танхимийн эрхлэгчээр томилогдсон. Тэрээр Дундад зууны үеийн Хятадын буддын шашны лам Сюанзангийн тухай томоохон бүтээл туурвиж, Сюаньзангийн Энэтхэгийн хойд нутгийн Буддын шашны Наланда хийдэд хийсэн айлчлалын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.
Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө Груссе өөрийн хамгийн чухал хоёр бүтээл болох "Загалмайтны аян дайн ба Франц, Иерусалимын хаант улс" (Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem) (1934-1936) болон "Тал нутгийн эзэнт гүрэн: Аттила, Чингис хаан, Доголон Төмөр" (L'empire des steppes : Attila, Gengis-Khan, Tamerlan) (1939) номоо хэвлүүлжээ.
Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Вици Францын засгийн газрын ноёрхолын үед музейн ажлаас гарч, судлагаа шинжилгээний ажилдаа анхаарч, Хятад-Монголын түүхтэй холбоотой 3 боть ном хэвлүүлжээ. Дайны дараа Чернускийн музейн эрхлэгчийн ажилдаа эргэн орж, Гиме музейн эрхлэгчийг албан тушаалыг давхар хариуцсан. 1946 онд тэрээр Францын ШУА-ийн гишүүн болсон. 1946-1949 оны хооронд Бага Ази, Ойрхи Дорнодын түүх соёлтой холбоотой 4 бүтээл хэвлүүлсэн. 1952 онд Парис хотод 67 насандаа таалал төгсөв.
Хэвлүүлсэн бүтээл
засварлах- 1922 – Азийн түүх (Histoire de l'Asie)
- 1923 – Дорно дахины философийн түүх (Histoire de la philosophie orientale)
- 1924 – Ази тивийн сэргэлт (Le réveil de l'Asie)
- 1926 – Загалмайтны домог (L'épopée des Croisades)
- 1928 – (La Grèce et l'Orient, des guerres médiques à la conquête romaine)
- 1929 – Алс дорнын түүх (Histoire de l'Extrême-Orient)
- 1929 – Буддагийн замаар, 7-р зууны буддын урлаг (Sur les traces de Bouddha, tableau du VIIe siècle bouddhique) (Англи хэлээр)
- 1929–1930 – Дорнын соёл иргэншил (Les civilisations de l'Orient)
- 1931 – Энэтхэгийн философи (Les philosophies indiennes)
- 1934–1936 – Загалмайтны аян дайн ба Франц, Иерусалимын хаант улс (Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem)
- 1936 – Дорно дахины урлаг: Ландшафт, цэцэг, амьтан (L'art de l'Extrême Orient : paysages, fleurs, animaux)
- 1937 – 14-р зууны Венецээс Бээжин хүртэл: Порденоны Одорик (De Venise à Pékin au XIVe siècle : Odoric de Pordenone) (Х.Демолин-Бернардын хамтын бүтээл)
- 1939 – Энэтхэг, Хятадын уран баримал (Les sculptures des Indes et de la Chine)
- 1939 – Тал нутгийн эзэнт гүрэн: Аттила, Чингис хаан, Доголон Төмөр (L'empire des steppes : Attila, Gengis-Khan, Tamerlan)
- 1941 – Монголын эзэнт гүрэн (L'empire mongol)
- 1941 – Зүүн Ази, 15-р зууны эхэн (L'Asie orientale, des origines au XVe siècle) (хамтын бүтээл)
- 1942 – Хятадын түүх (Histoire de Chine)
- 1944 – Ертөнцийг байлдан дагуулагч: Чингис хаан (Le conquérant du monde : vie de Gengis-Khan)
- 1945 – Зүүн Европ: 1081-1453 он хүртэл (L'Europe orientale de 1081 à 1453) (хамтын бүтээл)
- 1946 – Левантын эзэнт гүрэн: Дорно дахины түүхийн асуудал (L'empire du Levant : histoire de la question d'Orient)
- 1946 – Түүхийн тойм (Bilan de l'histoire)
- 1947 – Арменийн түүх, 1071 он хүртэл(Histoire de l'Arménie des origines à 1071)
- 1948 – Грекээс Хятад хүртэл (De la Grèce à la Chine)
- 1949 – Дарангуйлагчид (Figures de proue)
- 1950 – Анхны соёл иргэншил (Les premières civilisations) (хамтын бүтээл)
- 1950 – Энэтхэгээс Камбож, Ява руу(De l'Inde au Cambodge et à Java) (хамтын бүтээл)
- 1951 – (Хятадаас Япон руу)