Редакторлах зүйн онол дадлага
“Редакторлах зүйн онол дадлага” (УБ. 1996. 8,7 х.х.). Доктор Л.Норовсүрэнгийн бичсэн энэ бүтээл нь сонин, сэтгүүл, ном хэвлэлийн редактор, практик сэтгүүлчид, их дээд сургуулийн оюутан, сэтгүүлч, ном хэвлэлийн редакторын ангийн оюутнуудад зориулсан редакторлах зүйн чиглэлээр бичигдсэн анхны сурах бичиг юм. Номыг доктор М.Зулькафиль хянан тохиолдуулсан байна.
Бүтэц
засварлахДөрвөн бүлэг, 20 хэсгээс бүрдсэн энэ бүтээлд редакторлах зүйн тухай ойлголт, зорилго, редакторлах зүйн үүрэг, зарчим, ном, тогтмол хэвлэлийн редакц, түүний зохион байгуулалт, редакторын ур чадвар, эх бичвэрийг редакторлах үе шат, түүний логик үндсүүд, сонины хэл найруулга, хяналтын тэмдэг зэрэг асуудлыг тодорхой жишээ баримтын үндсэн дээр тайлбарлан тусгасан байна.
Тойм
засварлахСонины нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн чанар, ур чадвар, үр нөлөө нь редакторлах ажлаас ихээхэн шалтгаалах учир аливаа редакцид ажиллаж буй уран бүтээлчийн давын өмнө эзэмших урлаг бол өөрийн болон бусдын бүтээлийг хянан найруулж, агуулга хэлбэрийн өндөр төвшинд бэлтгэх чадвар байдаг. Ийм чадвар эзэмшихэд редакторлах зүйн онол, практикийн бүтээл чухал нөлөөтөй юм.
Зохиогч “Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, гадаадад нээлттэй эдийн засгийн бодлого явуулж эхэлснээр ном хэвлэлийн салбарт дэлхийн тэргүүний технологи нэвтэрч, ном зохиолын агуулга, уран сайхны төвшинд ахиц гарч, чөлөөт ардчилсан тогтмол хэвлэл олон ургальч үзлийн жинхэнэ индэр, олон түмний санаа бодлыг илэрхийлэх замаар дөрөв дэх засаглалын үүргийг биелүүлэх хэрэгсэл болж эхэлжээ. Ийм нөхцөлд ном, тогтмол хэвлэл, ерөөсөө утга зохиолын үйл хэргийг улам боловсронгуй болгох шаардлага нэмэгдэж байна. Энэ зорилгыг редакторлах зүй хэрэгжүүлдэг” (63.4) гэж номын оршилд онцлон тэмдэглэсэн байна.
Монгол улсад
засварлахМонгол оронд сэтгүүл зүйн сургалт эхлээд 40 гаруй жил болж байгаа боловч ном хэвлэлийг редакторлах арга зүйн талаар дорвитой бүтээл гараагүй, 20 гаруй их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэдэг боловч редакторлах зүйн үндсийг огт судлахгүй буюу судалсан ч ор нэрийн төдий үзэж, оюутанд үзүүлж судлуулах гарын авлага ч үгүй байгаа өнөөгийн нөхцөлд редакторлах зүйн онол, практик, арга зүйн асуудлыг өргөн хүрээнд тусгасан профессор Л.Норовсүрэнгийн сурах бичгийн ач холбогдол өндөр юм.