Радослав Сикорски
Радослав Томаш Сикорски (польш. Radosław Tomasz Sikorski, польш хэлээр Широкски гэж дуудна. 1963 оны 2-р сарын 23-нд Польшийн Быдгош хотод төрсөн) — Польшийн улс төрч, сэтгүүлч, улс төр судлаач.
2005–2007 онд Польшийн Батлан хамгаалахын сайд, 2007 оны 11-р сараас 2014 оны 9-р сар хүртэл, 2023 оны 12-р сараас Дональд Тускийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд. 2007 он хүртэл Польшийн "Хууль зүй, шударга ёс" намын гишүүн байсан, өдгөө "Иргэний платформ" намын гишүүн. 2023 оны 12-р сараас Дональд Тускийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд.
Намтар
засварлахР.Сикорски Быдгош хотод төрөөд тэндээ ахлах сургуульд сурч байсан. "Эв санааны нэгдэл"-ийн хөдөлгөөний үеэр 1981 оны 3-р сард сургуулийнхаа ажил хаялтын хороог удирдаж байсан.
1981 оны 6-р сард тэрээр Англи хэл сурахаар Их Британи руу явсан. 1981 оны 12-р сард Польшид цэргийн байдал зарласны дараа түүнд 1982 онд Британид улс төрийн орогнол олгосон байна. Улмаар тэрээр Оксфордын их сургуулийн Пемброк коллежид (англи. Pembroke College, Oxford) философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж 1986 онд төгссөн.
1987 онд Радослав Сикорски Их Британийн иргэншилтэй болж, 2005 онд Польшийн Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа 2006 онд Британий иргэншилээс татгалзсан байна.
1986 онд Афганистанд " The Spectator" болон "The Observer" зэрэг английн сонины, 1989 онд амеркийн "National Review" сэтгүүлийн цэргийн сурвалжлагчаар Афганистан болон Анголд ажиллаж байсан.
Сикорски 1989 оны 8-р сард Польшид буцаж ирсэн байна. Тэрээр 1992 онд Ян Олшевскийн Засгийн газарт Батлан хамгаалахын дэд сайдын албыг богино хугацаанд хашиж, Польшийн НАТО-д элсэх анхны оролдлогыг эхлүүлсэн байна. 1998–2001 онд Сикорски Ежи Бузекийн засгийн газрын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж, эхлээд Бронислав Геремек, дараа нь Владислав Бартошевскийн орлогчоор ажиллаж байжээ. Тэрээр польшийн Консулын газрыг удирдаж, хилийн чанад дахь польшуудад үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийг эхлүүлсэн юм. Тэр энэ хугацаанд Польш улсын Ази, Африк, Латин Америкийн орнууд, Сингапур, Израиль зэрэг орнуудтай зорчих визийг цуцлах Хэлэлцээрүүдийг байгуулсан. Мөн тэрээр Дорнод дахь польшуудад туслах сангийн хүндэт даргаар ажиллаж байсан.
1990–1991 онд тэрээр "The Sunday Telegraph" сонины Варшав дахь сурвалжлагчаар ажиллаж байжээ. Тэрээр Польшийн олон нийтийн телевизийн "Сарын шилдэг ярилцлага" нэвтрүүлгийн зохиогч байсан бөгөөд Маргарет Тэтчер, Лех Валенса, Вацлав Клаус, Отто фон Хабсбург, Хэнри Киссинжер, Цянь Чичен болон бусад алдартнуудаас ярилцлага авч байсан.
2002–2005 онд Сикорски Вашингтон дахь Америкийн аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн байнгын төлөөлөгч, Шинэ Атлантын санаачлагын гүйцэтгэх захирал байсан.
2005–2007 онд Польшийн Батлан хамгаалахын сайд.
2007–2014 онд Польшийн Гадаад харилцааны сайд.
2014–2015 онд Польшийн парламент "Сейм"-ийн маршал буюу дарга.
2015 оны 11-р сарын 6-нд Сикорски Харвардын их сургуулийн Европ судлалын төвийн ахлах ажилтанаар томилогдсон. Тэрээр мөн Стратегийн болон олон улсын судалгааны төвийн дэргэдэх Бжезинскийн нэрэмжит геостратегийн хүрээлэнгийн төрийн гавьяат зүтгэлтэн юм.
2019–2023 онд Европын парламентын гишүүнээр сонгогдон ажилласан.
2023 оны12-р сарын 13-наас Дональд Тускийн засгийн газарт Гадаад хэргийн сайдаар дахин томилогдсон.
Гадаад хэргийн сайдын хувьд анхны айлчлалаа Украинаас эхлүүлсэн байна.