Пётр Капица
Пётр Леонидович Капица (1894 оны 6-р сарын 26-д Оросын хаант улсын Кронштадт хотод төрж, 1984 оны 4-р сарын 8-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Орос, Зөвлөлтийн физикч, инженер. 1978 оны физикийн Нобелийн шагналтан. 1945, 1974 онд хоёр удаа ЗХУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан.
Намтар
засварлахТүүний эцэг польш гаралтай Леонид Петрович Капица, цэргийн инженер, Кронштадт цайз барьсан байгуулсан хүмүүсийн нэг. Эх нь Ольга Иеронимовна, хэл зүйч, хүүхдийн уран зохиолын мэргэжилтэн.
1912 онд Петр Капица Кронштадт дахь дунд сургуулийг төгсөөд Санкт-Петербургийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн факультетэд элсэн орсон. Политехникийн сургуульд физикийн хичээл зааж байсан Абраам Иоффе түүнийг эхний курсээс анхаарч эхэлжээ. Тэрээр Капицаг лабораторид судалгаа хийх ажилд татаж оруулсан байна. 1914 онд Капица англи хэл сурахаар зуны амралтаараа Шотланд руу явахад дэлхийн нэгдүгээр дайн эхэлж тэрээр харьж чадахгүй байж байгаад Петроград руу 1914 оны 11-р сард л буцаж ирж чадсан байна. 1915 онд тэрээр сайн дураараа Баруун фронт руу түргэн тусламжийн жолоочоор очиж ажилласан.
Тэрээр 1916 онд Надежда Кирилловна Черносвитоватай гэрлэв. 1919-1920 оны өвөл тархсан испани ханиадын цар тахлаар Капица эцэг, хүү, эхнэр, дөнгөж төрсөн охиноо алджээ.
1921 онд түүнийг Англи руу илгээснээр Кавендишийн лабораторт Эрнест Резерфордын удирдлага дор ажиллах болов. 1922 онд Кембрижид докторын зэрэг хамгаалжээ.
1925 оны 1-р сараас Капица Кавендишийн соронзон судалгааны лабораторийн дэд захирал болсон. Улмаар 1929 онд Капица Лондоны Хааны нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр сонгогджээ.
1927 онд тэрээр хоёр дахь удаагаа, Анна Алексеевна Крылова (1903—1996)-тай гэрлэсэн юм.
1934 он хүртэл тэрээр Лондонд амьдарч хааяа ЗХУ-д ирж гэр бүл, найз нөхөдтэйгээ уулздаг байв. Гэвч ЗХУ-ын удирдлага түүнийг буцахыг хориглож, эх орондоо үлдэхийг санал болгосон байна. ЗХУ-ын эхний сарууд хэцүү байсан - ажил байхгүй, ирээдүйд итгэлгүй байж эхтэйгээ хамт нийтийн байранд давчуу нөхцөлд амьдрах шаардлагатай болсон гэдэг.
1934 оны 12-р сарын 23-нд Вячеслав Молотов ЗХУ-ын ШУА-ийн бүрэлдэхүүнд Физикийн асуудлын хүрээлэнг байгуулах тухай зарлигт гарын үсэг зурав. 1935 оны 1-р сарын 3-нд "Правда", "Известия" сонинууд Капицаг шинэ хүрээлэнгийн захирлаар томилсон тухай зарласан ажээ. 1935 оны эхээр Капица Ленинградаас нийслэл Москва руу нүүж, түүнд үйлчлэх машин гаргаж өгчээ. 1935 оны 5-р сард Физикийн хүрээлэнгийн лабораторийн барилгыг барьж эхлэв. Английн Рутерфорд, Коккрофт нартай нэлээд хэцүү хэлэлцээ хийсний дараа (Капица тэдэнд оролцоогүй) лабораторийг ЗХУ-д шилжүүлэх нөхцөлийн талаар тохиролцоонд хүрэв. 1935-1937 оны хооронд Англиас Капицагийн шаардсан бүх тоног төхөөрмжийг авчруулж ирж чадсан байна.
Дайны жилүүдэд Физикийн хүрээлэнг Казань хот руу шилжүүлжээ. Дайны үед агаараас шингэн хүчилтөрөгч үйлдвэрлэх хэрэгцээ (ялангуяа тэсрэх бодис үйлдвэрлэхэд) эрс нэмэгдэж, Капица өөрийн бүтээсэн хүчилтөрөгчийн криоген үйлдвэрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажилласан байна.
Үүний зэрэгцээ, 1945 оны хоёрдугаар хагаст, дайн дууссаны дараа Зөвлөлтийн "атомын төсөл" идэвхтэй үе шатанд оров. 1945 оны 8-р сарын 20-нд Лаврентий Берия тэргүүтэй ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн дэргэд Атомын тусгай хороо байгуулагдав. Тус хороонд анх хоёр физикч багтсан байв.
1.Курчатовыг бүх ажлын шинжлэх ухааны удирдагчаар томилов;
2.Капица Цөмийн физикийн чиглэлээр мэргэшээгүй боловч ураны изотопыг ялгах бага температурт технологи хянах ёстой болжээ.
Игорь Курчатов, Капица хоёулаа тусгай хорооны Техникийн зөвлөлийн гишүүд бөгөөд үүнээс гадна И.К.Кикоин, А.Ф.Иоффе, Ю.Б.Харитон, В.Г.Хлопин нар уригдаж орсон байна. Капица Л.Бериягийн удирдлагын арга барилд сэтгэл дундуур болж, Улсын аюулгүй байдлын ерөнхий комиссарын талаар хувийн болон мэргэжлийн хувьд маш шударга, хурцаар харьцдаг байжээ. 1945 оны 10-р сарын 3-нд Капица И.Сталинд захидал бичиж, хорооны ажлаас нь чөлөөлөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу ирээгүй байна.
Дайны дараа түүнийг ажлаас нь халсан бөөөд 1953 онд Иосиф Сталиныг нас барсны дараа ажилд эргүүлэн томилжээ.
Амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл Капица шинжлэх ухааны үйл ажиллагааг сонирхож, лабораторид үргэлжлүүлэн ажиллаж, Физик асуудлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв.
1984 оны 3-р сарын 22-нд Пётр Капица бие нь тавгүйрхэж эмнэлэгт хүргэгдэж, цус харвалт гэж оношлогджээ. 4-р сарын 8-нд тэрээр ухаан ороогүй байж байгаад нас барав.
Гэр бүл
засварлахХоёр дахь удаа Анна Алексевна Крыловатай гэрлэж хоёр хүүтэй болсон:
- Сергей Петрович Капица (1928-2012, Москва)-физигч эрдэмтэн, Зөвлөлтийн төв телевизийн шинжлэх ухааны нэвтрүүлэг хөтлөгч.
- Андрей Петрович Капица (1931— 2011, Москва) газар зүйч эрдэмтэн, ЗХУ-ын ШУА-ийн гишүүн.