Нью-Йоркийн хөрөнгийн бирж

Нью-Йоркийн Хөрөнгийн бирж (англи. New York Stock Exchange, NYSE [nwʌɪɛsˈiː] ) нь дэлхийд хамгийн томд тооцогддог үнэт цаасны арилжааны хөрөнгийн бирж юм.

New York Stock Exchange
Хууль эрх зүйн хэлбэрХөрөнгийн бирж
Үүсгэн байгуулагдсан1817 оны 03-р сарын 08 (1817-03-08)
Төв байрНью-Йорк хот, Нью-Йорк Муж Улс, АНУ
Эзэмшигч(ид)NYSE Euronext

Нью-Йоркийн хөрөнгийн бирж үүсэн бий болоод 200 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 24 трейдертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлжээ. Өнөөдөр NYSE дээр дэлхийн өнцөг булан бүрийн хоёр мянга гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна. Эдгээр компаниуд мэдээж маш нарийн сонгон шалгаруултыг давсан байдаг. NYSE нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг үнэт цаасны зах зээл юм. Ийм зах зээл дээр худалдан авагчдын бие төлөөлөгчид хувьцааг хамгийн бага үнээр авах, худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг байна. Худалдааны танхимд үнэ дуудан бие биерүүгээ хашгичин байгаа хүмүүсийг та киноноос харж байсан байх. Энэ хашгичаан нүргээн дундаас л нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнд тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог юм.

Түүхэн хөгжил

засварлах
 
The Stock Exchange at 10–12 Broad street, in 1882

Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Хүмүүс эхний үед гудамжинд арилжаа хийдэг байснаа яваандаа 1790-ээд оны үеэс Wall Street гудамжинд амралтын өдрүүдэд байнга цугладаг болжээ. Эндээс хөрөнгийн зах зээлийн үүсэл эхэлсэн гэж үздэг. Тухайн үед уг гудамжинд хувьцааны дуудлага худалдаа болж, зарим өдөр 100 хүртэлх хувьцаа арилжиж байсан түүх бий.

Их удалгүй брокерууд Wall Street-ийн кофены газруудад өөрийн оффисоо эмхэлж эхэлсэн бөгөөд эцэст нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн байранд нүүж очицгоосон юм. 1792 онд санхүүгийн хэрэгслүүдээр үйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг Нью-Йоркийн 24 брокер Лондонгийн хамтран зүтгэгчдийн хамт Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын үсэг зуржээ. Энэ үеэс хойш 200 гаруй жил өнгөрсөн ч Wall Street Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийн нэрийн хуудас болсоор байна. Wall Street нь Нью-Йоркийн санхүүгийн дүүрэг доод Манхеттэнд байрлах нарийхан гудамж юм.

24 брокертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлсэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна.

 
The floor of the New York Stock Exchange in 1908

Нью-Йоркийн хөрөнгийн бирж Америкийн нийгмийн хөгжилд

засварлах

Нью-Йоркийн хөрөнгийн бирж шиг дэлхийн эрдэмтэд, сэтгүүлчид, зохиолчдын анхаарлыг маш их татсан нэг ч байгууллага байхгүй билээ. Энэхүү байдал нь Америкийн нийгмийн хөгжилд XIX зууны II хагас XX зууны эхээр түүний гүйцэтгэсэн асар их үүрэгтэй холбоотой ажээ. Тухайлбал, энд Вандербильт, Морган, Гарримэн, Рокфеллер нарын санхүүгийн асар том толгойлогчид бий болсон. Эдгээрийн зарим хэсэг нь одоо ч байна. Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрөнгө оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. ХIХ зуунд АНУ-д төмөр замын асар их сүлжээг бий болгосон нь Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй салшгүй холбоотой.

АНУ-ын хөрөнгийн бирж нь Европ тивийн улсууд болон Япон улсынхыг бодвол тухайн орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн онцлогтои холбоотойгоор хөгжилд нь мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ онцлог Японоос бусад оронд одоо ч хадгалагдаж байна.

"Империализмын эрин үед" хөрөнгийн биржийн үүрэг унах тухай В.И.Лениний сэдэв нь зөвхөн Европ тивийн орнуудын, юуны урьд Герман улсын жишээн дээр томъёологдсон юм. Эдгээр орны эдийн засагт банкны нөлөө өсөн нэмэгдэхтэй холбоотойгоор биржийн үүрэг тухайн үед буурчээ. АНУ-ын хөрөнгийн биржийн үүрэг XX зууны эхээр буураагүй, цаашид ч багасаагүй юм.

 
NYSE's stock exchange traders floor before the introduction of electronic readouts and computer screens.

1929-1933 оны дэлхийн эдийн засгийн Их хямрал

засварлах

Барууны нийгмийн эдийн засгийн хөгжилд "Аугаа их зогсонги байдал" гэж нэрлэгдэж үлдсэн 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямрал эрс өөрчлөлтийн эргэлтийн шат болсон билээ. Хөрөнгийн зах зээл дэх зүй бусын үйлдлийн улмаас зарим орнууд дахь үйлдвэрлэл 50 хүртэл хувиар буурч, ажилгүйдлийн төвшин 30 хувьд хүрсэн нь дэлхийн эдийн засаг дахь хүнд уналтын үндсэн шалтгааны нэг гэж үзэх үзэл өргөн дэлгэрсэн юм.

1929-1933 оны байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржийн хувьцааны нийт өртөг (капитализаци) хэдэн жилийн туршид хямралын өмнөх төвшингээс 17 хувиар буюу 89 тэрбум доллараас 15 тэрбум доллар хүртэл унасан. Америкийн толгойлогч том корпорацийн хувьцааны ханш, тухайлбал, "Женерал электрик" компанийх 11 дахин, "Крайслер" компанийх 27 дахин, "Женерал моторс" компанийх 80 дахин унасан. Энэ үед үнэт цаасны үйлдвэр, улс орны санхүүгийн бүх салбар, олон нийтийн анхаарлыг татсан. Wall Street-ийн санхүүгийн хаягаар олон тооны зэмлэл сонсогдож, түүний үйл ажиллагаа улс орны эдийн засагт гүнзгий хямралыг авчирсан юм. Энэ нь үнэт цаасны зах зээлийг төрөөс зохицуулах бүхэл бүтэн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэхэд хүргэсэн билээ.

Мөн АНУ-ын биржийн хямрал хамгийн их эвдэн сүйтгэх хэлбэрээр явагдсан юм. Гэхдээ 30-аад онд АНУ-д дэлхийд анх удаа салбаруудыг төрөөс зохицуулах хатуу чанга, илүү нарийн, үр ашиг бүхий тогтолцоог бий болгож чадсан юм.

1987,1997 оны хямралууд

засварлах

Харин 1987,1997 онд 1929 оныг санагдуулам хямрал зарим оронд үүсэв. Жишээлбэл, 1987 оны 10 дугаар сарын 18-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн Доу-Жонсын индекс 508.32 пунктээр буюу 22.5 хувиар унасан (1929 оны 10 дүгээр сарын 28-нд энэ үзүүлэлт анх 12.8 хувиар буурсан юм). Гэвч эдийн засгийн бодит секторт мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй учир зах зээл хурдан сэргэсэн.

 
The NYSE trading floor in August 2008.

1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ огцом унаж, томоохон хувьцаа эзэмшигчид "шатав". 1997 оны 7 дугаар сараас Таиланд улсаас эхэлсэн энэ хямрал яваандаа Зүүн Өмнөд Азийн орнууд, Латин Америкийн ихэнх улс, Африк тивийн тал хэсэг, ОХУ-д хүрч газар авсан. Хамрах хүрээ үнэхээр өргөн байв. Гол нь үсрэнгүй хөгжилтэй орны үнэт цаасны зах зээлийг хамарсан. Дээрх бүс нутаг, улс оронд үнэт цаасны зах зээлийн зохицуулалт сайнгүйг, гадаад өрийн дарамт их байгааг харуулав.

Одоогийн дүр төрх

засварлах

Нью Йоркийн Хөрөнгийн Бирж /NYSE/ нь АНУ-ын Нью-Йорк хотын Доод Манхаттэн дахь Уолл Стрийт гудамжны 11-т байрладаг ба дэлхийн хамгийн том хөрөнгийн биржүүдийн нэг. 2007 онд "NYSE", "Euronext" компанитай нэгдсэнээс хойш НЙХБ-ийг "NYSE Euronext" компани эрхлэн явуулж байна. Хөрөнгийн биржийн худалдааны танхим нь дөрвөн тасалгаанаас бүрддэг. Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа явуулдаг гол байшинг 1978 онд Америкийн Үндэсний түүхэн дурсгалт газрын жагсаалтад оруулсан. 2005 оны 12 сарын 6-наас тус бирж нь ашгийн төлөө, олон нийтийн компани болсон ба 2006 оны 3-р сарын 8-наас "NYSE Group" нэрээр гүйлгээнд оролцдог болсон. Түүнээс жилийн дараа буюу 2007 оны 4-р сарын 4-нд "NYSE Group", "Euronext"-тэй нэгдсэн.

 
U.S. Secretary of Commerce Donald L. Evans rings the opening bell at the NYSE on April 23, 2003. Former chairman Jack Womack is also in this picture.

1960-аад оны дунд үеэс "NYSE Composite" /NYSE: NYA/ үүссэн бөгөөд 1965 оны төгсгөлийн оноотой 50 оноо дүйцэх байдлаар үүсгэсэн. "Dow Jones Industrial Aүerage" индекс 30 хувьцааны дүнг тусгадаг бол "NYSE Composite" нь бүх хувьцааны өссөн буурсан байдлыг тусгадаг. 2003 онд NYSE 2002 оны хаалтын дүнг 5,000 оноотой дүйцүүлж шинэ утга оноосон. Одоогоор тус хөрөнгийн бирж дээр "NYSE Composite", "Energy", "Financial", "HealthCare", "International 100", "TMT", "US 100", "World Leaders", "Arca Tech 100" гэсэн есөн индекс ашиглаж байна.

2008 оны 12-р сарын 31-ний байдлаар "NYSE Euronext" дээр 8500 гаруй жагсаасан лист байсан нь 16.7 триллион ам.долларын үнэлгээтэй байсан бөгөөд өдөрт дунджаар 153 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж байсан байна.

Ажиллах журам

засварлах

Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь үнэ хаялцуулах журмаар ажилладаг зах зээл юм. Ийм зах зээл дээр худалдагчдын бие төлөөлөгчид нь үнэт цаасаа аль болох өндөр үнээр зарахын төлөө тэмцдэг. Худалдааны танхимд үнэ дуудан хашгичих нүргээн дундаас нэг нь өөрт тохирсон үнэтэй хувьцааг худалдан авч, нөгөө нь ашигтай үнээр үнэт цаасаа зардаг. Энэ харилцан үйлчилгээний дүнгээр тухайн үнэт цаасны тэр өдрийн, тэр сарын ханш тогтдог. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бусад зах зээлээс ялгарах ялгаа нь энэ юм. Хувьцаа тус бүрт нэг мэргэжилтэн ажилладаг ба түүний үүрэг нь хувьцааны эрэлт нийлүүлэлтийг зохицуулах. Ямар нэг байдлаар худалдан авагч болон худалдагчгүй болсон арилжааг заримдаа өөрийн мөнгөөр авах буюу зарах үйл ажиллагааг эрхэлдэг

Шаардлага

засварлах

Топын нэгдүгээрт жагсдаг энэ бирж дээр гарахын тулд компаниуд маш нарийн сонгон шалгаруулалтыг давдаг. NYSE дээр хувьцаагаа арилжаалахын тулд эн тэргүүнд 2000-аас доошгүй хувьцаа эзэмшигчтэй байхын дээр 500 сая доллараас доошгүй бэлэн мөнгөний эргэлттэй, жилийн тайлан тэнцлээ олон нийтэд мэдээлж байх үүргийг хүлээнэ. Зах зээлийн үнэлгээний хувьд хамгийн өндөр шаардлагыг энэ бирж тавьдаг. Харин ажилласан хугацааны хувьд олон жил шаардахгүй. 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа хэвийн явуулсан байхад боломжтой.