Никол Пашинян
Никол Пашинян (армени. Նիկոլ Վովայի Փաշինյան; 1975 оны 6-р сарын 1-нд ЗХУ-ын Армени улсын Ижеван хотод төрсөн) — армений төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2018 оны 5-р сарын 8-наас Армени улсын Ерөнхий сайд. 2021 оны 4-р сараас 2021 оны 8-р сарын 2-нд хооронд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаад мөн оны 6-р сарын парламентын сонгуульд ялалт байгуулсан.
Намтар
засварлах1975 оны 6-р сарын 1-нд Ижеван хотод төрсөн. Түүнийг 1943 онд Аугаа эх орны дайны үеэр Кавказын фронтод амиа алдсан Улаан армийн цэрэг өвөг эцгийн нэрээр нэрлэсэн байна. Эцэг Вова Пашинян дунд сургуулийн биеийн тамирын багш, хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Эх Светлана Пашинян 1987 онд Никол хүүг 12 настай байхад нас баржээ. Армен, Артак гэж хоёр ахтай.
Хоёр ах нь цэргийн алба хаасан учраас тэрээр цэргийн алба хаахгүй байх эрхээ эдлэж цэрэгт яваагүй ажээ.
1991 онд төрлөх Ижеван хотын 10 жилийн 1-р дунд сургууль төгсөөд Ереваны Улсын Их сургуульд сэтгүүлийн ангид элсэн орж сурсан боловч 4-р ангидаа Их сургуулийн удирдлагыг шүүмжилсэн тул сургуулиасаа хасагдсан байна.
1993-1994 онд «Дпрутюн» сонины сурвалжлагч. 1994-1997 онд «Лрагир», «Лрагир-ор», «Молорак» зэрэг сонинд сурвалжлагч байжээ.
1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ашот Блеяны сонгуулийн штабыг зохицуулагч байсан. 1998 онд «Орагир» сонин үүсгэн байгуулж өөрөө ерөөнхий редактороор ажилласан.
1999 онд түүний сонин Арменийн парламентын гишүүний эхнэрийг гүтгэсэн материал нийтэлсэн гэж буруутгагдаж шүүх хурлаас 1 жилийн хорих ял сонссон юм.
1999 онд тэрээр «Айкакан жаманак» сонины ерөнхий редактораар ажиллаад 2008 оны 3-р сард гэргийн Анна Акопянд энэ ажлаа өгчээ.
2007 оны парламентын сонгуульд намуудын нэгдэл болсон «Импичмент» бүлэгт орж 1,29% санал авч саналын хуудас худлаа тоолсон гэж үзээд дахин сонгууль явуулахыг шаардаж байжээ.
2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Левон Тер-Петросяны сонгуулийн штабт гишүүнээр оролцсон байна.
2008 оны 3-р сарын 1-2-нд Ереван хотод болсон үймээний дараа түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. 2009 онд тэрээр эрх баригчдад бууж өгсөн юм. 2010 оны 1-р сард түүнийг үймээн самуун зохион байгуулсан хэргээр долоон жилийн ял өгсөн байна. Дараа нь шүүх ялыг хоёр дахин бууруулж, 2011 оны тавдугаар сард Пашиняныг Арменийн тусгаар тогтнолын 20 жилийн ойг тохиолдуулан өршөөлийн хуулиар сулласан юм.
2012 онд Армений Үндэсний Конгресс намын блокоос сонгуулийн пропорциональ тогтолцоогоор Арменийн Үндэсний Ассамблейн депутатаар сонгогдсон. Гадаад харилцааны болон нутаг дэвсгэрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан.
2015 онд "Иргэний гэрээ" улс төрийн намыг үндэслэн байгуулагчдын нэг болсон.
2018 оны 5-р сарын 8-нд тэрээр Арменийн Ерөнхий сайдаар сонгогдов.
2018 оны 10-р сарын 16-нд тэрээр албан тушаалаасаа огцорсон ч Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч статусаа хадгалсан. Түүний хэлснээр, Арменийн Үндэсний ассамблейг тарааж, парламентын ээлжит бус сонгуулийг зохион байгуулахын төлөө ийм алхам хийсэн гэдэг. Ерөнхийлөгч Армен Саркисян түүний огцрох өргөдлийг хүлээн авсан юм.
2021 оны 8-р сарын 2-нд Арменийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар Никол Пашиняныг томилох зарлигт дахин гарын үсэг зурав.
2022 оны 4-р сарын 25-нд Арменид түүний Засгийн газрын эсрэг чиглэсэн олон нийтийн эсэргүүцэл, иргэдийн бослого дахин үргэлжилж, Пашиняныг огцрохыг шаардаж эхэлжээ.
2023 оны 9-р сард Уулын Карабах дахь Азербайжаны цэргийн мөргөлдөөн эхэлсний дараа Армений иргэд Карабахын армянчуудыг хамгаалахыг төр засгаасаа шаардсан жагсаал цуглаан хүчтэй эхэлсэн. Мөн 9-р сарын 13-нд "Politico" хэвлэлд Никол Пашинян ярилцлага өгөхдөө Армений Засгийн газар Уулын Карабахыг Азербайжан улсын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Армений иргэд Никол Пашиняныг урвагч хэмээн нэрлэж, огцрохыг шаардаж байлаа.
Хоёр улсын тохиролцоогоор Уулын Карабахыг Азербайжанд шилжүүлсэний улмаас 100 мянга орчим Уулын Карабахын арменичууд нутгаа орхин Арменид ирж байна.