Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь

1992 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.[1] 1994 онд хуучин Дархан, Эрдэнэт, Чойр хотын нутаг дэвсгэрт Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд байгуулснаар Монгол Улс нийт 21 аймагтай болсон.[2] Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ), баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал (ИНХ) байдаг. Харин нэгжийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн нэгжийн Засаг дарга (ЗД) хэрэгжүүлнэ.

Монгол Улсын засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж
Нэгдүгээр зэрэг
Аймаг (21)
Нийслэл (1)
Хоёрдугаар зэрэг
Сум (330)
Дүүрэг (9)
Гуравдугаар зэрэг
Баг (1647)
Хороо (204)
Ү · Х · З

2024 оны байдлаар Монгол Улс 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийслэл, 9 дүүрэг, 204 хороо гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна.[3]

Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн түүхэн тойм

засварлах

1. Манж чин улсын үеийн Монгол, 1760-1911 он.

засварлах
  • Засагт хан аймаг
  • Сайн ноён хан аймаг
  • Түшээт хан аймаг
  • Сэцэн хан аймаг
  • Ховдын хязгаар
  • Хөвсгөлийн хязгаар

2. Богд хаант Монгол Улс (Олноо Өргөгдсөн Монгол Улс 1911-1919 он)

засварлах
  • Засагт хан аймаг
  • Сайн ноён хан аймаг
  • Түшээт хан аймаг
  • Сэцэн хан аймаг
  • Ховдын хязгаар
  • Хөвсгөлийн хязгаар
  • Дөрвөдийн Төгс Хүлэг Далай ханы аймаг
  • Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг

1911 онд Монгол Улс тусгаар тогтноход Дөрвөд далай хан Богд хаанд дагаар оров. Хуучин Манжийн үеийн Сайн заяатын зүүн гарын чуулганыг Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг болгон өөрчлөв. Мөн онд Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганыг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг хэмээн өөрчилж, тус хошууг Үнэн зоригт ханы хошуу хэмээн нэрийдэх болов.

3. Ардын хувьсгалын үе, 1923 он.

засварлах

Хуучин 4 аймгийн нэрийг солив.

  • Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг
  • Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг
  • Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг
  • Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандлын аймаг гэж тус тус нэрлэх болсон.
  • 1925 онд Дөрвөд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ.
  • Их Шавийн анхдугаар их хурал болж шинэ аймаг байгуулж Дэлгэр их уулын аймаг гэж нэрлэжээ. Мөн бие даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошууд, Улаанбаатар хотоос засаг захиргааны нэгж зэргээс бүрдэж байсан байна.

1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал, Улсын VI их хурлуудаас тус улсын нутаг дэвсгэрийг эдийн засгийн талаар ангилж орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулан аймгуудыг олшруулан, хошуудыг татан буулгаж сумуудыг цомхотгон өргөтгөх талаар шийдвэрлэсэн. Засаг захиргааг шинэчлэн зохион байгуулахад Монгол орны газар зүй, хөрс ургамал, байгалийн баялаг, нутаг бэлчээр, цаг уур, зам харилцаа, мал аж ахуй, газар тариалан, хүн амын нягтшил зэрэг эдийн засгийн бүсчлэлийг гол болгон авч үзсэн.

1930 оны 11-р сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хуралдаанаар хуучин аймаг хошууны захиргааг татан буулгаж, шинээр байгуулагдах 13 аймгийн дарга ба аймгийн прокуроруудыг томилсон байна. 1931 онд хуучин 5 аймгийн суурин дээр дараах 13 аймаг байгуулагджээ.

  1. Архангай
  2. Алтай
  3. Дорнод
  4. Дорноговь
  5. Дөрвөд
  6. Завхан
  7. Өвөрхангай
  8. Өмнөговь
  9. Тариалан
  10. Төв
  11. Хөвсгөл
  12. Хэнтий
  13. Ховд

Аймгийн түр хороог 1931 оны эхээр байгуулжээ. Мөн оны 2, 3, 4 саруудад аймгуудын төлөөлөгчдийн анхдугаар  хурлуудыг шинэ сонгуулийн хуулийн дагуу явуулж аймгийг удирдах дээд байгууллага “Аймгийн яам”-ыг байгуулжээ. Нутгийн захиргааны шинэ хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрийг 13 аймгийн 311 суманд хуваасан бөгөөд Архангай 35, Алтай 16, Дорнод 26, Дорноговь 26, Дөрвөд 16, Завхан 21, Өвөрхангай 31, Өмнөговь 24, Тариалан 17, Төв 36, Хөвсгөл 25, Хэнтий 28, Ховд 13 сумтай болжээ.

1933 онд Дөрвөд аймгийг Увс аймаг, 1934 онд Тариалангийн аймгийг Сэлэнгэ аймаг[4] хэмээн өөрчилсөн. 1934 онд Алтай аймгийг Завхан аймагтай нийлүүлж татан буулгасан ч 1940 онд Говь-Алтай нэртэйгээр 20 сумтай дахин байгуулсан юм. 1937 оны 12-р сарын 15-нд Булган аймгийг шинээр байгуулсан. Булган аймагт Сэлэнгэ аймгаас 8, Архангай аймгаас 1, Хөвсгөл аймгаас 4, Төв аймгаас 2 бүгд 15 сумыг таслан өгчээ.

1940 онд Ховд аймгийг хоёр хуваан Баян-Өлгий аймгийг байгуулсан. Тус аймгийн Толбонуур, Баяннуур, Хужирт, Цагаан гол, Цагаан нуур, Улаанхус, Дэлүүн сум нь казах, Алтанцөгц, Цэнгэл, Сагсай сум нь урианхай ард түмнээр байгуулагдсан.

1941 онд Баянхонгор, Дундговь, Сүхбаатар гэсэн гурван аймгийг шинээр байгуулсан. Баянхонгор аймагт Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг гол, Гурванбулаг, Баянбулаг, Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст, Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг 16 сумыг шилжүүлсэн. Дундговь аймгийг эхэн үедээ Шарангад аймаг хэмээн нэрлэж байсан. Тус аймгийг байгуулахад Өмнөговь аймгаас Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цогтчандмань, Хулд, Луус, Өлзийт, Гурвансайхан, Буянт-Овоо, Төв аймгаас Эрдэнэдалай, Цагаан-Овоо, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан, Дорноговь аймгаас Өндөршил, Баянжаргалан, Их-Эрээн сумыг шилжүүлжээ. Сүхбаатар аймгийг байгуулагдах эхний үед Жавхлант шарга хэмээн нэрлэж байсан. Тус аймагт Дорнод аймгаас Дарьганга, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Асгат, Зотолхан, Дарханхан, Халзан, Урт, Жавхлант шарга сумыг, Хэнтий аймгаас  Түвшинширээ, Өлзийт, Уулбаянмөнх, Баянтэрэм зэрэг 14 сумыг шилжүүлэн өгчээ.

1956 онд Сэлэнгэ аймгийг татан буулгаж Ерөө, Дархан, Хушаат, Шаамар, Баянгол, Орхонтуул сум, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнхараа хотыг Төв аймагт, Баруунбүрэн, Цагааннуур сумыг Булган аймагт шилжүүлсэн. 1960 онд Сэлэнгэ аймгийг дахин байгуулжээ.

1960 онд БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараагаар засаг захиргааны хуваарьт нэлээд өөрчлөлт оров. Хөдөө аж ахуйн нэгдлийн үйл ажиллагааг өргөтгөж, нэг суманд нэг нэгдэл байхаар зохион байгуулж олон сумыг татан буулгажээ.

Зүүлтийн холбоос

засварлах
  1. "Монгол Улсын Үндсэн хууль". legalinfo.mn. Татаж авсан: 2013-03-16.
  2. "Улсын Их Хурлын тогтоол. Аймаг, сум байгуулах тухай. Дугаар 32". legalinfo.mn. 1994-05-06. Татаж авсан: 2024-06-16.
  3. "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, бүс, аймаг, нийслэлээр". www2.1212.mn Үндэсний статистикийн хороо. 2024-03-25. Татаж авсан: 2013-03-16.
  4. "СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТҮҮХЭН ТОВЧООН ТАНИЛЦУУЛГА". selenge.gazar.gov.mn. Татаж авсан: 2013-03-16.[permanent dead link]