Монгол доллар
Монгол доллар нь Монгол улсад 1921-1924 онд гүйлгээнд хэрэглэгдэж байсан бага болзоот, данзангийн доллар гэсэн хоёр өөр мөнгөн дэвсгэртийг монгол долларт хамруулдаг. Бага болзоот нь 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл 6 сарын хугацаатай Богд хааны зарлигаар 10, 25, 50, 100-тын дэвсгэрт бүхий Мексик долларын ханшаар баталгаажсан облигац буюу өрийн бичиг анх хэвлүүлсэн. Харин Данзангийн доллар нь 1921-1922 онд 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртийн 2,452,000 нэгж цаасан мөнгийг хэвлүүлсэн боловч эргэлтэд орж амжилгүй байсаар хураагдан устгагдаад, 1925 онд төгрөгөөр солигджээ.
Доллар | |||
---|---|---|---|
| |||
Дараах: | Төгрөг | ||
Улс: | БНМАУ | ||
Цаасан дэвсгэрт: | 10, 20, 50, 100-тын дэвсгэрт | ||
Гүйлгээнд хэрэглэсэн: | 1921 оноос 1925 он хүртэл |
Бага болзоот
засварлахБага болзоот гэж нэрлэгдсэн мөнгөн тэмдэгтийг түүхэнд Барон Унгерний мөнгө гэж алдаршсан. Учир нь Барон Унгерны Азийн морин дивизийг зэвсэг хэрэгслээр хангахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай болсноор богино хугацааны өрийн бичиг гаргах болсон нь Бага болзоот юм. Облигац гэсэн орос үгийг болзоот гэж орчуулсанаар бага болзоот гэх нь богино хугацаатай өрийн бичиг гэсэн утгийг илэрхийлж байв. Тухайн үеийн Сангийн яамны сайд, чин ван Гомбожавын Лувсанцэвээн Богд хаанд Олноо өргөгдсөний 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган "Засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай” мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа “уг хүссэн ёсоор болгогтун"[1] гэж зөвшөөрчээ.
Гэвч бага болзоотыг Бароныг 3 сарын 21-нд Хүрээнээс гарч явснаас хойш 1 сарын дараа 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл 6 сарын хугацаатай гаргасан. Ингэхдээ жилийн 6%-ийн хүүтэйгээр гарган, төлбөрийг нь 1923 онд төлж дуусгасан байна.
Тус облигаци нь 10, 25, 50, 100-ын дэвсгэртээр гарч байсан бөгөөд тус бүрт нь хэдэн ширхэг хэвлэгдсэн нь тодорхойгүй үлдсэн.
Облигацийн тайлбар
засварлах8/1488 серийн дугаартай 10 долларын баталгаат облигац
Нүүрэн талд: Монгол Улсын сангаас олноо өргөгдсөний арван нэгдүгээр он арван сарын хорин хүртэл хэмээх хугацаагаар гаргасан бүгд нэгэн зуун хувиас зургаан хувийн хүү үржүүлж бүхий бага болзоот БАТАЛГААНЫ ТЭМДЭГ. Энэхүү баталгааны тэмдгийг тушаасан хүнд уг тогтсон болзоо: Сангийн яамнаас арван янчааны бэлэн мөнгөний зүйлийг гүйцэтгэн төлмой. Үүний тул гарын зураг талбисан Сангийн яамны тэргүүн сайд (мутрын тэмдэг). Сангийн яамны зөвлөх түшмэл (Орос гарын үсэг байна). Нийслэл хүрээ. Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, дөрвөн сарын хорин.
Доор нь англиар “Mongolian government’s treasure. 6% provisionary obligation. 100 dollars”, оросоор “6% краткосрочное обязательство Монгольской Государственной Казны. 100 долларовъ” гэжээ.[1]
Ар талд: “Энэхүү бага болзоот баталгааны тэмдэг болбаас аливаа албаны газруудад (бүх гааль татварын зэрэг дор) бэлэн мөнгөний зүйлтэй адил, тооны ёсоор авмуй. Баталгааны тэмдгийг энэ он, арван сарын хориноос эхлэн сангийн яамнаа бэлээхэн мөнгөний зүйлээр солиулан хураамуй хэмээх болзоон дор үл тушаасан тэмдгийг дараа болох таван жил дотор солиулж болохоос гадна хэрэв мөнхүү цагт сольж үл чадсан тэмдэг болох аваас хэрэгсэх үгүй болмуй. Баталгааны тэмдгийг баригчдад арван янчаан тутмаас нэг жил дор зургаан янчааны хүү үржүүлэн ашиг болгомуй. Хэмээсэн ашгийг сар дараалан өнгөрөөсөн сар бүр бодож харин тэмдэг гарснаас эхлэн нэгэн жилийн хүүгээс хэтрүүлэхгүйгээр олгомуй. Энэхүү хүү болбаас баталгааны тэмдгийг бэлэн мөнгө зүйлээр солиулахын цагт хамтаар сангийн яамнаас гүйцэтгэн төлмой” гэжээ. Дээр нь Сангийн яамны баталгаа гэсэн бичигтэй тамга даржээ.
Хоёр талд нь цифрээр 10 гэж бичээд ба хонины зурагтай байна. Дор нь англиар “Payable to the bearer on demand in local currency on or after novomber 20th 1921” (Үүнийг эзэмшигчийн төлбөрийг орон нутгийн (үндэсний?) мөнгөн тэмдэгтээр 1921 оны 11 дүгээр сарын 21-нээс төлнө), оросоор “Срокъ обмена на наличную валюту 20 ноября 1921 г” (Төлбөрийг 1921 оны 11 сарын 20-ноос валютаар төлнө) гэжээ. Энд бас нэг анхаарал татсан хэсэг байгаа нь Монгол бичгээр 10 дугаар сарын 20 хүртэл гэсэн атал Орос, англи бичигтээ 11 дүгээр сарын 20 гэсэн байна”.[1] Энд Олноо өргөгдсөний тооллын зөрүү гарч байж тун болзошгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс тусгаар тогтнолоо 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарласан тул европын 1911 оны 12 дугаар сарыг Олноо өргөгдсөний нэгдүгээр оны нэгдүгээр сар гэж тооцоод шууд 1912 оны 1 дүгээр сарыг буюу ердөө гурав хоногийн дараа Олноо өргөгдсөний хоёрдугаар оны нэгдүгээр сар” гэж тоолсон байх учиртай. Чухам иймээс 1921 он олноо өргөгдсөний 11 дүгээр он, дөрөвдүгээр сар нь тавдугаар сар болох юм. Тиймээс болзоотыг яг үнэндээ 1921 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн арилжжээ гэж үзэж болохоор байна. Ингэвэл Баронаас бүр хоёр сараар алсарна.
Бага болзоотийн дэвсгэрт бүр аравт нь хонь, хорин тавт нь үхэр, тавьт нь морь, зуут нь тэмээний зурагтай байсан нь тус бүрийг нь ялгахын тулд малын зураг ашиглажээ. Болзоотын модон барыг Хүрээний модон барын даамал сийлбэрч “хар гарт” хэмээх Лувсангомбо урласан байна.[1]
Данзангийн доллар
засварлах1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Монгол улсын үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт шаардлагатай байсан үед улсын мөнгөн тэмдэгтийн үүргийг оросын рубль, хятадын лан, янчаан, цай, торго зэргээр орлуулж байсан. 1921 оны сүүлээр Сангийн яамны сайд Солийн Данзангийн үед дотоодын мөнгөн дэвсгэрт гаргахаар шийдвэрлэж, 1922 онд доллар хэмээх мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д Москва хотын Госзнак хэвлэлийн үйлдвэрт хэвлэжээ. Данзангийн доллар нь хас хээ, таван нүдэн болон үндэсний хээ угалз зэргээр чимэглэж, өнгө алаглуулан будсан байдаг. Тухайн үед ардын Засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгтээ аль болох түргэн гүйлгээнд оруулж эдийн засгийн амьдралыг зохицуулахыг зорьж байжээ. Улмаар ЗХУ-ын талтай Монгол Улсын Үндэсний мөнгөн тэмдэгт гаргах асуудлаар хэлэлцэж 1921 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Монгол Улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэх тухай гэрээ” байгуулжээ. Мөнгөн дэвсгэртийн хэлбэр хэмжээ, өнгө зураг, мөнгөн тэмдэгт цаасыг үйлдэх дэвсгэр, цаасны яс чанарыг хоёр хувь үйлдэж хэвлүүлэн үзэж батлаад, баталсан маяг хэлбэрийг хэвлэлийн үйлдвэрт баримтлан тушаах, нийт зургаан төрлийн дэвсгэртийг хоёр хувааж, дөрвөн сарын дотор хэвлэх, эхний ээлжинд 1, 3, 10-тын дэвсгэртийн эх загварыг хүлээн авснаас хойш гурван сарын дотор хэвлэн гаргахаар тохиролцжээ.
Тэмдэгт цаасны хэв загварыг марзан хэмээх Шарав урласан бөгөөд бат оршихын бэлгэдэл хас тэмдэг, махбодыг дүрсэлжээ. Гэрээний дагуу 50 центийг 1 сая хувь, 1 долларыг 1,050,000 хувь, 3 долларыг 250,000 хувь, 5 долларын дэвсгэрт 100,000 хувь, 10 долларыг 40,000 хувь, 25 долларыг 12,000 хувь нийт 2,452,000 ширхгийг Зөвлөлтөд хэвлүүлжээ.
Тайлбар
засварлахТус долларын ар өврийн бичиг нь дэвсгэрт бүрээс хамаарахгүйгээр адилхан байдаг хэдий ч, хээ чимэглэл, мөнгөний хэмжээгээр ялгаатай байдаг. Арван долларын дэвсгэртээр жишээ авья.
Нүүрэн талд: Мөнгөний төв дунд хас хээг дүрсэлж, төв дунд нь таван нүдэнг хул, ногоон, цэнхэр, улаан өнгөөр будаж, дэвсгэртийн зүүн дээд, баруун доод өнцөгийн дугуй дотор 10-ийн тоог монгол тоогоор, зүүн доод, баруун дээд өнцөгт 10-ийн тоог араб тоогоор бичиж, Хас тэмдэгийн зүүн талд "Бусад хүн дууриан үйлдвээс" баруун талд "хууль ёсоор ялалмуй" гэж монгол бичгээр, доор нь англиар Ten dollar гэж бичжээ.
Ар талд: Мөнгөний зүүн дээд өнцөгт серийн дугаартай, хоёр талд "Монгол улсын хүүгийн мөнгөний тэмдэгт цаас, Монголын 11-р онд хэвлэн гаргавай." Дээд хэсэгт дугуй дотор өлзий хээг дүрсэлж, доор нь цагаан өнгийн том дугуй дотор "Улсын хүүгийн бэлэн мөнгөөр баталвай." гэж бичээд, өлзий хээний зүүн талын хөх өнгийн дугуй дотор 10 төгрөг, баруун талын хөх өнгийн дугуй дотор нэгбүр 7 цэн гэж бичээд доод хэсэгт "Сангийн яамны тэргүүн сайд Данзан, хүүгийн нярав Даваа" гэх үгсийг хээ угалзан дотор бичсэн байдаг.
Орчин үед
засварлахЦаг үеийн байдлаас шалтгаалж ихэнхийг хураан авч устгаж үгүй хийснээс өнөө үед дэлхийн цаасан мөнгө цуглуулагчдын дунд Бага болзоот, Данзангийн доллар нь маш цөөн тоогоор хадгалагдаж үлдсэн байдаг. Сүүлийн үеийн мэдээгээр Бага болзоотын 10 доллар нь 3-4 ширхэг, 25 доллар нь 1-2 ширхэг, 50 доллар 3, 100 доллар нь 1 ширхэг байдаг нь тогтоогджээ.
Холбоотой хуудас
засварлахЭшлэл
засварлахӨмнөх Дайчин гүрний зоос |
Монголын мөнгөн тэмдэгт 1921 - 1924 |
Дараах Төгрөг |