Гадинбалын Чагдаржав
Гадинбалын Чагдаржав 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төржээ. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан Засаг түшээ гүн хэргэмийг өвлөн хошуу ноён болсон.
1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ. Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна.
1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв. Тиймээс Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар Чагдаржав томилогджээ. Түшээт ван шалтгаан тодорхойгүй богино зуур өвчилж байгаад 1915 оны долдугаар сарын 16-нд нас нөгчсөн байна.
Төрийн түшээ замнал
засварлахХятадад хувьсгал гарч Манж Чин улс мөхөх нь тодорхой болох үед халх монголчууд тусгаар тогтнолоо сэргээхээр үгсэн, үүнийг сурвалжит язгууртнууд, ихэс лам нар толгойлох болжээ. Тэд Тусгаар тогтнолоо зарлахын өмнө Хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу одоогийн хэлээр Түр Засгийн газар байгуулж Чагдаржавыг Ерөнхий сайдаар томилжээ. Тус засгийн газрыг Сэцэн ханы Гомбосүрэн, Сайнноён ханы Цэдэнсоном, Түшээтханы Намсрай, Их шавийн Цэрэнчимэд нар бүрдүүлсэн. Чагдаржавыг Түр Засгийн газрыг толгойлохынх нь өмнөх бүх эд хогшлыг нь бүртгэсэн данс архивт байдаг. “Ноётны өргөө нь 5 төө хатгуур тооно, унь 81, 15 толгойтой хана 5, будаг самбар цүү цуургатай хаалга 1 гэх мэтчилэн тоочиж байснаа хүрэн сандал ширээ 2, тамхины цохиур 2, хайрцаг 2, өвсөн туужуур 1” гэж бүртгэсэн байна.
1911 оны 12-р сарын 29-нд тусгаар Монгол улсыг зарлаж Богдыг хаан ширээнд залах хүртлэх хугацаанд Түр засгийн газар асар их ажил хийж амжуулсан байдаг. Тусгаар улсаа зарлахаар бэлдэж байгааг улс орны бүх нэгжид мэдээлсэн, Манж Чингийн төлөөлөгчийг хөөсөн, мөн Улиастайн жанжинг орхиж явуулахыг сануулсан, Хиагтын гаалийг мэдэлдээ авсан, зэр зэвсэг цэрэг цуух цуглуулсан, улсаа тогтнуулах ухуулах тараасан зэрэг бүхий л бичиг баримт тушаал шийдвэр Түр засгийн Ерөнхий сайд Чагдаржавын нэрээр үйлдэгджээ.
Тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнээ залахад чухамдаа Чагдаржав л Богдод төрийн тамгыг гардуулснаас үзвэл бодоход тэрээр улс орондоо хааны дараа орох хоёр дахь хүн байсан байна. Ханддорж хундага өргөсөн, Намнансүрэн өргөмжлөл уншсан, Цэрэнчимэд ерөөл айлтгасан гээд зиндаагаараа ёсчлон журамлагдсан нь тэмдэглэгдэн үлджээ. Анхны Бүх засгийн газар байгуулж Чагдаржавыг Сангийн сайдаар томилсон байна. Тэр үед Ерөнхий сайдын алба үгүй байв. Сайд нарыг томилоход хамгийн эхэнд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдад Чагдаржав гэжээ.
Шинэ тулгар улс хөрөнгө мөнгөний гачаалтай тул Сангийн яамны үүрэг маш их байлаа. Гааль татвар, эрдэс баялаг, гадаад дотоод худалдаа гээд хамаг юмыг энэ яам зохицуулна. Төрийн аль ч яам мөнгөгүйгээр ажлаа явуулах бололцоогүй нь ойлгомжтой. Харъяат хошуудын малыг нарийвчлан бүртгэж тоолох ажил 1912 оноос эхэлсэн бололтой. Жасаа гэж хүрээ хийдэд хамааралтай газар маш баян, тэр болгоныг бүртгэх татвар гаальд хамруулах асуудал бослоо. Сургууль байгуулан хүүхэд сургаж иртэл тэдний хүнс хэрэглэлд гаргах мөнгө байдаггүй. Тэдний хэрэгцээг хангах мөнгөтэй болтол сайд нар өдөрт нэг лан, дэд сайд өдөрт таван цэн хувиасаа хоолонд нь гаргаж байхаар тохирч байв.
1915 оны Хиагтын Гурван улсын гэрээнд Чагдаржавыг хэлэлцээ хийх бүрэлдэхүүнд багтаасан юм. Энэ хэлэлцээ бараг жил үргэлжилсэн. Хэлэлцээний явцад Орос, Хятадын зүгээс эсэргүүцэл гарган Монголын төлөөлөгчдөөс нэр бүхий хүмүүсээ татаж авахыг шаардсан дотор Чагдаржав багтсан юм. Хүрээнд татагдаж ирсэн Чагдаржав тун удалгүй нас баржээ.
Цол, хэргэм зэрэг
засварлах- Засаг түшээ гүн
- Хошой Чин Ван
Албан тушаал
засварлах- 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга
- 1909 оноос Түшээт хан аймгийн чуулганы дарга
- Хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр засгийн газрын Ерөнхий сайд
- 1911 оноос Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд