Монгол-Хятадын хил

Монгол-Хятадын хил гэдэг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёрын хоорондох улсын хилийг заагласан албан ёсны шугамыг хэлнэ.

Монгол улсын өмнөд хил нь 1695-1850 онд орон нутгийн хэмжээнд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас улбаалан, овоо тэмдгүүдээр тэмдэглэгдэн тогтоож ирсэн түүхтэй.

1962 оны БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ

засварлах

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл анх санаачилж, 1957 оны 11-р сарын 21-нд БНХАУ-ын Засгийн газарт дипломат шугамаар хоёр улсын хилийн шугамыг “одоогийн хилээр” тодотгон тогтоох хэлэлцээ явуулах санал тавьсан ноотыг илгээсэн байна. Улмаар БНХАУ-ын Засгийн газраас 1958 оны 3-р сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд илгээсэн хариу ноотдоо Хятад ба Монголын хилийн хэлэлцээ явуулахыг зөвшөөрч байгаагаа нотлосон байна.

1962 оны 10-р сарын 15-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын өмнөөс хилийн хэлэлцээрт оролцох бүрэн эрхт төлөөлөгчдийг БНМАУ-ын Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд С.Сосорбарамаар даргалуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын нууц захирамжаар томилсон байна. Ийнхүү БНМАУ ба БНХАУ-ын хилийн шугамыг тодотгон тогтоох эхний хэлэлцээр манай улсын нийслэл Улаанбаатар хотод нууц байдалд эхэлсэн байна. Тус улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Д.Цэрэндорж, генерал Д.Батаа, Гадаад яамны ажилтан Б.Цэдэн-Иш, хуульч Б.Содовсүрэн нар томилогдон шинжээч, нарийн бичгийн дарга, техникийн ажилтан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн аппарат Монголын Гадаад явдлын яамны байранд ажилласан юм. Мөн Монголын талын Комисст хурандаа Д.Намжилдорж, Ц.Шагдар, М.Батхуяг, Э.Халтар, Б.Ламжав, Х.Шарав нарын ахмад дайчид шинжээчээр оролцсон байна. Хилийн хэлэлцээ амжилттай болоход эрдэмтэн Д.Бадамжав, хятад хэлний орчуулагч С.Эрэнцэнсоном, Д.Алмаас нар ажилласан байна.

Монгол Улс, БНХАУ-тай 1962 оны 12-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ”-нд Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нар гарын үсэг зурж, 1964 оны 6-р сарын 30-ны өдөр “БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэсэн байна. Хоёр улсын хилийн нийт шугамыг Монгол, Хятадын хил дээр үйлдсэн бөгөөд энэхүү гэрээнд хавсрагдсан 1:1 000 000 машстабын газрын зурагт тэмдэглэж үлдээжээ.

1962 оны “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-г сүүлд 1975 оны 10-р сарын 9-нд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд бүртгэгдсэнээр Монгол Улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.

1984 оны Улсын хилийн хамтарсан шалгалт

засварлах

Монгол улс, БНХАУ хоорондын хилийг анх 1984 онд шалгаж (Хилийн цэргийн дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, Газрын зургийн мэргэжилтэн Д.Бадамжав, Б.Ламжав, ГХЯ-ны ажилтан Ө.Гүрсэд, Х.Аюурзана нар оролцсон), “Монгол, Хятадын хилийг нэг дэх удаа хамтран шалгасан тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Протокол” болон түүний хавсралт “БНМАУ ба БНХАУ-ын хилийн зурвасын газрын зургийн шинэтгэсэн альбом”-д Монгол Улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Дарамын Ёндон, Хятадын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ГХЯ-ны орлогч сайд Хань Сюй нар 1984 оны 7-р сарын 19-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан юм.

2001-2004 онд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрууд улсын хилийг хоёр дахь удаа хамтран шалгах ажлыг гүйцэтгэсэн. 120 цэгээс бүрдсэн геодезийн сүлжээ байгуулж хуурай газарт 1:50000-ны масштабтай, усан гадарга бүхий хэсэгт 1:10000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байна. Шалгалтаар Монгол улс, БНХАУ хоорондын хилийн шугамын нийт урт 4709 км гэж хоёр тал тогтоосон байна.

Хилийн боомтууд

засварлах

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр” (Монгол Улсын ГХЯ 2020.9.15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн дагуу Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт ажиллаж, 4 боомт шинээр нээхээр тусгасан.

Коронавирус (КОВИД-19)-т халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол, Хятадын хилийн 4 боомт (авто замын Замын-Үүд, Булган, Гашуунсухайт, Ханги, төмөр замын Замын-Үүд) ажиллаж байна.

  1. Замын-Үүдийн төмөр зам, автозамын боомт. Төмөр замын боомт нь 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Автозамын боомт нь 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг. БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд байрладаг Эрээн боомттой залгадаг байна.
  2. Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг.
  3. Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг.
  4. Байтаг авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг.
  5. Хавирга авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуунд байрладаг Архашаат боомттой хиллэдэг.
  6. Бичигт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг.
  7. Шивээхүрэн авто замын боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг.
  8. Ханги авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг.
  9. Бургастай авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулагдсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг.
  10. Даян авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг.
  11. Баянхошуу авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрладаг Өвдөг боомттой хиллэдэг.
  12. Сүмбэр авто замын боомт нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Харчин баруун гарын хошуунд байрладаг Рашаан боомттой хиллэдэг.