Мандал сум
Мандал нь Сэлэнгэ аймгийн хамгийн том сум юм. Сумын төв Зүүнхараа.
Мандал сум
ᠮᠠᠨᠳᠠᠯᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Байгуулагдсан | 1924 он |
Газар нутаг | |
• Нийт | 4,843.73 км2 (1,870.17 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 26,877 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлах1924 онд Богдхан уулын аймаг Ноён уулын хошууны дотор Баатар вангийн хошууг шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан Ардын засгийн газрын 1924 оны 68-р тогтоолоор Баатар вангийн хошууны Мандал хэмээх сум анх байгуулагдсан.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Мандал сумыг төв аймгийн харьяанд байгуулж, 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяалалд оруулсан. Гэвч удалгүй 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор Төв аймгийн харьяалалд буцаан шилжүүлсэн байна.
1961 оны 166-р зарлигаар Зүүнхараа орон нутгийн хот байгуулагдаж, 1994 оны УИХ-ын 36 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сум /одоогийн Хэрх тосгон, Түнхэл тосгон, Зүүнхараа хот нэгдэж/ байгуулагдсан.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 5 баг, үүнээс 2 нь тосгоны статустай байсан бол 2010, 2011 онд аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох тогтоолуудыг үндэслэн тус суманд Баянхангайн 6-р баг, Минжийнхангайн 7-р баг, Тарнийн 8-р баг, Баян-Арцатын 9-р багуудыг шинээр нэмсэн.
Ерөнхий мэдээлэл
засварлахМандал сум нь өдгөө 9 багтай, үүнээс 2 нь тосгоны статустай. Нийт 7238 өрхөд 25562 хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.6 хүн оногдож байна.
Улаанбаатар хотоос 174км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн сум болон өргөжжээ.
2017 онд 1291 өрх, 58 ААНБ, нөхөрлөл, хоршоо нийт 9599,6 га талбайд тариалалт хийж 12900 тн ургац хураан авч газар тариалангийн салбарт 9,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мандал суманд 2017 оны жилийн эцсийн байдлаар 149,2 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 20,3 хувиар, худалдаа, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 13,4 хувиар тус тус өссөн бол хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 22,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мандал суманд 488 малчин өрх, 1339 мал бүхий өрх, 8 ААНБ-ын 101674 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.1 мянган толгойгоор буюу 10,7 хувиар буурчээ. Нийт сүргийн 7,7 хувийг цэвэр эрлийз мал эзэлж байна.
Нийт өрхийн 25,2 хувь нь мал аж ахуй эрхэлж тус салбарт 23,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь НБҮ-ийн 15,5 хувийг эзэлж байна.
Байгаль газарзүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн томоохон голтой, нийт 120 гол горхитой, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул болон байгалийн сонин тогтоцтой газар нутаг ихтэй, 160 гаруй эртний булш хирэгсүүртэй бөгөөд цаашид эдгээр газруудыг түшиглэн археологийн хайгуул судалгааг явуулж баталгаажуулан дэлхийд алдаршуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Сумын хэмжээнд хүнсний манлай үйлдвэр Спирт Бал Бурам ХК, Мод боловсруулах үйлдвэр, Төмрийн болон тоосгоны үйлдвэр зэрэг томоохон үйлвэрүүд байршихаас гадна сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна.
Мандал сумын төв нь Зүүнхараа. Зүүнхараагаас өмнөд зүгт 8 км зайд Хэрх тосгон байрлах бөгөөд эдгээрийг Хараа гол тусгаарладаг. Зүүнхараагаас зүүн өмнөд зүгт 45 км зайд Түнхэл тосгон оршдог.
Сумын нутгаар Монголын төмөр зам дайрдаг. Төмөр замын удирдах газар нь зүүнхараа өртөөнд байрладаг байжээ.
Зүүнхараагийн баруун өмнөд зүгт 30 км зайд Бороогийн алтны уурхай, зүүн өмнөд зүгт 30 км зайд Гацууртын алтны уурхай тус тус байрладаг. Мандал сумын нутагт "Ноён уул" "Ширхэнцэг", "Их мандал" "Бага Мандал" "Дууш" хэмээх сүрлэг сайхан уулс байдаг.
Засаг захиргааны нэгж
засварлахШирхэнцэгийн 2-р баг
засварлахТус баг нь 1990 онд хорооны зохион байгуулалтаар ажиллаж байсан. 1990 -1994 онд анхны хорооны дарга нь О.Саранхүү, 1994 – 1997 онуудад Багийн Засаг даргаар Г.Доржпалам,1997 – 2011 он хүртэл Ю.Нэрэндаваа /улиран 3 удаа сонгогдсон/ 2011 -2013 он хүртэл Ш.Хүдэр, 2013 оны сонгуулиар Багийн Засаг даргаар Д.Гэрэлцэцэг сонгогдон ажиллаж байна.
Тус баг нь 2945 хүн амтай, 791 өрхтэй, 10 хэсгийн даргатай, Ширхэнцэг, Улиастайн, Хайлааст, 241-р точик, СББХК-ны 1-12 байр, 47-р байр, Тост өргөөгийн 1-5 байрууд ордог.
Тус багийн нутаг дэвсгэрт СББХК, Нарны өртөө ХХК, Алсын өртөө ХХК, Идэрмандал ХХК, Жаврай ХХК, Номголжин ХХК, Маргадхараа ББН, Билэг ДБ сургууль, Аврах гал унтраах 19-р анги, Өгөөмөрмандал ХХК, Монгол чихэр ХХК, Хараачулуут ХХК, ШТС зэрэг 28 ААНБ –ууд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дийлэнхи хувь үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг.
Баян суудалын 3-р баг
засварлахБаянсуудалын 3-р баг нь 3800 иргэн, 970 өрх, 15 гудамж хэсэгтэй. төвөөс алслагдсан 36 малчин өрхтэй. Багийн нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуй зэрэгцэн оршдгоороо онцлогтой.
Хэрх 4-р баг
засварлах1994 онд УИХ-ын тогтоолоор Мандал сум, Зүүнхараа хот, Түнхэл хороо нийлж Хэрх тосгон 4-р баг байгуулагдсан. Хэрх тосгоны 4-р багийн Засаг даргаар Ч.Базар, Г.Жаргалтулга, Ж.Жавзандорж, Г.Юра, Л.Батсүрэн, Б.Ганболд нар ажиллаж байсан.
Баянхангайн 6-р баг
засварлахТус баг нь 2011 онд ТЗ-ын 1-р багаас хуваагдан шинээр баг болон байгуулагдсан. Анхны багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, багийн засаг даргань иргэдийн сонгуулиар сонгогдож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Ж.Энхтуяа, багийн засаг даргаар Ж.Хишигбаяр нь сонгогдсон. 2012 оны орон нутгийн сонгуулиар багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Ж.Бүрэнбуян, тэргүүлэгчдээр н.Бадамханд, Д.Даариймаа, Б.Ганчулуун, О.Хүрэлсүх, багийн засаг даргаар Ж.Хишигбаяр нар сонгогдон ажиллаж байна.
Баянхангай 6-р баг нь одоо 3260 хүн амтай, 960 өрхтэй, дунд өлөнт, баянхангай, сургууль, депо, зүүнхараа, өлөнт, улаанбаатар, 231-р км, хөдөөгийнгэсэн хэсэгүүдтэй. Хөдөөгийн хэсэгт ялбаг, хониннуга, шартовгор, арматах гэсэн газар нутгууд хамаарагддаг. Тус баг нь 4963 малтай үүнээс адуу 260, үхэр 1330, хонь 1650, ямаа 1723. Тус багт ТЗ-ын 4 байгууллага, \ Вагондепо, Замын 11-ранги, ЭЧВОД, Галунтрааханги\ боловсролын салбарын Олимп, Моносхон цэцэрлэг, модны үйлдвэрлэлийн Цогтманлай, Мандалоргил, Мортир, Тайгын нарс, Арсанчид, Худалдаа үйлчилгээний чиглэл гэх мэт 32 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.
Баян- Арцатын 9-р баг
засварлахБаян-Арцатын 9-р баг нь Мандал сумын ИТХ-ын 2010 оны 12-р сарын 02-ний өдрийн 14-р хуралдааны 11 тоот тушаалын дагуу байгуулагдсан. Уг багт 9-р багийн засаг дарга болон бүртгэл мэдээллийн ажилтан үйлчилгээний ажилтан тус тус ажилдаг. Газар нутаг байрлалын хувьд Арцат, Партизан, Энхтайван, Найрамдал, Ширхэнцэг, Үйлчилгээ гэсэн 6-н гудамжийг хамрах бөгөөд манай баг нь 818 өрхийн 2912 хүн амтай, 132 өрхийн 3188 толгой малтай. Үүнээс адуу 449, үхэр 1657, хонь 758, ямаа 324 толгой байна. Мөн төр төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Мандал сумын Нэгдсэн Эмнэлэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын 3-р сургууль, Мандал сумын Цэцэгхэн 1-рцэцэрлэг, УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ААНБ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Баян-Арцатын 9-р багийн Засаг даргаар Дамдинжамц овогтой Хадбаатар ажиллаж байна.