Ли Кэчян

(Ли Көчян-с чиглүүлэгдэв)

Ли Кэчян (хятад. уламж. 李克強, хялбар. 李克强, пиньинь Lǐ Kèqíang; 1955-2023 - Lǐ Kèqíang; 1955 оны 7-р сарын 1-нд БНХАУ-ын Аньхуй мужийн Динъюань-л төрсөн - 2023 оны 10-р сарын 27-нд Шанхай хотод нас барсан)-БНХАУ-ын төрийн зүтгэлтэн, улс төрч, Хятадын Коммунист намын удирдагчдын нэг. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны Байнгын хорооны гишүүн. 2013 оны 3-р сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 12-р чуулганы I хуралдаанд түүнийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд буюу Хятадын Засгийн газрын тэргүүнээр батлав. Ши Жиньпинтэй хамт түүнийг Хятадын Коммунист намын удирдагчдын тав дахь үе гэж үздэг.

Ли Кэчян (2019)

Ли Кэчян 1955 онд БНХАУ-ын Аньхуй мужийн Диньюань-д албан хаагч Ли Фэнсан-ий гэрт төрсөн байна. 1974 онд БНХАУ-ын Соёлын хувьсгалын үед дунд сургууль дүүргээд мужийнхаа нэгэн хамтралд хуваарилагдан ажиллаж эхэлжээ. 1976 оны 11-р сард Хятадын Коммунист намд элсэж бригадын намын хорооны нарийн бичгийн дарга болж «Мао Зэдуны сургаалийг суран дэлгэрүүлэгч» цол хүртэж байжээ.

1978-1982 онуудад тэрээр Бээжингийн Их сургуулийн хуулийн ангид суралцаж (хууль тогтоох ухааны бакалавр), Их сургуулийнхаа Оюутны Зөвлөлийн дарга байжээ. 1982 оны 2-р сараас Бээжингийн Их сургуулийн Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга болжээ.

1983-1985 онд БНХАУ-ын Коммунист залуучуудын Эвлэлийн боловсролын байгууллагуудын хэлтсийн даргаар ажиллаж, нэгэн зэрэг Бүх Хятадын оюутны холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн даргад нэр дэвшигчээр ажиллаж байсан (Энэ үеэр Ху Жиньтао 1984 оноос хойш нэгдүгээр нарийн бичгийн дарга байжээ).

1988-1995 онд Бээжингийн Их сургуулийн дэргэдэх Эдийн засгийн дээд сургуулийн магистратурт суралцаж Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1991 оны 9-11 сард ХКН-ын Төв хорооны дэргэдэх Намын төв сургуульд суралцсан. 1993 оны 3-р сараас 1998 оны 6-р сар хүртэл - 13-р хурлын Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, нэгэн зэрэг - Хятадын Залуучуудын Улс төрийн сургуулийн ректор.

1998 оны 6-р сараас 2004 оны 12-р сар хүртэл Ли Кэчян Хэнань мужид янз бүрийн удирдах албан тушаал хашиж байсан: 1998-2002 онд - мужийн ХКН-ын Хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1998-2003 онд - Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, мужийн захирагч хийжээ. Энэ муж нь Хятадын хамгийн их хүн амтай, ядуу, асуудалтай мужуудын нэг байсан юм. Тэрээр жижиг төслүүдэд цаг үрсэнгүй, харин мужийн эдийн засгийн өсөлтийн асуудлыг цогцоор нь шийдэх арга замыг эрэлхийлж эхлэв. Тэрээр тус мужаа хөрөнгө оруулалт татахуйц болгож чадсан.

2004 онд түүнийг Ляонин муж руу шилжүүлж, 2004 оны 12-р сараас 2007 оны 10-р сар хүртэл (ХКН-ын XVII их хурал) тус мужийн Намын хорооны дарга, хууль тогтоох хурлын Байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. Ляонин мужид Ли Кэчян "Нэг шугамын таван цэг" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Далянь, Дандун болон бусад боомтуудыг нэг тээврийн сүлжээнд нэгтгэж, худалдааны эргэлтийг сайжруулах зорилготой байжээ. Мөн тэрээр Орон сууцны асуудлыг шийдэхийн тулд их зүйл хийсэн байна.

2013 оны 3-р сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 12-р Их хурлын анхдугаар чуулган түүнийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд буюу Хятадын Засгийн газрын тэргүүнээр батлав. Ли Кэчян ажлаа хүлээн авмагцаа БНХАУ-ын Төрийн зөвлөл нийгмийн болон зах зээлийн төлөө чиг үүргийнхээ гуравны нэгийг орхих болно, учир нь төр хэт олон асуудлыг хянаж, шийдвэрлэдэг гэж мэдэгдсэн.

2018 оны 3-р сарын 18-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 13-р Их Хурлын анхдугаар чуулганы депутатууд Ли Кэчяныг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд - Хятадын Засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа улиран сонгосон байна. Түүний нэрийг БХАТ-ийн Их хурлын 2964 депутат дэмжиж, хоёр депутат эсрэг санал өгсөн байна. Ли Кэчяны нэрийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэвшүүлсэн юм.

2023 оны 3-р сарын 11-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цян дэвшиж тэрээр ажлаа өгсөн байна.

Ли Кэчян 2023 оны 10-р сарын 27-нд Шанхай хотод амралтаар очсон байх үеэрээ гэнэт зүрхний шигдээсээр нас барсан байна.