Бээжин Их Сургууль

Бээжин Их Сургууль (北京大学 - Běijīng Dàxué, Peking University) — БНХАУ-ын Бээжинд байдаг, 1898 онд үүсэн байгуулагдсан Хятадын ууган их сургуулийн нэг. Заримдаа товчоор «Бэйда» 北大 гэж нэрлэдэг байна.

Бээжин Их сургуулийн Номын сан

Бээжингийн Их сургууль "Times Higher Education" сэтгүүлийн дэлхийн Их сургуулиудын дунд тогтоосон чансаагаар 2023 онд 17 дугаарт орсон байна.

Тус Их сургууль Хятадын нийслэлд 1898 онд Чин Гуансюя эзэн хааны нийгэм, соёлын зөөлөн шинэчлэл хийх хөдөлгөөний «Шинэчлэлийн зуун өдөр» явагдах үед байгуулагдсан ажээ. Анх тус боловсролын байгууллагыг «Нийслэлийн багшийн Танхим» (хятад. 京师大学堂) гэдэг нэртэй байсан бөгөөд хоёр хэсгээс бүрдэж байжээ: «Албан хаагч болон сурагч нарын байгууллага» (仕学馆) болон «Багш нарын байгууллага» (师范馆). Хоёрдахь хэсгээс сүүлд Бээжингийн Багшийн Их сургууль, 1912 онд Синтхайн хувьсгалын дараа Бүгд Найрамдах Хятад улс байгуулагдсаны дараа эхний хэсэг нь Бээжин Их сургууль болжээ.

1917 онд тус сургуулийн захирлаар нэрт эрдэмтэн Цай Юанпэй (хятад. 蔡元培, Cài Yuánpéi, 1868-1940) томилогдож тус сургуульд чухал өөрчлөлт гарсан гэж үздэг байна. Түүний удирдлага дор 14 мэргэжил нээгдэж, эмэгтэйчүүд суралцаж эхэлсэн бөгөөд улсын шилдэг мэргэжилтэн, эрдэмтдийг багшаар ажлуулж эхэлжээ.

Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр Бээжингийн их сургууль тус улсын өмнөд хэсэгт орших Юньнань мужийн төв Кунмин хот руу нүүсэн байна. Тэнд оюутнууд, багш нарын хүчин чармайлтаар бие даасан боловсролын байгууллага болох Баруун өмнөд Үндэсний их сургууль нээгдсэн түүхтэй. Бээжингийн их сургууль нийслэлд буцаж ирсний дараа хэд хэдэн хүрээлэнгүүдтэй нэгтгэж, улсын хэмжээний Их сургууль болсон юм. Энд урлаг, шинжлэх ухаан техникийн, хууль эрх зүй, анагаах ухаан, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн байна. Мөн хүмүүнлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн бий болсон ажээ. 1946 онд нийт оюутны тоо гурван мянгад хүрч байжээ.

1950-иад оноос 1990-ээд оны сүүл хүртэл Бээжин их сургууль тогтвортой хөгжиж, өргөжиж байв. 2000 онд түүний дэргэд томоохон Анагаах ухааны дээд сургууль байгуулагдаж, Бээжингийн их сургуулийн Эрүүл мэндийн коллеж болжээ.

Өнөөдөр "Бэйда" бол Хятадын хамгийн нэр хүндтэй, чухал дээд боловсролын байгууллага болоод байгаа юм. Түүний бүтцэд 30 коллеж, 12 факультет багтдаг. Бакалаврын 93, магистрын 199, докторын 173 мэргэжлээр сургалт явуулж байна.

Тус их сургууль нь 216 эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнтэй бөгөөд улсын хэмжээний хоёр инженерчлэлийн судалгааны төвтэй юм. Их сургуулийн номын санд 8 сая гаруй ном, 10,000 нэр төрлийн Хятад, гадаадын сэтгүүл бий. Номын сан, уншлагын танхимын нийт талбай нь 50 мянган хавтгай дөрвөлжин метрээс давсан нь Азийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм.

Хятадын Шинжлэх Ухааны Академи, Инженерийн Шинжлэх Ухааны Академийн профессорууд, докторантуудын удирдагч, академич нар, оюутнуудын тоогоороо (35 мянга гаруй) Бээжингийн их сургууль улсдаа нэгдүгээрт ордог. Мөн хоёр мянга орчим гадаадын иргэнийг оюутны хотхонд байнга байрлуулдаг. Тэдний 40 хувь нь солонгосчууд, үлдсэн 60 хувь нь Европ, Хойд Америк, Австрали, Азийн иргэд сурдаг байна.


Их сургуулийн албан ёсны цахим хуудасны хаяг:-http://www.pku.edu.cn/eabout/

Цахим холбоос

засварлах
  Commons: Бээжингийн их сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

https://web.archive.org/web/20080920030043/http://www.pku.edu.cn/eabout/