Нобелийн энхтайвны шагнал
Нобелийн энхтайвны шагнал нь Осло дахь Нобелийн хорооноос энхтайвны үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагад жил бүр олгодог шагнал юм. 1901 оноос хойш уг шагналыг олгож эхэлсэн байна.
Нобелийн сангийн дүрмийн дагуу дараах хүмүүс шагналд нэр дэвшүүлэх боломжтой.
- Улс орнуудын үндэсний парламент, Засгийн газрын гишүүд.
- Олон улсын шүүхийн гишүүд.
- Их сургуулийн ректорууд; нийгмийн шинжлэх ухаан, түүх, гүн ухаан, хууль, теологийн профессорууд; энхтайван, гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлууд.
- Өмнө Нобелийн энхтайвны шагнал хүртсэн хүмүүс.
- Өмнө Нобелийн энхтайвны шагнал хүртэж байсан Байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд.
- Норвегийн Нобелийн хорооны одоогийн болон хуучин гишүүд, зөвлөхүүд.
Нобелийн сангийн дүрмийн дагуу шагналын эздийг Норвегийн парламентаас томилдог Норвегийн Нобелийн хороо сонгодог байна.
Шагнуулсан хүмүүс
засварлахНобелийн энхтайвны шагналаар анх 1901 онд Швейцарын Жан Анри Дюнан болон Францын иргэн Фредерик Пасси нар шагнуулж байжээ. Нийт 97 удаа шагнал гардуулахад 66 удаад нь нэг хүнд олгож 29 удаад нь хоёр хүнд хувааж, 2 удаад нь 3 хүний дунд гардуулж байжээ. Нобелийн сангийн дүрмийн дагуу энхтайвны шагналыг нэг удаа 3 хүнээс илүү хүнд хувааж өгч болохгүй гэж заасан байдаг ажээ. 1901 оноос хойш Нобелийн энхтайвны шагналыг 130 хүнд, 26 байгууллагад гардуулжээ.
Шүүмжлэл
засварлахЗарим тохиолдолд Нобелийн энхтайвны шагнал нийгэмд маргаан үүсгэж байсан. Тодорхой нэг жишээ бол Ясир Арафатад «Ойрх Дорнодод энхтайвныг тогтооход оруулсан хувь нэмрийг үнэлж» 1994 өгсөн явдал шүүмжлэл дагуулж байсан. 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг уг шагналаар шагнасан явдал нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэж хэл ам дагуулж байсан. Мөн Нобелийн энхтайвны 2012 оны шагналыг Европын Холбоонд өгсөнд дэлхий нийтээр ихэд шүүмжилж байсан.
Эчнээ олгосон шагнал
засварлахДараах шагнал хүртэгсэд биеэр ирж авч чадахгүй шоронд, гэрийн хорионд буюу ямар нэг байдлаар эрхээ хасуулсан байсан:
- 1935 — Карл фон Осецкий «Герман дахь милитаризмын эсрэг тэмцсэн»
- 1975 — Андрей Дмитриевич Сахаров «Энхтайвны үндсэн зарчим, хүний нэр хүндийг гутаан доромжлохтой тэмцсэн».
- 1983 — Лех Валенса «Хүний эрхийн төлөө тэмцсэн».
- 1991 — Аун Сан Су Чи «Хүний эрхийг хамгаалсан».
- 2010 — Лю Сяобо «Хятадад хүний үндсэн эрхийг хамгаалах удаан хугацааны тэмцэлийн төлөө»