Коко Шанэль
Габриэль Бонёр (Коко́) Шанэль (франц. Gabrielle Bonheur "Coco" Chanel; 1883 оны 8-р сарын 19-нд Сомюр хотод төрсөн- 1971 оны 1-р сарын 10-нд Парис хотноо нас барсан) - францын алдартай хувцас зохион бүтээгч эмэгтэй, ХХ зууны европын болон дэлхийн моодонд томоохон нөлөө үзүүлсэн "Chanel" загварын зохион бүтээх төвийг үндэслэгч.
Дэлхийн 1-р дайны дараа тэрээр хувцасны загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц загвар оруулсан зохион бүтээгч юм. Энэ загвар нь эмэгтэй хүний хувцсыг уламжлалт эрэгтэйлэг болгож, хялбаршуулж «энгийн атлаа тансаг» (le luxe de la simplicité) зарчмыг баримталдаг загвар зохион бүтээсэн юм.
1920 онд Коко Шанель Грасс хотод байхдаа Оросоос цагаачлан ирсэн үнэртэн зохион бүтээгч Эрнест Энри Бө (франц. Ernest Henri Beaux) -тай танилцжээ.
Шанель тухайн үеийн уламжлалт бус цэцгийн болон жимсний үнэр агуулсан, харин эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн өвөрмөц үнэртэй сүрчиг бүтээхийг Эрнест Бө-гээс хүссэн байна.
1921 онд сүрчиг бүтээгч эрчимтэй судалгаа хийснийхээ дараа Chanel-ээс 1-ээс 5, 20-24 гэсэн хоёр цуврал дугаарласан дээжээс үнэртэн сонгохыг хүсэв. 5-р хийсэн найрлага нь Кокод таалагдсан. Улмаар алдарт Chanel No. 5 сүрчиг бий болсон юм.
Коко Шанель дэлхийн 2-р дайны үед Францыг эзэлсэн Герман нацистын эрх баригчидтай нэлээд нягт холбоотой байсан гэж шүүмжлүүлж байсан. Дайны дараа Шанель нацистуудтай ямар харилцаатай байсан гэгдэж байсан ч Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн хөндлөнгийн оролцооны ачаар түүнийг 1944 онд хамтран ажилласан гэж буруутгаагүй чөлөөлсөн. Улмаар тэр Швейцар руу явж тэндээ 1953 он хүртэл амьдарсан байна. Парист буцаж ирээд загварын ордонгоо сэргээн нээсэн байна.
1953-1960-аад онд Шанель Холливудын янз бүрийн студиудтай хамтран ажиллаж, Одри Хепберн, Элизабет Тейлор зэрэг оддыг хувцасладаг байв. Түүний үйлчлүүлэгчдийн дунд АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди мөн байсан. Үүнээс гадна Шанель буяны үйлстэн байсан бөгөөд Сальвадор Дали, Пабло Пикассо нарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан юм.
1971 оны 1-р сарын 10-нд Габриэль 87 насандаа удаан хугацаагаар амьдарч байсан Парисын "Ритц зочид буудал"-д зүрхний шигдээсээр нас баржээ.