Кадыр берди (Перс: قدیر بردی خان ابن تختامش; татар: Qäder Birde) бол Алтан Ордыг 1419 онд түр зуур захирсан хаан юм. Тэрээр Тохтамыш хааны черкес гаралтай татвар эмээс төрсөн хөвүүн.

1417 онд Эдигу ноён, Дервиш хаан нар Жаббар бердийг ялж, Алтан Ордод дангаар ноёрхож эхэлсэн ч, Литвын Витольд ван Тохтамышийн хөвүүн Кадыр бердийг хаан болгон цэрэг өгч Алтан Орд руу илгээв.

Кадыр берди 1419 оны зун Дервиш хаантай байлдан алж Сарай, Казаньд хяналтаа тогтоон зоос гаргав. Эдигу крым руу зугтаж, Зүчийн удмын Бег Суфи гэгчийг хаанд өргөмжлөн Литвын ван Витольдод элч илгээн найрамдах санал тавьсан ч амжилтгүй болж, хүчиндээ эрдсэн Кадыр бердитэй байлдан ялагдан Урал руу зугтав. Эдигу ноён Сибирьд очсоны дараа Шибаны удмын Хажжи Мухаммад гэх ноёныг хаанд өргөмжлөв. Иймээс Кадыр берди хаан их цэргээ удирдан Эдигуг устгахаар байлдаж яваад шархдан амь үрэгдэв. Эдигу амь зулбан гарсан ч, нэхүүл цэрэгт баригдан үхжээ.

Кадыр бердийг үхсний дараа Алтан Ордод Хажжи Мухаммед, Үлүг Мухаммед, Жаббар бердийн хөвүүн Давлет берди гэсэн гурван хаан нэгэн зэрэг гарч ирэн жинхэнэ хаан болохын төлөө өрсөлдөж эхлэсэн.

Өмнөх
Дервиш
Алтан Ордын Хаан
1419
Дараах
Хажи Мухаммед
Үлүг Мухаммед
Давлет берди