Үлүг Мухаммед (1405–1445; الغ محمد; татар: Олуг Мөхәммәт, галиг: Oluğ Möxəmmət) нь Алтан Ордын зарим нутгийг 1419-1437 оны хооронд захирч байсан хаан юм. 1438 онд Казаний хант улсыг байгуулж, Алтан Ордоос салан тусгаарлав. Тэрээр Тугатөмөрийн 6 дахь үеийн ач Ичкиле Хасаний хөвүүн бөгөөд, түүний авга ах Таштөмөрийн удмынхан Крымын хант улсын хаад болсон.

Үлүг Мухаммедийн Туркын султан Мурад руу илгээсэн захидал

Түүний нэрийн өмнөх "үлүг" буюу "их" гэдэг үг нь 1419-1459 онд Мухаммед нэртэй гурван хаан зэрэгцэн төр барьж байснаас үүдэн тэднийг ялгахын тулд түүхчдийн өгсөн хоч нэр юм.

Товч тойм засварлах

Мухаммед нь 1419 онд Кадыр берди хаан, Эдигу нар нас барсны дараах эзэнгүй үеийг ашиглан крымын ноён Текиегийн дэмжлэгтэйгээр Сарай хотыг эзлэн хаан болсон. 1419 оны сүүл 1420 оны эхээр Хорезм мужид Үлүгбегийн дэмжлэгтэй Барак, Едигейн хөвүүн Мансурын дэмжлэгтэй Хажи Мухаммед, крымын ноёдын дэмжлэгтэй Давлет берди гэсэн дөрвөн хаан зэрэг шахуу Алтан Ордод буй болсон. 1420 оны 7 сард крымд төвлөрсөн Давлет бердитэй байлдан ялагдаж Сарай хотыг алдан хойд зүг Булгар руу зугтжээ. Булгараас цэргийн хүч цуглуулаад 1421-1423 онд Барак хаантай Ижил мөрний доод урсгал, Сарай хотод хяналт тогтоохоор дайтан ялагдан Литва руу зугтав. 1424 онд литвын ван Витольдоос дэмжлэг авч крым, хажитарханыг эзлэн, Сарай хотыг довтлон Барактай дайтаж, 1426 онд ялан Ижил мөрнөөс зүүн тийш хөөв. Удалгүй 1428 онд Давлет берди хаан крымыг эзлэн Үлүг Мухаммедын эсрэг дайсагнах болсон. 1428 оны эхээр Барак хааныг довтлон ялж, бараг л үнэмлэхүй эзэн болсон хэдий ч 1428 онд Едигейн хөвүүд Мансур, Гази, Наврузын дэмжлэгтэй Кичи Мухаммед гэгчийг хаан өргөмжлөн, Мухаммед хаантай байлдахаар болох үед Навруз нь шинэ хаантайгаа муудалцаж Үлүг Мухаммедийн талд орсноор Кичи Мухаммед ялагдан зугтав. Мухаммедийн харьяат ноён Текие, Хайдар тэргүүтэй ноёд, Наврузад тал зассан хаандаа дур алдарч крым рүү нүүж одов. 1437 онд Кичи Мухаммед дахин цэрэг цуглуулан хаан болж, Сарайг довтлох үед тэрээр 3000 цэргээ удирдан умарш зорчин Казань хотыг эзлэн сууснаар Казаний хант улсыг байгуулав. 1437 онд Белёв хотын тулаанд Москвагийн армийг ялав.

Өмнөх
Кадыр берди
Алтан Ордын Хаан
(Давлет берди, Барак)

1419-1437
Дараах
Кичи Мухаммед
Сайид Ахмед
Өмнөх
Байгуулсан
Казаний хаан
1437-1445
Дараах
Махмуд (Казаний хаан)