Тактик
Тактик нь салбар, анги, нэгтгэлийн байлдааныг бэлтгэж явуулах онол, практикийг хамаарна. Тэр нь ерөнхий тактик, тусгай тактикуудад ангилагдана. Ерөнхий тактик нь бүх төрөл, мэргэжлийн салбар, анги, нэгтгэлийн нэгдсэн нэг бодлого төлөвлөгөөгөөр явагдах байлдааны онол, практик юм. Ийм нэгдсэн нэг бодлого төлөвлөгөөгөөр явагдах байлдааныг ерөнхий цэргийн байлдаан гэнэ. Тактикийн онол нь орчин үеийн байлдааны шинж чанар, агуулгыг шинжлэн судалж, тактикийн хүч хэрэгслээр явуулах зэвсэгт тэмцлийн зүй тогтол, зарчмуудыг нээн илрүүлнэ. Цэргийн салбар, ангийн байлдааны боломжийг судлан тогтоож, байлдааныг бэлтгэж явуулах аргыг боловсруулна. Тактикийн онолын хөгжлын үр дүн, дүгнэлтүүд нь дүрэм, заавар, сурах бичиг, гарын авлага, цэргийн онолын бүтээлүүдэд тусгалаа олдог. Тактикийн практик тал нь байлдаанд бэлтгэх, түүнийг явуулах үеийн захирагч, цэргийн алба хаагчдын үйл ажиллагаагаар илэрнэ. Тэр нь цагийн байдлын мэдээ цуглуулах, судлах, шийдвэр гаргах, байлдааны үүргийг захирагчдад хүргэх, байлдааныг төлөвлөх, цэрэг, газар орныг байлдаанд бэлтгэх, байлдааныг явуулах, салбар, ангиудыг байлдаанд удирдах, байлдааны бүх талын дэмжлэг, хангалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хамаарна. Орчин үед тактикийн үүрэг нь маш өндөр юм. Энэ нь сүүлийн үед болсон хязгаарлагдмал жижиг дайны сургамж, туршлагаар нотлогдож байна. Нэг талаар, ерөнхий цэргийн байлдааны, дайсныг ялахад эзлэх байр суурь өндөр хэвээрээ байна. Нөгөө талаар, тактикийн салбар, ангиудтай байлдааны үүрэг гүйцэтгэх боломж үлэмж их өсөж байна. Ийм учраас тактик (тактикийн бэлтгэл)-ийн ач холбогдол өсөж, цэргийн байлдааны бэлтгэлийн чухал хэсэг, цэргийн сургуулийн сургалтын голлох хичээл болж байгаа юм. Тактик нь цэргийн урлагийн хамгийн хөгжил хөдөлгөөнтэй, уян хатан бүрэлдэхүүн хэсэг юм. Техник технологийн дэвшил хурдасч, зэвсэгт тэмцлийн хэрэгслэл төгөлдөржин, армийн бие бүрэлдэхүүний боловсрол, соёл, ёс суртахууны дайчин чанар өсөх хэмжээгээр тактикт улам бүр өөрчлөлт, шинэчлэлт гарч, төгөлдөржин боловсронгуй болсоор байна. Тактик цэргийн практик үйл ажиллагаатай улам бүр нягтран ойртож байна. Түүний хөгжлийн төвшин, офицер, штаб, цэргийн тактикийн бэлтгэлийн чанар нь байлдаанд ялах урьдчилсан тулгуур нөхцөл болно. Тактикийн үүргийн хүрээ асар өргөн юм. Тэр нь зэвсэг, байлдааны техникийн хөгжлийн төвшин, ирээдүйн байлдааны шинж чанар, түүнийг явуулах арга, гүйцэтгэж болзошгүй байлдааны үүргийн төлөв байдал агуулга, хэлбэрээр тодорхойлогдож байна. Тактикийн чухал үүрэг нь газар дээр болон агаарын, электроны, мэдээллийн өрсөлдөөний төвөгтэй цагийн байдалд салбар, ангийн байнгын бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг боловсруулж, амьдралд хэрэгжүүлэх, орчин үеийн стандартын биш байлдааныг явуулах аргыг боловсруулах, түүнд цэргийг сургах явдал юм. Өндөр техиологийн эрэн эхлэж, шинэ зарчим дээр үндэслэсэн хөнөөх хэрэгсэл өргөнөөр нэвтэрч байгаа нь, нэг талаар түүнийг эзэмшиж, түүнд нийцсэн байлдааны тактикийг боловсруулах, нөгөө талаар дайсны тийм зэвсгээс хамгаалах, цэргийн аюулгүй байдлыг хангах арга, журмыг боловсруулан амьдралд хэрэгжүүлэхийг шаардаж байна. Орчин үеийн зэвсэгт тэмцлийн хэрэгсэл салбар, ангиудын зэвсэглэлд нэвтэрч байгаа нь байлдааны шинж чанар, түүнийг явуулах нөхцөлийг үндэсээр нь өөрчилж байна. Тактик энэ өөрчлөлтийг илрүүлж, орчин үеийн байлдааны ерөнхий төлөв байдал, тодорхой онцлог талыг тогтоосноор, түүнд бэлтгэх, явуулах шинэ арга, зарчмыг тодорхойлох үүргийг хүлээж байна. Энэ утгаараа, тактик нь бүтээлч шинжтэй юм. Байлдаанд бүх төрөл, мэргэжлийн цэргийн гал, цохилт, маневр, цэргийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ухаалгаар нягт хослуулсанаар дайсныг ялж болно. Тактикийн үүрэг нь ерөнхий цэргийн байлданы энэ хослолын хамгийн зохистой харьцааг тодорхойлж, түүнд оролцогч хүч хэрэгслэлийн оролцооны хувь хэмжээг тогтоох явдал юм. Тактикийн чухал үүргийн нэг нь дайсны хүч хэрэгслэл, тэдгээрийг байлдаанд хэрэглэх үзэл бодол, төрөл бүрийн байлдааныг явуулах аргыг судалж, дайсны хүчтэй ба сул тал, зэвсэглэл, техник, цэргийн зохион байгуулалт, ажиллагааны тактикийн үндсийг илрүүлэх явдал юм. Үүний үр дүнд өөрийн ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлж, оюун санаа, цэргийн урлагаар давамгайлгах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнээс гадна, тактик нь цэргийн удирдлага, байлдааны бүх төрлийн хангалтын асуудлыг судалж, түүнийг янз бүрийн нөхцөлд хэрэгжүүлэх практик зааварчилгааг боловсруулна. Салбар, ангийн бие бүрэлдэхүүний ёс суртахуун, сэтгэл зүйн өндөр чанарыг хангах, байлдааны үүргийг амжилттай биелүүлэх сэтгэл санааны бат тогтвортой байдлыг бүрдүүлэхэд тактик чухал үүрэг нөлөөтэй юм. Зэвсэгт тэмцлийг үр ашигтай явуулах ашиг сонирхлын үүднээс, тактикийн хөгжлийн үр дүн, дүгнэлтэд тулгуурлан цэргийн салбар, ангийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл, байлдааны бэлтгэлийн төвшинд тавигдах шаардлага боловсруулагдана. Энэ утгаараа тактик нь чиглүүлэн залах шинж чанартай юм.