Ирина Владленовна Пантаева (1967 оны 10 сарын 31-нд Улаан-Үдэд төрсөн)[1] нь буриад монгол гаралтай, орос-америкийн загвар өмсөгч, жүжигчин.

Ирина Пантаева анх 1988 онд Улаан-Үдэд загвар зохион бүтээгч Лариса Дагдановагийн загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэр үедээ Хятадад "Ларисса" цуглуулгын загварын хэд хэдэн шоуд оролцсон. 1989 онд Буриадад анх удаа "Улаан-Үдийн сайхан бүсгүй" тэмцээн зохиогдоход оролцон түрүүлэв. Мөн оны сүүлчээр Ирина Москвад очиж Хожи Насреддин эргэн ирсэн нь (Орос: Возвращение Ходжи Насреддина)[2] киноны дүрийн сонгон шалгаруулалтад тэнцэж тоглосноор жүжигчний гараагаа эхэлжээ. Улмаар загвар зохион бүтээгч Ирина Молчановагийн загварын Авангард театрт орсон аж. 1991 онд анхныхаа томоохон загварын шоу болох Москвагийн Пьер Кардины шоуд оролцсон байна.

1992 онд загварын карьер хөөхөөр Парисыг зорьж, Карл Лагерфелдийн хараанд өртсөнөөр түүний загварын шоуд оролцож, от кутюр буюу "дээд загвар"-ын ертөнцөд хөл тавьжээ. Пантаева Мэрилин агентлагтай гэрэ байгуулсан. Улмаар 1994 онд Нью-Йорк хот руу шилжин суурьшиж, Үхлийн тулаан: Мөхөл киноны Жэйдийн дүрийг бүтээснээс гадна Гулагаас оргосон нь, Селебрити, Зүүландер, Миний мэдэх хүмүүс кинонуудад жижиг дүр бүтээж, Нарнаас гурав дахь гараг кинонд зочноор оролцон тоглосон. Мөн Жүүтопиа хэмээх тайзны бүтээлд дүр бүтээжээ. Тэрээр Нью-Йоркод байх үедээ Нью-Йорк Их Сургуулийн театрын тэнхимийг дүүргэжээ.

Пантаева Кристиан Диор, Версаче, Александр Маккүйн, Тьерри Мюглер, Миякэ Иссэй, Жон Галлиано, Ив Сан Лорен, Анна Сүй, Клоэ, Кэнзо зэрэг алдартай загвар зохион бүтээгчид, загварын орднуудын загварыг тайзнаа амилуулан алхаж, Кэлвин Клайн, ГАП, Кэнзо, Миссони, Ливайс жийнс зэргийн сурталчилгааг чимж, Воуг, Харперс Базар, Элле зэрэг загварын сэтгүүлүүдийн нүүр хуудсанд заларч байв. 1990-ээд оны сүүлийн хагаст Ирина Английн загвар зохион бүтээгч Вивиен Вэствүүдийн хамгийн дуртай загвар өмсөгчдийн нэг байжээ. 1998 онд Ирина Спорт Иллюстрэйтд сэтгүүлийн усны хувцасны цуглуулгы чимснээс гадна өөрийн намтрын ном болох Сибирийн мөрөөдөл: Дурдатгал номоо хэвлүүлсэн билээ[3][4].

Хувийн амьдрал

засварлах

Пантаева 1989 онд хүү Русланаа төрүүлсэн бөгөөд 1994 онд Латвийн гэрэл зурагчин Роланд Левинтэй гэрлэж, 2003 онд хүү Солонгыг төрүүлжээ.[1] 2008 онд Пантаева Левинээс салсан.

Цахим холбоос

засварлах
  1. 1.0 1.1 "Ирина Пантаева: «Я не мечтала о карьере топ-модели»". newbur.ru (Russian хэлээр). 26 October 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "Vozvrashchenie Khodzhi Nasreddina (film)". IMDb. Татаж авсан: January 8, 2016.
  3. "Irina Pantaeva". Sports Illustrated. Татаж авсан: January 8, 2016.
  4. "Irina Pantaeva". www.irinapantaeva.net. Татаж авсан: January 8, 2016.