Изинис Эйрвэйз ( Eznis Airways) компани нь Монголын баджет агаарын тээврийн компани юм. 2006 онд байгуулагдаж, 2014 онд үйл ажиллагаагаа зогсоогоод 2018 онд дахин нислэг үйлдэж эхэлсэн.

Eznis Airways
Изинис Эйрвэйз
IATA код
MG
ICAO код
EZA
Дуудах тэмдэгт
EZNIS
Байгуулагдсан 2006
Дамжин өнгөрөх цэг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал[1]
Онгоцны тоо 1
Нисэх чиглэл 2
Компанийн уриа Туулах тэнгэр цэлмэг Тухлах зорчигч амгалан

Fly easy, Fly smart!

Төв байр Улаанбаатар, Монгол Улс
Дарга нар *Т.Тамир (CEO)
  • Д.Оюундэлгэр (CFO)
Цахим хуудас www.eznis.com

Түүхэн товчоон

засварлах

2006 онд үндэсний хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Анх 2 ширхэг Сааб-340В онгоцтойгоор 2006 оны 5 дугаар сард байгуулагдаж байсан бөгөөд анхны нислэгээ 2006 оны 12 дугаар сард Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатарын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 2007, 2010 онуудад тус тус 1 Сааб-340В онгоц худалдан авснаар нийт 4 ширхэг Сааб-340В онгоцтой болж өргөжиж дотооддоо хамгийн олон чиглэлд нислэг үйлддэг буюу нийт 10 чиглэлд нислэг үйлддэг авиа компани болсон байлаа.

Изинис Эйрвэйз компани нь орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэгүүдийг нийслэл Улаанбаатар хотоос Сааб 340Б, Авро Ар-Жэй 85, Бомбардир Кю-400 загварын агаарын хөлгүүдээр үйлдэж байсан.

Түүнчлэн тус компани нь БНХАУ, ОХУ болон Казахстан улс руу олон улсын захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлж байлаа.

 
Изнис эйрвэйзийн Сааб 340В онгоц.

2009 оны 8 дугаар сард Изинис эйрвэйз компани анхны олон улсын нислэгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу шууд нислэг үйлдсэнээр олон улсын чиглэлд нислэг үйлддэг Монголын гурав дахь авиа компани болсон юм. 2010 оны 6 дугаар сард олон улсын хоёр дахь хуваарьт нислэгийн чиглэлийг нээж Оросын Холбооны Улсын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу нислэг үйлддэг болж дотоодын 10, олон улсын 2 хуваарьт нислэг үйлддэг болж өргөжсөн.

2011 онд Изинис эйрвэйз нь компанийнхаа анхны дундын зайн хөлөг болох 4 хөдөлгүүрт 93 хүний суудалтай Авро Ар-Жей 85 онгоцноос нийт 2 ширхгийг худалдан авснаас, эхний онгоцыг нь 6 дугаар сард хүлээн авч Улаанбаатар-Увс-Ховд-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ үйлдсэн бөгөөд 2 дахь онгоцоо 9 дүгээр сард хүлээн авсан юм. Ингэснээр Изинис эйрвэйз компани нийтдээ 6 ширхэг онгоцоор нислэг үйлддэг болсон.

 
Авро Ар Жей-85 онгоц хөөрч буй нь.

2012 онд тус компани нь дуу чимээ багатай, түлш бага зарцуулдаг зэрэг давуу талуудтай Канад улсын Бомбардир Кю-400 онгоц болон АНУ үйлдвэрлэгдсэн анхны Боинг 737-700 онгоцыг худалдан авсан юм.

Ийнхүү өргөжин тэлсээр нийт 4 ширхэг Сааб-340В, 2 ширхэг Авро Ар-Жей 85, 1 ширхэг бомбардир Кю-400, 1 ширхэг Боинг 737-700 гэсэн нийт 8 онгоцоор Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай гэсэн дотоодын 10 аймгийн 14 чиглэл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Оросын Холбооны Улсын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хот руу олон улсын 2 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байсан.

 
Изинис Эйрвэйз ХХК-ийн Боинг 737-700 агаарын хөлөг Чингис Хаан ОУ-ын нисэх буудлаас Хонконгийн чиглэлд хөөрч байна.

Изинис Эйрвэйз компани нь уналтад ороод байсан дотоодын агаарын тээврийн салбарт 4 төрлийн шинэ онгоцыг нэвтрүүлэн, нийт 9 ширхэг агаарын хөлгөөр дотоодын 14, олон улсын 2 чиглэлд, 30 мянган удаагийн нислэг үйлдэж Монголын төдийгүй гадаадын 772,000 зорчигчийг ямар ч аюул осолгүй зорьсон газарт нь тээвэрлэсэн байна. Энэ хугацаанд Изинис Эйрвэйз нь төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, уул уурхайн тэргүүлэгч компаниуд, аялал жуулчлалын компаниуд, билет борлуулагч агентлагууд болон олон нийтийн итгэлийг хүлээсэн, найдвартай агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч болж чадсан төдийгүй дэлхийн тэргүүлэгч агаарын тээвэрлэгчид, техникийн баг бүрэлдэхүүнтэй хамтран ажилласан нь Монголын иргэний агаарын тээврийн салбарт гадаадын өндөр технологи, стандартыг нутагшуулах суурь нөхцөлийг хангаж өгсөн юм. Тухайлбал Изинис Эйрвэйз компани нь Люфтханза Техник Швейцар болон Олл Ниппон Эйрвэйз компаниудтай урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоон ажиллаж байлаа.

Изинис Эрвэйз ХХК нь 2018 оноос үйл ажиллагаагаа дахин нээж, Монгол улсад анх удаа Баджет нислэгийн моделийг нэвтрүүлэн ажиллаж байна. Баджет нислэгийн гол онцлог нь аялагчид хэрэгцээгээ өөрөө тодорхойлж, сонгосон хэрэглээндээ тохирсон төлбөр төлөх эрх чөлөөг олгодог.

Мөн 2024 оны 6 сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонгконг, Чёнжу, Пусан зэрэг чиглэл рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа аж.

Мөн 2024 оны 7 сарын 10-нд Чех улсын Праг хот руу нислэг үйлдсэн


Цахим холбоос

засварлах