Жак-Ив Кусто (Франц: Jacques-Yves Cousteau; 1910 оны 6 дугаар сарын 11-нд Бордогийн ойролцоох Сент-Андре де-Кюбзакт төрж, 1997 оны 6 дугаар сарын 25-нд Парист нас барсан) - Францын тэнгисийн цэргийн офицер, аялагч, гэрэл зурагчин, найруулагч, зохион бүтээгч, зохиолч. Францын Академийн гишүүн. Ахмад Кусто (фр. Commandant Cousteau) гэж түүнийг олон нийт мэддэг болсон. Тэрбээр далай судлал ба түүнийг баримтжуулахад усан доорх кино зургийн камерыг дэлхийд анх ашигласнаараа алдаршсан нэгэн юм.[1]

Жак-Ив Кусто, 1972 он

Амьдрал

засварлах

Жак-Ив Кусто алдарт дарсны Бордо мужийн жижиг Сент-Андре-де-Кюбзак хотод өмгөөлөгч Даниэль Кусто эхнэр Элизабет Кусто нарын хоёр дахь хүү болж төрсөн. Эцэг эх нь аялах дуртай байсан тул Жак-Ив багаасаа далайд дурласан байна.

7 настайд нь түүнийг ходоодны өвчтэй гэж оношилсон тул хүнд ачаалал өгөхгүй байхыг зөвлөсөн байна. Дэлхийн 1 дүгээр дайны үед эцэг Даниэль Кусто ажилгүй байж байгаад дайны дараа америк иргэн Южин Хиггинсийн компанид ажилд оржээ. Эцэг ажлаар гадагшаа их явах болсон тул хөвгүүд дотуур байртай сургуульд сурах болжээ. Кусто эрт усанд сэлж сурч, насан турш далайд хайртай болжээ.

1920 онд Южин Хиггинс Нью-Йорк руу буцах болсон тул Кустогийн гэр бүл түүнийг дагаж явав. Жак-Ив, Пьер-Антуан нар АНУ-д сургуульд сурч, англиар чөлөөтэй ярьж сурчээ. Тэнд Вермонт дахь гэр бүлийн амралтын үеэр ах дүүс анхны гүний шумбалт хийжээ. 1922 онд Хиггинс ба Кустогийн гэр бүл Францад буцаж ирэв. АНУ-д Жак-Ив механик, дизайн сонирхдог болжээ. Францад тэрбээр цахилгаан машин бүтээсэн байна. Энэ сонирхол нь түүний ирээдүйн ажилд нь тусалсан юм. Цуглуулсан мөнгөөрөө Кусто анхны киноны камераа худалдаж авав. Жак-Ив олон зүйлийг сонирхож байсан ч түүнд суралцах боломж муу байжээ. Хэсэг хугацааны дараа эцэг эх нь түүнийг тусгай дотуур байртай сургуульд сургахаар шийдэж тэрбээр сургуулиа онц төгссөн байна.

1930 онд тэрбээр Тэнгисийн цэргийн академид элсэн оржээ. Түүний сурч байсан бүлэг нь "Жанна д'Арк" хөлөг онгоцоор дэлхийн өнцөг булан бүрт анх удаа аялж байжээ. Тэрбээр цэргийн академийг батлан ​​хамгаалахын офицер цолтой төгсөж, Шанхай дахь тэнгисийн цэргийн бааз, ЗСБНХУ-д хүртэл зочилж, тэнд маш их гэрэл зураг авахуулсан боловч бараг бүх материалыг хураан авсан байна. Кусто Тэнгисийн цэргийн нисэхийн академид явахаар шийдсэн тул тэнгэр түүнийг татсан боловч уулын зам дээр гарсан автомашины ослын дараа тэрбээр нисэхээ орхих хэрэгтэй болжээ. Ослын улмаас Кустогийн хэд хэдэн хавирга, хуруу нь хугарч, уушги нь гэмтэж, баруун гар нь саажилттай болж, нөхөн сэргээх эмчилгээ найман сар үргэлжилсэн.

1936 онд сэргээн босгох ажилд тэрээр Тулон боомтод томилогдсон "Суффрен" хөлөг онгоцны зааварлагчаар оров. Нэг өдөр тэр дэлгүүрт очиж шумбах нүдний шил харав. Тэр шилтэйгээ шумбаж байхдаа тэр одооноос эхлэн түүний амьдрал усан доорх амьдралд хамааралтай болохыг ойлгосон байна.

1937 онд тэрбээр Симоне Мельхиортой гэрлэж, тэд Жан-Мишель (1938), Филипп (1940—1979, «Каталины» нисэх онгоцны ослоор нас барсан) хэмээх 2 хүүтэй болсон.

1950 оноос хойш Кусто Их Британийн усан цэргийн хүчний «Калипсо» онгоц ашиглан далай судалсан.

Кусто өөрийгөө "далай судлалын техникч" гэж нэрлэх дуртай байв. Тэрбээр үнэн хэрэгтээ гарамгай сурган хүмүүжүүлэгч, байгальд хайртай нэгэн байжээ. Түүний бүтээл олон хүнд далайн гүн болох "цэнхэр тив"-ийг нээж өгсөн юм.

Түүний эхнэр Симоне хорт хавдраар нас барснаас нэг жилийн дараа буюу 1991 онд Франсин Триплетэй гэрлэжээ. Тэд гэрлэхээс өмнө охин Диана (1979), хүү Пьер-Ив (1981) нар төрсөн байжээ. Жак-Ив Кусто 87 насандаа таалал төгссөн.

Цахим холбоос

засварлах
  1. Biographie Cousteaus. In: Der Spiegel. 47/1989.