Есөн хөлт цагаан туг

Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. 1992 онд батласан Монгол Улсын Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна. Энэхүү Есөн хөлт Их цагаан тугийг Монгол Улсын Төрийн ордонд ёслол хүндэтгэлтэй залсан байдаг.

Есөн хөлт цагаан туг

Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ.

Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх ба нийтдээ 9 туг болох тул бас "есөн хөлт Цагаан туг" гэж утга сэлгэж нэршижээ. "Монголын Нууц Товчоо" ба хуучин сурвалжуудад "есөн хөлт туг" гэсэн нь угтаа нийт есөн туг байгааг хэлж байгаа юм. МНТ нь "есөн хөлт цагаан туг"-ийг анх тахиснаас 20 гаруй жилийн дараа бичигдсэн тул утга сэлгэж "есөн хөлт" хэмээн хэвшсэн нэрийг бичжээ гэж судлаачид үздэг. Үүнийг 9 хөл тугтай буюу нийтдээ 10 туг байсан гэх худал таамаг сүүлийн үед гарах болсон ташаа мэдээлэл юм.

Монголчууд Манжийн эрхшээлд орсноос хойш Цагаан тугийг Халх болон Өвөр монголын олон газарт тахиж байв. Халхын Түшээт хан аймгийн нутаг дахь Баруун хүрээ, Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу зэрэг хэд хэдэн газар ХХ зууны эхэн хүртэл тахисаар иржээ. Цагаан сүлдийн өдөр тутмын тахилга, сар бүрийн шинийн хоёрон, арван зургаанд гүйцэтгэдэг “Сарын тахилга”, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн, гурван, таван, зургаан, долоонд гүйцэтгэдэг “Бага тахилга” хэмээх гурван тахилга байдаг байжээ.

Сүлдийг харж хамгаалдаг, тахилгын зан үйлийг нь эрхлэн гүйцэтгэдэг тусгай хүмүүс байсан бөгөөд тэд үе удам дамжин энэхүү албыг эрхэлсээр ирсэн тул “Тугчин” хэмээх овогтой болжээ.

Бүтээсэн байдал

засварлах

Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээжээ. Төрийн тугийг Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урлажээ. Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62 см, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55 см, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262 см, титмийн тойргийн голч нь 40 см байна.

Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Гилбэр нь өнгөрсөн, одоо, ирүүдүй цагийг билэгдэнэ. Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж байгаа галын дүрс байрлуулсан нь Монгол Улс үүрд мандан бадарч байхыг билэгддэг бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын дүрсийг монгол дарханы аргаар алтдаж шармалджээ.

Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн 4 хэлт манжлага бүхий бүслүүртэй байх ба бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулна. Их цагаан тугны гилбэрийн өндөр 58,5 см, галын дүрсний өргөн З6 см, гилбэр сэсмийг холбосон 4 ширхэг ган гархины өндөр 9,5 см, өргөн 7,5 см байна. Титмийн оройд тэнцүү хэмжээтэй 8 ширхэг цэцгийн дэлбээ байна. Их цагаан тугны титмийн туурганы өндөр 10,5 см, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1,З см, товрууны тойргийн голч нь 3,5 см, 4 хэлт манжлаганы урт 81 см, манжлаганы үзүүрийн улаан хүрэн өнгийн молцогны урт 18 см, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 7,5 см, үзүүр хэсгийн өргөн 10,5 см, бүслүүрийн өргөн 7,5 см, манжлага бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 1,0 см, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл толины тойргийн голч нь 9,0 см хэмжээтэй байна.

Орчин үе

засварлах

Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ.

1992 онд батласан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон мянган цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүл цуглуулж үйлдсэн юм. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ.

Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг.

Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн байдаг гэж үздэг.

Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэх, Баяр-Наадмын нээлтийн өдрийн өглөө Төв цэнгэлдэх хүрээлэн рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж төв хүрээлэнгийн төвд байрлулдаг уламжлалтай билээ. Баярын маргааш буюу Баяр-Наадам өндөрлөөд Их цагаан тугаа буцааж Төрийн ордон руу залдаг байна. Мөн Монгол Улсын Бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр Төрийн ордонг тойруулж гороолдог байна.