Елюй Шежэнь (хятад хэл: 耶律斜轸, пиньинь: Yélǜ xié zhěn) (? - 999) бол киданы Ляо Улсын цэргийн жанжин, умард ордны цэргийн явдлын хүрээлэнгийн сайд (北院枢密使), вэй ван (魏王) байсан. Ляо улсыг байгуулахад зүтгэсэн гавьяат сайд Елюй Хэлүгийн ач хөвүүн. Шежэний өргөсөн нэр Ханьинь (韩隐).

Товч намтар

засварлах

959 онд Хожуу Жоу улсын хаан Чай Рунаар удирдуулсан нангиадын их цэрэг Ляо Улс болон тэдний хараат улс Умард Хань руу довтлоход Шежэнь, өмнөд ордны их ван Елюй Шюгө нарын удирдсан морьт цэргийн хүчээр тэдэнтэй байлдаж зогсоов. 969 онд Сяо Сивэний зуучлалаар кидан улсын умард ордны их ван болж, нүүдэлчин аймгийн цэрэг иргэний хэргийг захирах болжээ.

979 оны 7 сард Сүн улсын Тайзун хаан Жао Гуань-и их цэргээр Умард Хань улсыг довтлон эзлээд, Юйжоу руу дайрахад Елюй Ша, Елюй Шюгө, Елюй Шежэнь нарын удирдсан киданы арми Гаолянь голын орчимд тосон авч байлдан ялалт байгуулав. Тэр тулалдаанд Сүн улсын Тайзун хаан шархдан цөөн цэргээ авч зугтсан.

986 онд Сүн улсын Тайзун хаан дахин Ляо улстай байлдахаар гурван замаар их хэмжээний цэргийг илгээсэн. 3 сард Цигоу боомтын тулалдаанд Сүн улсын зүүн замын жанжин Цао Биний удирдсан армийг хиар цохив. Тэндээс Сүн улсын баруун замын жанжин Пань Мэй, Ян Е нарын армийг Дайжоуд тосон байлдаж ялав. 986 оны 8 сард Шежэнийг тайбо (太保)-гийн тушаалд томилов. 999 онд киданы хааны эх Сяо Яньянь, Шэньзун хаан нар өмнө зүгт аян дайн хийхээр томоохон цэргийн хүчийг Шежэньд удирдуулан илгээсэн ч, тэрбээр зам зуурт өвчнөөр нас барав. Уг аян дайнд Ляо, Сүн улсууд хэд хэдэн удаа байлдаж хүч тэнцсэн тул, дайныг зогсоов.