Дазай Осамү
Дазай Осамү (Япон: 太宰 治, 1909 оны 6 сарын 19 – 1948 оны 6 сарын 13) нь Японы зохиолч, 20-р зууны шилдэг зохиолчдын нэг.
Дазай Осамү | |
---|---|
1948 оны 2 сарын үед (зураглаач Тамүра Шигэрү) | |
Төрсөн: | Цүшима Шүүжи 1909 оны 6 сарын 19 [1] Япон, Аомори (аймаг), Канаги тосгон (одоогийн Гошогавара) |
Өнгөрсөн: | 1948 оны 6 сарын 13 (60 настай насалсан) Япон, Токио |
Ажил үйл | Зохиолч |
Боловсрол | Токио гүрэнт улсын их сургууль Франц уран зохиолын анги (төгсөөгүй) |
Xамтрагч | Цүшима Мичико (1938-1948) |
Социализм хөдөлгөөнд оролцож бүтэлгүйтсний дараа хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож, мансууруулах бодист донтсон бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны өмнөөс дуусах хүртэл уран бүтээлээ олонд нийтэлсэн. Түүний "Гүй Мэлос, гүй" "Хүн байх эрхгүй" зэрэг алдарт зохиолууд бий. Тэр дундаа хэргэмээ алдсан язгууртан бүсгүйн түүх "Хэлтгий нар" нь хамгийн их борлуулагдсан сор зохиолуудын тоонд багтдаг.
Намтар
засварлахБага нас
засварлахАояама аймгийн Канаги тосгон (Одоогийн Гошогавара)-д аймагтаа нэртэй эдлэн газрын эзэн эцэг Цүшима Гэнэмон ба эх Танэ нарын 6 дах хүү болж мэндэлсэн. Тэрээр 11 ахан дүүсийн 10 дахь нь аж. Эцэг Гэнэмон нь улсын их хурлын гишүүн байсан бөгөөд өндөр татвар улсад хураалгаж "Канагигийн ноён" хэмээн цоллуулдаг байсан. Завгүй эцэг ба бие муутай эхтэй тул төрсөн даруйдаа асрагч эхийн гар дээр өссөн байдаг. Асрагч эх нь 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласны дараа ажлаасаа гарч, оронд нь нагац эгч Киэ (Таэгийн дүү) 3 нас хүртэл, 3 наснаас бага сургуульд орох хүртэл 14 настай үйлчлэгч Чикамүра Такэ гардан өсгөсөн. 1916 онд, Канаги 1-р бага сургуульд элсэв. Цүшима удмын хүүхдүүд сурлагаас үл хамааран сайн үнэлгээ тавиулдаг байсан ч, Дазай нь толгой сайтай, сургуулийн түүхэн гоц ухаантан хэмээн нэрлэгддэг байж. Бага сургуулиа төгссөний дараа Мэйжи ахлах бага сургууль (одоогийн 7, 8-р ангийн боловсролыг хариуцах)-д 1 жил суралцсан. Энэ нь 2-р ах Эйжи ба 3-р ах Кэйжи нар нь сурлага муудсны улмаас Хиросаки дунд сургуулийн 2-р ангиас гарсантай холбогдуулан, Дазайд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх зорилготой байсан гэж үздэг.
Өсвөр нас
засварлах1923 оны 3 сарын 4-нд эцэг Гэнэмон нь уушгины хорт хавдраар нас барав. 4 сард Аомори аймгийн Аомори дунд сургуульд элсэн орж, гэрээсээ холдон дотуур байранд амьдарч эхэлсэн. Онц сайн сурлагатай тул 1-р ангийн 2-р улирлаас төгсөх хүртлээ үеийн дарга хийж, 4-р ангийн сурлага 148 хүүхэд дунд 4-рт жагсаж байв. Акүтагава Рюүносүкэ, Шига Наоки, Мүро Сайсэй, Кикүчи Кан нарын зохиолуудыг шимтэн уншиж, Ибүсэ Масүжигийн "Хориг" зохиолыг уншаад байж суухын аргагүй сэтгэл нь хөдөлсөн. 17 настайдаа "Нөхдийн цуглааны тэмдэглэл"-д "Сүүлчийн өвлөгч"-ийг бичиж, найзтайгаа хамтран "Зэрэглээ" сэтгүүлийг 12-р хэвлэл хүртэл үргэлжлүүлэв. Зохиолч болохоор сэтгэл шулуудсан нь энэ үе аж. Гэвч энэ үеэс залхууран хойш суух нь олширч, том ах Цүшима Бүнжи Дазайн дунд ангийн сурах бичгийг шалгатал багш ба ах дүүсийнхээ зургийг дүүрэн зурсан байсан гэдэг.
1927 оны 5 сард хуучин тогтолцооны Хиросаки ахлах сургуулийн Уран зохиолын ангид онц сурлагатайгаар элсэн оров. Тухайн үеийн Хиросаки сургууль нь бүрэн дотуур байрны системтэй бөгөөд өөрийн гэрээс бусад газраас ирж байгаа сурагчид бүгд сургуулийн дотуур байранд хамрагдах ёстой байсан ч Дазайн эхийн саналаар, бие муутай гэж нэрийдэн Цүшима удмын хамаатан болох Фүжита удмын байранд амьдрахаар болов. Зуны амралтаар Канагид байрлах гэртээ буцсаны дараах 7 сарын 24-нд Акүтагава Рюүносүкэг амиа хорлосон тухай мэдээллийг сонсон цочирдож, Хиросакигийн дотуур байрандаа буцаад хэсэг өрөөнөөсөө гараагүй гэдэг.
1928 оны 5 сард "Эд эсийн урлаг" сэтгүүлийг хэвлэлд гаргаж Цүшима Шүүжи нэр дор тухайн үед дэлгэрээд байсан пролетариат уран зохиол "Эцэсгүй там"-ыг нийтэлсэн боловч эхний бүлгээс хойш гараагүй байдаг. Цүшима удмын зүгээс эсэргүүцэл ирсэн гэж яригддаг. Энэхүү сэтгүүлд цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулахын нөгөө талаар хичээлдээ суух нь ховордож, сурлага муудсанаар ангийн багш нь "Өнгөцхөн харахад шулуухан зантай" гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн энэ үед Ояама Хацүёо (1912-1944) хэмээх гэйша бүсгүйтэй танилцав. 1929 онд Хиротакад болсон холбооны сургуулийн ажил хаялтын хэргээс сэдэвлэн "Суралцагчид" зохиолоо бичиж, Кайзо хэвлэлийн компанийн шагналт өгүүллэгийн шалгаруулалтад илгээсэн боловч тэнцээгүй. 12 сарын 10-ны шөнө дунд бромизовалыг ашиглан амиа хорлохоор оролдож, Оосава халуун рашаанд 1 сарын 7 хүртэл эмчилгээ хийлгэхэд нь эх Танэко нь дагаж асарсан байдаг. Дазай амиа хорлохоор оролдсон шалтгаанаа "Шаналлын тэмдэглэл" дотроо "Би балмад иргэн биш байжээ. Цаазын ялаар толгойгоо тастуулсан нь тохирох бололтой" гэж өөрийн гарал үүсэл ба үзэл бодлын ялгаанаас үүдсэн хэмээн бичсэн байдаг ч, 1 сарын 16-наас Онцгой нууц цагдаагийн бүлгэм Хиротакагийн зүүнтний үзэлтэй сурагчдыг баривчилсан хэрэг гарсан бөгөөд Цүшима удмаас урьдчилж мэдээлэл авсан Дазай баривчлагдахгүйн тулд амиа хорлохоор завдсан байж магадгүй гэх үзэл бий.
1930 онд Хиросаки ахлах сургуулийн уран зохиолын 76 сурагчаас 46-рт бичигдэх сурлагатай төгсөв. Франц хэлгүй ч Францын уран зохиолд сэтгэл татагдан Токиогийн эзэнт улсын их сургуулийн Уран зохиолын тэнхимийн Франц уран зохиолын ангид элсэж, Токиод ирсэн байдаг. Тухайн үед Токиогийн их сургуулийн Англи, Японы уран зохиолын анги элсэх шалгалттай байсан ч, хүн багатай Францын уран зохиолын анги шалгалтгүй байсан аж. Дазай үүнийг мэдээд элсэх хүсэлтээ илгээсэн боловч 1930 оны Францын уран зохиолын анги франц хэлний шалгалттай байж таарав. Дазай бусад элсэгчдийн хамтаар гараа өргөж, тухайн шалгалтыг хариуцсан багш Тацүно Ютакатай ярилцаж, онцгой тохиолдлоор элсэх зөвшөөрөл авсан байна. Гэвч найз Оотака Шюүжиро нартаа Франц уран зохиолын ангид элссэн шалтгаанаа "Догь сонсогддог учраас", "Өндөр нэр хүндтэй судлаач Тацүно Ютака байгаа учраас" гэж тайлбарласан байдаг.
Хичээлээ ойлголгүй, гоо зүйн чиглэлийн урлагийн түүхийн анги руу шилжихээр судалсан. Зохиолч болохын тулд Ибүсэ Масүжид шавь оров. 10 сард Ояама Хацүёо Дазайн тусламжтай гэйшагийн өргөөнөөс гарч Токиод ирсэн боловч Цүшима удам Дазайг гэйшатай гэрлэхийг зөвшөөрсөнгүй. 11 сард том ах Бүнжи нь Токиод айлчлан ятгасан боловч Хацүёотой гэрлэхээр бат зогссон. Бүнжи Дазайг Цүшима удмын судраас хасахын оронд гэрлэхийг зөвшөөрөв. Их сургуулиа төгсөх хүртэл сар бүр 120 иенийн мөнгөн тусламж үзүүлэхээ амласан ч, хөрөнгө өвлөхийг хүсэж байсан Дазайн урам ихээр хугарсан байдаг. Удмаасаа хөөгдсөнөөс 10 хоногийн дараа буюу 11 сарын 28-нд Гинза дах "Холливүүд" барны үйлчлэгч 18 настай Танабэ Шимэкотой Камакүра, Кошигоэгийн далайд бромизовал ашиглан амиа хорлохоор завдсан. Гэвч Шимэко ганцаар амь алдаж, Дазай амьд үлдэв. Энэ хэргийн тухай Дазай "Токиогийн найман үзэмж", "Хүн байх эрхгүй" зохиолууддаа усанд живэхээр шийдсэн гэж тусгасан ч, тухайн үеийн сонины нийтлэлд мансууруулагч бодис уун эрэг дээр хэвтэж байсан гэж зарлагдсан байдаг. Бусдыг амиа хорлоход гар бие оролцсон хэргээр гэм асуугдсан боловч, Бүнжи нарын ачаар яллах ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Хойд Цүгарүгүний Икаригасэки халуун рашааны Шибата амралтын газар Хацүёотой хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Он гарсны дараа Дазай Бүнжи хоорондын амлалтын бичигт гарын үсэг зурсанд, асуудал үүсгэлгүй, их сургуулиа төгсөхийн оронд сар бүр 120 иений мөнгөн дэмжлэг авах талаар тусгагдсан байдаг. 2 сард Хацүёо Токиод ирснээр шинэхэн хосуудын хамтын амьдрал эхэлжээ.
1932 онд зохиолч болохоор сэтгэл шулуудан "Дурсамж", "Загасны хальсны тэмдэглэл" зохиолуудаа бичив. Бүнжигийн тусламжтайгаар зүүнтний хөдөлгөөнөөс гар татав. Мөнгөн тусламжийг 120 иенээс 90 иен болгож хорогдуулсан.
Хувийн амьдрал ба уран бүтээл
засварлах1933 онд "Сандэй тооо" (2 сарын 19-нд нийтлэгдсэн) "Вагон" зохиолоо Дазай Осамү нэрээр нийтлэв. Сэтгүүл "Далайн хав"-д оролцон анхны нийтлэлд "Загасны хальсны тэмдэглэл"-ийг нийтлүүлсэн. Дан Казүотой танилцав. "Цэнхэр цэцэг" сэтгүүл бүтээн "Романеско"-г нийтэлсэн боловч Накахара Чюүяа нартай муудалцан эхний нийтлэлээр өндөрлөсөн.
1935 онд "Эргэлт"-ээ "Бүнгэй" сэтгүүлийн 2-р сарын хэвлэлд нийтлүүлэв. Их сургуулийн 5-р ангид орсон Дазай төгсөж чадалгүй, мөнгөн тусламжаа алдахыг хүссэнгүйдээ Нийслэлийн сонин компани (Одоогийн Токио сонин)-гийн элсэлтийн шалгалтыг өгсөн боловч тэнцсэнгүй. 3 сарын 18-нд Камакүрад хүзүүгээ боомилон амиа хорлохоор оролдов. 4 сард перитонитийн мэс засал хийлгэсэн. Эмнэлэгт байхдаа өвчин намдаагч оксикодон тариулж, хожим нь донтох болно. Сургалтын төлбөрөө төлөөгүйн улмаас 9 сарын 30-нд сургуулиасаа хөөгдсөн.
Сэтгүүл "Японы романчууд" (1935 оны 5 сарын хэвлэлт)д нийтэлсэн "Алиа салбадайн цэцэг" нь Сато Харүогийн нүдэнд тогтож, "Тэнцсэнийг мэдэгдэв" бичгийг хүлээн авсан. Японы уран зохиолын Акүтагава шагналын анхны шалгаруулалтад "Эргэлт" бүтээлээрээ нэр дэвшсэн боловч шалгарсангүй. (Энэ оны ялагч бол Ишикава Тацүзогийн Хөх нойр) Акүтагава шагналын шүүгч Сато ""Эргэлт" бол Дазайн өнөөг хүртэлх бүтээлүүд дундын бүтэлгүй зохиол гэж хэлж болно" гэж хахир хатуу хандаж, өөр нэгэн шүүгч болох Кавабата Ясүнари нь "Зохиолчийн хувийн амьдрал үүл бүрэнхийтэй" гэж шүүмжлүүлэв. Дазай Кавабатад "Бялзуухайг тэжээн, бүжгийг үзэх нь тийм магтууштай амьдрал уу" гэж урлагийн сэтгүүл "Бүнгэй цүүшин" 10 сарын хэвлэлтээр эргүүлэн дайрав. Дазай сэтгэлээр унан, танил зохиолч буюу Кон Каничид санааг нь зовоох агуулга бүхий захиа илгээж, Коныг сандран тэвдсэндээ яаравчлан хариу илгээсэнд баяссан утгатай хариу илгээх маягаар ойлгомжгүй үйлдэл гаргасан.
1936 оны 2-р Акүтагава шагналын өмнө Дазай шүүгч Сато руу "Сато та цор ганц найдвар минь боллоо" гэж шагнал авахыг хүссэн утгатай захиа илгээсэн ч, Ибүсэ Масүши, Яамагиши Гайши нараас Дазайн оксикодоны донтолтын тухай сонссон байсан Сато, Дазайг дуудан эмнэлэгт эмчлүүлэхийг хатуу сануулав. Сайсэйкай эмнэлэгт 10 хоног хэвтсэн. 2-р Акүтагава шагналын ялагч тодроогүй бөгөөд Дазай нэр дэвшигчид ч багтаж чадаагүй. Энэ үеийн Дазай доор дурдах өвчин намдаагчид донтож, найз, танилууд руугаа амиа хорлох тухай захиа илгээх мэтээр сэтгэл санаа нь тогтворгүй байсан ч, дахин дахин давтагдах үйлдлүүдээс нь залхсан нэгэн сэтгүүлчид "үхэж чадахгүй байж, сүрдүүлэн, шаллаа" гэж загнуулсан байдаг.
3 дах удаагийн шагналын шалгаруулалтад бэлдэн, Дазай "Уран зохиолын ертөнц" сэтгүүлд "Хий хоосон хавар"-аа нийтлэв. 6 сарын 21-нд анхны түүвэр өгүүллэгийн "Хойч жил" цуглуулгаа Сүнагояа хэвлэлийг компаниас хэвлэлд гаргасан. 7 сарын 11-нд Үэнод байрлах зоогийн газар Сато болон Ибүсэ нарыг дуудан анхны номын хэвлэлийг тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн 1-р удаагийн шагналын үеэр "Хорон санаат"-аар нь дуудсан Кавабата Ясүнари руу сонгон шалгаруулалтад харж үзээч гэсэн утгатай гуйлтыг илгээсэн боловч, 3 дах удаагийн шагналаар шинэ дүрмийн дагуу өмнө нь нэр дэвшсэн зохиолчдыг дахин дэвшүүлэхгүй болж, Дазай нэр дэвшиж ч чадаагүй гэнэ.
Оксикодонд донтсоор нэг өдөрт 50 удаа тарих нь ч үзэгддэг байлаа. Хацүёогийн кимоног ломбардад тавьж, танилаасаа мөнгө зээлсээр байв. Хацүёо Ибүсэ дээр очиж уйлан, Бүнжигийн гуйлтаар ирсэн Цүшима удмын наймаачин Накабата Кэйкичи, Китаёоши Широ нар 10 сарын 13-нд Токио Мүсашино эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн. 11 сарын 12-нд эмнэлгээс гарсан ч дараа 1937 онд Цүшима удмын хамаатан, зураач оюутан Кодатэ Зэнширо нь Хацүёотой сүүлэрч байснаа Дазайд мэдэгдсэн. 3 сарын сүүлээр Минаками халуун рашааны газар Хацүёотой кармотиноор амиа хорлохыг оролдсон ч бүтсэнгүй. 6 сард Хацүёогоос салав.
Гэрлэлт ба уран зохиол
засварлах1938 онд Ибүсэ Масүжигийн танилцуулсан Яманаши аймаг Кофү сумын газар судлаач Ишихара Хацүтарогийн 4-р охин Ишихара Мичикотой уулзав. Энэ үед гэрч хийхээс түдгэлзэж буй Ибүсэд "Гэрлэлтийн гэрээ бичиг" бичиж үзүүлсэн байдаг. Өнөөг хүртэлх үл бүтэх амьдралаас хагацаж тунгаан, гэр бүлээ хамгаалахаар сэтгэл шулуудан "Ахин салбал намайг галзуу хүн мэт үзэж хөсөр хаяна уу" гэж бичсэн байна. Дараа жилийн 1 сарын 8-нд Ибүсэгийн гэрт хуримаа хийсэн. Энэ өдрөө Кофү сумын хойд зүгийн Мисаки тосгон руу нүүсэн. 9 сарын 1-нд Токио хотын Хойд Тамагүн Митака тосгоны Шиморэнжакү руу нүүсэн. Сэтгэл санааны хувьд тогтвортой болж "Эмэгтэй сурагч", "Гүй, Мэлос гүй!" гэх мэт алдарт богино өгүүллэгүүдээ нийтлэв. "Эмэгтэй сурагч" зохиолыг Кавабата Ясүнари ""Эмэгтэй сурагч" шиг зохиолтой учирсан нь санамсаргүй аз тохиол юм" гэж магтсанаар зохиолын санал олноор ирэх болсон.
1941 онд цэргийн татлагад дуудагдсан боловч биеийн шинжилгээгээр уушгины нэвчдэстэй нь тогтоогдож хамрагдсангүй. Оота Шизүкотой учран, өдрийн тэмдэглэл хөтлөхийг санал болгов. Номхон далайн дайны үеэр ч "Цүгарү", тууж "Шинэ Хамлет" гэх мэт зохиолуудаа идэвхтэй туурвисаар байв. Дайны өмнөхөөс дунд үе хүртэл Кофү сумын Юмүра халуун усны газарт хэд хэдэн удаа удаан хугацаагаар орогнож, тухайн халуун усны газрын Мэйжи амралтын газарт хоноглох нь элбэг байсан. Түүнчлэн Кикүною халуун рашааны газраар орж гардаг байсан гэдэг.
1945 оны 3 сарын 10-нд Токиогийн бөмбөгдөлтөд өртөж, Кофүд байрлах эхнэр Мичикогийн гэр лүү зугтав. 7 сарын 6-наас 7 хүртэлх Кофүгийн бөмбөгдөлтөөс үүдэн Ишихарагийн гэр бүрэн шатсан байдаг. Цүгарүд байрлах Цүшима гэр лүү зугтав. Ийнхүү дайн дуусав.
"Хэлтгий нар" ба даамжирсан харилцаа
засварлах1945 оны 10 сараас дараа 1946 оны 1 сар хүртэл "Кахокү шинхо" сэтгүүлд "Пандорагийн хайрцаг" зохиолоо нийтлэсээр байв. Энэ нь "Болжморын дуу" нэртэй зохиосон ч хэвлэлийн газар бөмбөгдөлтөд өртөж шатсан тул эх зохиолоо дахин бичиж зассан зохиол юм. 1946 оны 11 сарын 14-нд Токио руу буцсан. Антон Павлович Чеховын "Интоорын цэцэрлэг" зохиол мэт хэргэмээ хураалгасан язгууртны өгүүллэг бичихээр шийдэн, 1947 оны 2 сард Канагава аймгийн Согамүрад Оота Шизүкотой дахин уулзаж, өдрийн тэмдэглэлийг нь зээлсэн байдаг. 3 сарын 27-нд үсчин Ямазаки Томиэтэй учирсан.
Хэргэмээ хураалгасан Ка овогтнуудын тухай "Хэлтгий нар", "Шинэ түрлэг"-ээ цувруулан нийтлэсэн. 12 сарын 15-нд бүрэн зохиол нь худалдаанд гарч хамгийн их борлуулагдсан бүтээлээр шалгарахад "Хэлтгий нарны удмынхан" гэдэг үг тренд болох мэтээр алдарт зохиолчдын тоонд зүй ёсоор багтах болсон. "Хэлтгий нар"-ны дараа модель болох дуучин Оота Шизүко жирэмсэлж охин төрүүлэн, Дазай ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
10 сарын үеэр Шинэ түрлэг компанийн Нохара Казүо нь Дазайг нууц амраг Ямазаки Томиэгийн өрөөнд их хэмжээгээр цус алдан хэвтэж байгааг олсон ч Томиэ нь сурсан янзтай тохиромжтой анхын тусламж үзүүлсэн гэнэ. 1948 онд "Хүн байх эрхгүй" "Интоор" зохиолуудаа тууривав. Томиэ хөл хөнгөнтэй хөдөлгөөн ихтэй тул "Шаламгай Саччан" хэмээн дуудагдаж, Дазайн нууц амраг бөгөөд нарийн бичгийн байрлалыг эзлээд байв. Гоо сайханчийн ажлаасаа гарч, 200 мянган иений хуримтлалаа Дазайн хамт зугаацаж үрсэн. Өрөөндөө цианид кали нуусан гэж сүрдүүлснээр, Дазай 6 сарын 7-ноос хойш Томиэгийн өрөөнд түгжигдсэн байдаг. Санаа зовсон Чикүмашобо хэвлэлийн компанийн захирал Фүрүта Акира нь Ибүсэ Масүжитэй ярилцан, Мисакатогэд байрлах Тэнка цайны газарт асаргаанд явуулах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. 6 сарын 12-ны өдөр Дазай Фүрүтагийн амралтын өдрөө өнгөрүүлдэг Сайтама аймгийн Оомия сумын Үжи эмнэлгээр дайрсан боловч, Фүрүта амралтын бэлтгэлээр Нагано аймгийн Шиншү рүү томилолтоор явсан байв.
Үхэл
засварлах1948 оны 6 сарын 13-нд Тамагава Жосүи гол руу Ямазаки Томиэгийн хамтаар оров. Тэрээр 38 насалжээ. Тэдний цогцос 6 хоногийн дараах 6 сарын 19-нд Дазайн 39 насны төрсөн өдрөөр олдсон байдаг бөгөөд энэ өдрийг түүний уран бүтээл болох "Интоор"-оос санаа аван, Дазайтай нутаг нэгт Кон Каничи "Интоорын гашуудал" хэмээн нэрлэсэн байдаг.
Энэхүү хэргийн тухай төрөл бүрийн таамаг дэвшүүлсэн ба, Томиэ хүчлэн хамтаар амиа хорлосон, хэл амаар хуурч хамт буцах гээд бүтэлгүйтсэн хэмээн яригдаж байв. Цүшима гэрээр орж гардаг байсан үндэсний хувцас худалдаач Чюүбата Кэйкичи нь Митака цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн хамтаар хэргийн газарт очоод, углааш газарт зоогдсон ул мөр ба гараа тулан хальтран унахгүйг оролдсон мөр үлдсэн байсан талаар дурдаж "Бүхэл бүтэн 7 хонож, бороо ороод байхад тод мөр үлдсэнийг бодоход ихээхэн дургүйцсэн болов уу", "Дазай "Хамт үхэцгээе" гэдэг үг сонсоод "Болж байна" гэж зөвшөөрснийхөө дараа үхэл нүднийх нь өмнө ирэхэд амьдралын хөлнөөс зүүгдэх хүсэл цээжинд нь төрсөн байх" гэж таамаг дэвшүүлээд байгаа.
Митака цагдаагийн газрын ахлах Чюүбатагаас бодлыг нь асуухад "Надад зүгээр нэг амиа хорлолт шиг санагдахгүй байна" гэж итгэлтэйгээр хариулсан байдаг. Хариуд нь цагдаагийн ахлах "Амиа хорлолт гэж олонд зарласнаас хойш хойноос нь ярих зүйл үгүй ч гэлээ, мөрдлөгийн талаас ч тэр амиа хорлолт гэж дүгнэхэд үл батлагдах талууд байна" гэж хэлсэн.
Асахи сонины "Асахи шүүмжлэлийн булан"-д нийтэлсэн хошин зохиол "Good Bye" нь дуусаагүй ба Дазайн эцсийн зохиол юм. Нийт 13 ангитайгаар төгсгөлөө үзэлгүй өндөрлөсөн энэ бүтээл нь Христийн шашны 13 тоог бэлгэдсэн Дазайн сүүлчийн санаа байсан гэдэг таамаг (Дан Казүо дэвшүүлэв) бий. Дазайн тааруу биеийн байдал, ганц хүү нь Дауны синдромын улмаас оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй байсан зэрэг нь амиа хорлох шалтгаануудын нэг байсан гэдэг таамаг бий.
Гэвч нас барсных нь 50 жилийн дараа буюу 1998 оны 5 сарын 23-нд гэр бүл үр садынх нь дэлгэсэн 9 хуудас үргэлжлэх Дазайн гэрээслэлд эхнэр Мичикод зориулан "Чамайг хэн хүнээс илүү хайрлаж явлаа" хэмээсэн ба үргэлжлүүлэн "Өгүүллэг зохиол бичихийг хүссэнгүйдээ үхэж байна" гэж амиа хорлолтын шалтгаанаа тайлбарласан байдаг. Гэрээслэл нь дэрсэн цаасан дээр үсэн бийрээр бичигдэж, гарын үсэг зурагдсан бөгөөд өмнөх гэрээслэлүүд нь энэхүү бичгийн ноорог байсан нь тогтоогдсон.
Эшлэл
засварлах- ↑ Dazai, Osamu. (2017). In Britannica, Britannica concise encyclopedia. Chicago, IL: Britannica Digital Learning. Retrieved from https://login.ezproxy.lib.utah.edu/login?url=https://search.credoreference.com/content/entry/ebconcise/dazai_osamu/0?institutionId=6487