Гунгаажавын Батсүх

Гунгаажавын Батсүх (1911-1990) нь БНМАУ-ын анхны Ардын Багш юм. Г. Батсүх 1911 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Сэвсүүлийн хоолой гэдэг газар төржээ.

Суралцсан байдал

засварлах

1921-1926 онуудад Улаанбаатар хотын бага сургууль, бэлтгэл дунд сургууль, 1926-1930 онуудад Герман улсад дунд сургууль, 1949-1952 онуудад Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1960-1963 онуудад Улсын Багшийн Дээд Сургуульд (УБДС) суралцан дүүргэжээ.

Ажилласан байдал

засварлах

Г. Батсүх 1930-1931 онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Гэгээрлийн Яаманд бичээч, 1931-1937 онуудад 1-р дунд сургууль, 1941-1942 онуудад Шинэ Хүчний Дээд сургууль, 1942-1947 онуудад Багшийн сургуульд багш, 1947-1956 онуудад Ардын Гэгээрлийн Яаманд Заах аргын хэлтсийн дарга, 1956-1967 онуудад Улсын Багшийн Дээд Сургуулийн багш, 1967-1969 онуудад Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Сонгодог Бүжгийн Дунд Сургуульд монгол сурагчдын хүмүүжүүлэгч багш, 1969 оноос УБДС-ийн Газар зүйн тэнхимийн багш, эрхлэгчээр ажиллаж байгаад 1982 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна. 1936 онд Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) гишүүнээр элссэн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын XIII, XVIII их хурлын төлөөлөгч, Монголын Багш нарын III, IV, V хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа.

Гавьяа Шагнал

засварлах

Түүний гавьяаг төр засаг өндөрөөр үнэлж БНМАУ-ын Гавьяат Багш (1946 он), Ардын Багш (1981 он), доцент цол хүртээж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан гадас одон бусад медалиудаар шагнасан.

Бүтээлүүд

засварлах

Ерөнхий физик газар зүйн дасгал, дадлага явуулах арга барил, дунд сургуульд физик газар зүйн заах арга сэдвээр сурах бичиг зөвлөмжүүд зохиож байжээ.