Гол дүрийн амрагууд (жүжиг)

Гол дүрийн амрагууд (Англи: Leading Ladies) нь Америкийн зохиолч Кен Людвигийн зохиосон инээдмийн жүжиг юм. Монгол Улсад тус бүтээл анх Улсын Драмын Эрдмийн Театрт 2008 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуягийн найруулгаар 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тоглогдсон.

Үйл явдал

засварлах

Америкийн Пеннсилвани муж улсын Йорк хотын баян авхай Флоренс Снайдер нас сүүдэр өндөр болж өв залгамжлагчдаа олохыг хүснэ. Олон жилийн өмнө ганц эгч нь өвөг дээдсийнхээ нутаг Англи орохоор хөлөг онгоцонд сууж далайн их манан дунд уусан одсоноос хойш төдөлгүй сураг ажиг тасарч, холбоо харилцаагүй болсон аж. Өтөл өндөр насанд гарсан Снайдер авхайтан төрсөн ганц эгчийнхээ хоёр охиныг олж өв хөрөнгө эзэмшүүлэхийг хүсч сонинд зар нийтлүүлжээ. Тэр цагийн хэрмэл жүжигчид Лео, Жэк хоёр мэх зохиож Снайдер авхайн дүүгийн охидын дүрээр очно. Авьяаслаг, ухаалаг хоёр залуу аж амьдралаа олж хүн шиг амьдрах, эдлэн газартай, орох орон, оочих аягатай болохыг хүснэ. Гэхдээ тэд яадгаа алдсан, ичих эрээлэхээ умартсан луйварчид бас биш. Жүжгийн бас нэгэн эсрэг дүр бол Йорк хотын ламтан Дункан хэмээх буянтны дүртэй, шуналтай, харамч, бас их санаатай илүү хүсэлтэй нэгэн байдаг. Буянтын дүртэй нүгэлийн сэтгэлтэн бас нэгэн хүн бол тэр хотын эмч байдаг. Снайдер ахайтны үеэл охин Мэг хэмээх ухаалаг, үзэсгэлэнт бүсгүй, эрдэм ном сурахын тулд коллежид орж суралцах чин эрмэлзэлтэй, сайхан сэтгэлт Одри бүсгүй болон бас бус хүмүүс аж төрдөг. Тэд энэ хотын ирээдүйн сайн сайхны бэлгэдэл болдог. Уг жүжгийн үйл явдал нь өнгөрсөн зууны дунд үеийн үйл явдал боловч Н.Гоголийн Байцаагч түшмэл жүжгийн үеийн Орос орон, өнөөдрийн Монголын аж байдал, амьдрал ахуй, сэтгэлгээ мэт бүтээгджээ.

Кастинг

засварлах

Жүжигт Г.Амгаланбаатар Леогийн дүрд, С.Болд-Эрдэнэ Жэкийн дүрд, Д.Ганцэцэг, Т.Хулан нар тоглосон бөгөөд эдгээр жүжигчид нь бүгд 2009 оны Гэгээн Муза наадмын "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин", "шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин" номинациудад нэр дэвшсэн байна. Мөн найруулагч Найдангийн Ганхуяг "шилдэг найруулагч" номинацид нэр дэвшжээ.