Георг Симон Ом (герман. Georg Simon Ohm; 1789 оны 3-р сарын 16-нд төрсөн- 1854 оны 7-р сарын 6-нд Мюнхен хотод нас барсан) Германы нэрт физикч, эрдэмтэн. Тэрээр хэлхээний гүйдэл, хүчдэл ба эсэргүүцлийн хоорондын хамаарлыг илэрхийлсэн хуулийг (Омын хууль гэгддэг) онолын хувьд гаргаж, туршилтаар баталсан. Цахилгаан эсэргүүцлийн нэгжийг (Ом) түүний нэрээр нэрлэсэн.

Георг Ом
Төрсөн огноо1789 оны 3 сарын 16 (1789-03-16)
Эрланген
Нас барсан огноо1854 оны 7 сарын 16
(60 настай насалсан)
Мюнхен
ҮндэсГерман
СалбарФизик
Алдаршсан зүйлОмын хууль
Нэр хүндтэй шагналуудКоплей медаль (1841)

Георг Омын гэр бүлийн ядуу амьдрал түүний сурч боловсроход нөлөөлжээ. Түүний эх Элизабет Мария оёдолчны гэр бүлээс гаралтай бөгөөд Георг хүүг 9 настай байхад нас баржээ. Түүний эцэг, механикч Иоганн Вольфганг бага наснаасаа эхлэн хүүгээ хүмүүжүүлж, бие даан математик, физик, гүн ухааны хичээл зааж өгчээ. Тэрээр Георгийг их сургуулийн удирдлагад байдаг гимназид сургахаар явуулсан. 1805 онд Эрлангений их сургуульд арайчүү гэж элсэж орсон боловч төгсөж чадалгүй дунд сургуульд математик, физикийн хичээл заадаг багш болсон байна. Энэ үеэс тэр физикийн ухааны «амт шимтэнд» орж багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийж, шаргуу хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар 1811 онд физикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Бамберг, Кёльн, Берлиний гимназиудад 20 жил багшилсан.

Г.Ом 1833 онд Нюрнбергийн Политехникийн дээд сургуулийн профессор болж, улмаар 1839 оноос тус сургуулийн захирлаар ажилласан байна. 1849-1852 онд Мюнхений их сургуулийн ректор байв. Гүйдлийн хүч, хүчдэл, эсэргүүцлийн хоорондын холбоог тогтоосон цахилгаан хэлхээний үндсэн хуулийг тэр 1826 онд туршлагаар нээсэн нь хойшид Омын хууль хэмээн нэршжээ. Эхний үед эрдэмтэд тэр хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч хожим Э.X.Лоренц, Б.Я-Якоби, К.Гаусс болон бусад нэрт эрдэмтэд түүнийг өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын үндэс болгон ашиглах болсноор үнэн зөв нь нотлогдсон байна. Энэ хуулиа бүрэн хэлхээний болоод хэлхээний хэсэгт ямар байхыг онолын хувьд гаргаж бас цахилгаан хөдөлгөгч хүч, «хүчдэлийн уналт», «цахилгаан дамжуулах чадвар» зэрэг ойлголтыг физикт анх бий болгосон байна.

Г.Ом гүйдэл үүсгэгчийн цахилгаан хөдөлгөгч хүчийг 1830 онд анх удаа хэмжиж үр дүнд хүрчээ. Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдийг авиа судлалд зориулж ердийн дуу бол олон янзын дууны хослол нийлбэр болох тухай санааг анх гаргаж, хуний чих тухайн авиаг зөвхөн энгийн найраг хэлбэлзлээр үүсгэгдэх дуу маягаар хүлээн авдгийг тогтоосон байна.

Түүний энэ үндэслэлийг германы нэрт эрдэмтэн Г.Гельмгольц сонсголын резонансын онолыг бий болгохдоо тулгуур болгосон юм. Г.Ом мөн оптик болон кристалл оптикийн салбарт судалгаа хийж чухал үр дүнд хүрчээ.

Алдарт физикчийн нэрийг мөнхжүүлж Олон улсын хэмжлийн СИ системд цахилгаан эсэргүүцлийн нэгжийг Ом хэмээн нэрлэх болжээ.

 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.