Данийн хунтайж Гамлетын эмгэнэлт жүжиг (Англи: The Tragedy of Hamlet, Prince of Denmark), товчоор Гамлет нь английн нэрт зохиолч Уильям Шекспирийн 1559-1601 онд бичсэн, 5 үзэгдлээс бүрдсэн, дэлхийн уран зохиолын хамгийн алдартай жүжгийн зохиолуудын нэг болох эмгэнэлт жүжиг юм. Шекспирийн хамгийн урт буюу 4042 мөр, 29551 үгтэй жүжиг гэж хүртэл тоолж тогтоосон байх ажээ.

Уг эмгэнэлт жүжиг бол У.Шекспирийн амьдралын туршид хамгийн алдартай бүтээлүүдийн нэг байсан бөгөөд өнөөг хүртэл алдартай хэвээр байгаа юм. Энэ нь "Үнсгэлжин" үлгэрийн дараа хамгийн олон удаа тайз, дэлгэцийн бүтээл болсон түүхүүдийн нэг гэж тооцогддог.

Уильям Шекспир энэ зохиолдоо тухайн үеийн Английн нийгэм дэх амьдралыг дүрсэлж, энэ үеийн Английн нийгмийн хамаг бузар булхай болгоныг нэг дор дэлгэн үзүүлсэн юм. Энэ жүжигт гол дүр Гамлет, түүний авга ах Клауд, эх Гертруд, хайрт бүсгүй Офелиа болон ядуу оюутан Гораций, Лаэрт нарын үйл явдал гардаг.

“Гамлет” жүжиг Лондон хо­тын “Глобус” театрт 1600-1601 онд анх тоглоход Шекспир өөрөө Гамлетийн эцгийн сүнсний дүрд тог­лож байжээ.   

У.Шекспирийн “Гамлет” Английн нутаг дэвсгэрээс 1773 онд халин Авст­ри, Германы тайзан дээр тоглож эхэлсэн ажээ. Үүнээс хойш энэ зохиолоор жүжиг та­вих гэдэг тухайн театр, най­руулагч, жүжигчдийн мэргэжлийн чадал чансааг шалгадаг нэг үзүүлэлт, нэр төрийн хэрэг хэмээх бичигдээгүй хууль олон улсын тайз дэлгэцийн ертөнцөд тогтоод байна. Ха­­рин энд анхаарал татдаг зүйл бол олон хэл рүү хэрхэн орчуулагдсан явдал ажээ. Адил төстэй Европын ор­нуу­дын хэл рүү хүртэл олон удаа, шүлэг найргийн буюу үндсэн хэлбэрээр бай­хаас гадна үргэлжил­сэн үгээр, утгачлан хөр­вүүлж байжээ.

Жүжгийн үйл яв­дал

засварлах

Данийн хааны ордны ор­чим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адил­хан нэгэн этгээд олон цэрэг­тэй учирсан тухай яриа хан хүү Гамлетын чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учрахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетын авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цо­чирдон хэрхэхээ мэдэх­гүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийн гэмт явдлыг хөдөлшгүй нот­лох баримт хайж эхэл­нэ. Харин авга ах нь хар цо­хин, Гамлетыг ухаан самуурсанд үл итгэн, тур­шуул явуулна. Үүнийг мэд­сэн Гамлет асууж танд­сан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүд­лийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгө­хийг хүснэ. Хүсээд зогсох­гүй зохиолд эцэг сүнсний ярьж өгснийг нэмж би­чиж өгнө.

Хан-авга нь жүжгийг ан­хааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гам­летыг хажуудаа байл­гах аюултай бол­лоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайл­га­на. Угсаа зал­гах хан хүү Гамлет зам зуураа тэр за­хиаг олж үзэн, өөрчлөн бичин амь гарч улмаар бу­цаж ирнэ. Хан авга нь Лаэртыг ятгаж, өшөө авах санаа авахуулан тэдний дунд тэмцээн зохион байгуулснаар Гамлет хор шингээсэн Лаэртын илдэнд амиа алдана. Хатан ээж Гертруд мөн Гамлетад уулгахаар Клаудын бэлдсэн хортой дарсыг санамсаргүй ууж амьсгаа ху­раа­х ба Гамлет ав­гыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамж­лах хан хүү Гамлет хоёр бие биеэ хо­роос­ноор Да­нийн хан ши­рээ Норве­гийн эрх баригч Фортин­браст шилжиж бай­гаагаар зохиол өндөр­лө­нө.

Үнэлгээ, шүүмж

засварлах

Үе үеийн судлаачид янз бүрээр бичдэг бай­жээ. Судлаачдаас гадна үе үеийн агуу сэтгэгчид ч үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Шекспирийн зохио­лын баатрын энэлэл шана­ллын учрыг хүний хувьд сэтгэлийн тэнхээ сул, хувь заяаны эрхээр ногдсон ачааны хүндийг үүрэх тэсвэр тэвчээргүй, эрмэг зоримог алхам хийх чадваргүйтэй холбон тайл­бар­ласан нь их ажээ. Энэ үнэн бол Гамлетын санаа бодлыг хүчирхийлэн да­ран­гуйлж, хүсэл зоригийг нь мөхөөж, арчаагүй бай­далд оруулсан хүчин зүйл байсан байж таарна. Зо­хиолыг хөөн унших аваас Гамлет харин ч бүр аливаа зүйлд хариу өгөх ялангуяа дотоод сэтгэлийн хувьд шийд­вэр гаргах чадвар өн­дөртэй хүн болох нь то­дор­хой байдаг. Түүнээс гадна зохио­лоос үзэхэд Гамлет харин ч бүр сэтгэлийн их тэнхээ­тэй, эзэмшсэн өн­дөр бо­ловс­рол, хүмүүнлэг энэ­рэн­гүйг дээдэлсэн хү­мүү­­жил нь сонссон муу муу­хайг нягтлан мухар­ла­хыг шаар­даад байгаа нь тодор­хой байна. Чухам ийм л учраас Гамлет хэ­мээх баат­рын дүрийг бү­тээ­хэд амаргүй, олон ян­заар гя­лал­зан харагддаг хэ­мээн судлаачид тодор­хойл­дог ажээ. У.Шекспи­рийн “Гамлет” жүжгийн гол баат­рын талаар нийг­мийн зүтгэлтэн, судлаачид дот­роос санаа бодлоо илэр­хийлж хэлээгүй хүн байх­гүй гэдэг юм байна.

Гамлет эрх мэдэл, эд хөрөнгийн эзэн болон суу­сан авга ах-ханыхаа эсрэг хөдлөөгүй гэж үү? Эцгийн­хээ буртаглагдсан нэр төрийг цэвэрлэх гэж, “бо­лов­сон шорон” гэмээр бу­сармаг орчин, булай явд­лын эсрэг сөрөн өндий­гөө­гүй гэж үү? Хөдөлсөн. Сэтгэлийнхээ гүнд оршин байсан эргэлзээ тээнэгэл­зээг таягдан ялж, үнэнд хүрэх итгэл найдвар байх­гүй байгааг ч умартан тэмцсэн.

Гамлетад ямар найд­вар байсан хэрэг вэ? Ердөө л зуун зууныг дамнуулан ирэх цаг үеийнхэнд “болов­сон шорон” гэгч юу болох тухай л хэлж мэдээ­лэх явдал байж! Өөрөөр хэлбэл Гамлет тэмцэж эцсийн дүндээ ялахыг л хүсэж! Өөрөө ялагдвал яах билээ гэж бодож бай­сангүй.

Энд, хойч үеийн би­дэнд ч бодох юм байна... Клавдий хан, Гамлетын эцгийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн үхлээ гээд “бо­лов­сон шорон нурах уу... гэтэл эрхмийн дээд эрхэм сэнтийд ёстой л өнөө чоно борооноор гэгч болон ха­рийн Фортинбрас заларч байна. Нэг янзын шорон нөгөө янзынхаар л солиг­дож байна. Байдал бүр дордсон гэсэн үг.

Үүнийг Гамлет харж ухаараагүй байсан гэж үү? Үгүй бололтой. Боловсрол гэгээрлийн хувьд хэнээс ч үл дутах Гамлетын эргэл­зэж тээнэгэлзэн, аймхай хулч­гар мэт харагдуулаад байсны учир нь Клавдийг хороолоо гээд Данийн там диваажин болж хувирах­гүй, шорон хэвээрээ л хо­цор­но гэдгийг мэдэхийн дээ­дээр мэдэж байсантай холбоотой хэмээн нэлээд судлаачид үздэг ажээ. Тэмцэх л хэрэгтэй, тэгэх­гүйгээр бурангуй, булай дэг ёсноос салахгүй гэд­гийг л номлож байна. Сайн сайхны төлөө, шударга үнэний ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг үзлийг номлож байна. Ин­гэс­нээрээ жүжгийн гол амин санаа тухайн жүж­гийн тайзнаас халин хү­мүүн төрөлхтний амин хү­сэл тэмүүллийн хязгаарт дүүлэн гарч ирж байна хэмээн судлаачид үздэг юм байна.

Ирэх цагийн сайн сайх­ны төлөө ялагдал сөх­рөлөөс айлгүй цээж тэнэ­гэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтуу гэж У.Шекспирийн “Гамлет”-ийг зүгээр ч нэг үздэггүй учраас л ийнхүү цаг хуга­цаа, орон зайг даван хүн ар­дын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг бололтой.

Гамлет Монголд

засварлах

Энэ алдарт жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тай­зан дээр 1979 онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Галсанжав найруулан тавьж байжээ. Гамлетын дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байжээ.

У.Шекспирийн “Гамлет” жүжгийг Борис Пастернакийн орчуулга дээр үндэслэж орос хэлнээс Чойжилын Чимид гуайн орчуул­гаар хийж байсан.

Харин сүүлд 2016 оны 3-р сард Х.Мэргэн англиас нь шууд орчуулахын зэрэгцээ оростой нь тулгасан. Улсын Драмын эрдмийн театр Олон улсын театрын өдөрт зориулан Дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг тоглосон.

Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан энэхүү жүжгийн голд дүр Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ.

Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглосон юм.