Газар шороо (роман)

"Газар шороо" роман- Эрдэмтэн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэржавын Маамын зохиол.

Агуулга

засварлах

Энэхүү түүхэн уран зохиолд Манжийн дарлалаас ангижирч, тулгар төрөө байгуулан, тусгаар тогтнол эрх чөлөөгөө эдлэхийг хичээж буй Богд хаант засгийн үеийн Монгол үндэстний түүхийг өгүүлдэг бөгөөд Дарь овооны өвөр, Ганга нуурын эрэгт аж төрөн суудаг Дарьганга нутгийнхны өвөрмөц аж төрөл, ангийн хурц ширүүн тэмцлийг эвлэгхэн үзүүлж, сэтгэлд хоногшим олон сайхан дүрүүдийг бүтээсэн байдаг.

Тус романд Шилийн сайн эрсийн өлгий нутаг хэмээгддэг Дарьганга хошуунд төрж өссөн ард түмний баатруудын түүхийг харуулжээ.

Роман дөрвөн дэвтэртэй бөгөөд уншигч бидний гар дээр гурван боть ном болон хүрсэн. Тус зохиолд Дарьганга хошууны ард иргэд Манжийн дарлалын үед хэрхэн зовж зүдэрч ирснийг, ямар ажил алба гүйцэтгэж, хэдий хэмжээний алба гувчуур төлдөг байсныг, дарлал мөлжлөгт нэрвэгдэхийн хэрээр номхон хүлцэнгүй байсан ардуудын зүрхэнд үсэрсэн тэмцлийн оч хэрхэн түймэр болон дүрэлзсэнийг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг.

Зохиолчийн бүтээсэн дүрүүд дотроос хамгийн их сэтгэл булаасан дүр бол Хангай Базар, Ард Дагдан болон Буруу Цолмонгийн дүр юм. Шилийн сайн эр, муу хулгай зэргээр хошуу нутагтаа адлагдан, есөн эрүү шүүлтэд орж, олон яргалалыг давж байсан Хангай Базарын дүрээс эх орон, элгэн садныхаа төлөө хэрхэн тэмцэж, хүн хүнээрээ, үзэл бодол өөртөө үнэнчээр үлдэж болдогийг тод харж болно. Бух Дагдан хочоо Ард Дагдан хэмээх хүндэтгэлийн нэрээр сольж буй жинтэй үгтэй, бат нягт бодолтой, хэлэх хийхээсээ өмнө сайтар боддог Дагдангийн дүр бол эр хүн ийм л баймаар даа гэсэн бодлыг олон уншигчдад төрүүлэхүйц дүр. Харин Цолмонгийн дүр бол Уулын Дугар ноёны ганц хүү хэмээн хүний өмсөөгүйг өмсөж, эдлээгүйг эдэлж явсан эрх танхи хүү хилс хэрэгт орж олзны цэрэг болон Учаны бослогод оролцдог.