Бруно Крайский (герман. Bruno Kreisky; 1911 оны 1-р сарын 22-нд Вена хотод төрсөн - 1990 оны 7-р сарын 29-нд Вена хотод нас барсан) - Австрийн төрийн зүтгэлтэн. Австрийн Холбооны Канцлер.

Бруно Крайский, 1983 он.

Бруно 1911 оны нэгдүгээр сарын 11-нд Австри-Унгарын нэхмэлийн үйлдвэрийн захирал Макс Крайский (1876-1944), Ирена Феликс (1884-1969) нарын еврей гэр бүлд төржээ. Крайскийн гэр бүл консерватив үзэл баримталдаг байжээ. Бруно гэр бүлийн уламжлалыг эвдэж, 14 настайдаа Австрийн Социал-Демократ Ажилчдын Намын залуучуудын байгууллагад элсэв. 1931 онд тэрээр эцэст нь иудаизмыг орхиж, агностик болжээ.

1929 онд Крейский ахлах сургуулиа төгссөн. Австрийн Социал-демократ намын дарга Отто Бауэртэй уулзсан явдал түүний цаашдын амьдалд их зүйлийг тодорхойлсон. Түүний зөвлөснөөр Венийн их сургуулийн хуулийн ангид элсэн орсон байна.

1934 онд СДН-ын үйл ажиллагааг хориглосны дараа Крайский Социал Демократын цагаачлалын төв байр байрладаг Чехословакын Брно хот руу байнга очдог байв. 1935 оны 1-р сард түүнийг баривчлан Австрийн шүүх хурал дээр Крайскийн хэлсэн үг түүнд алдар нэрийг авчирсан юм. Их Британийн хэвлэлд "21-ийн шүүх хурал"-ын тухай нийтэлсэн нь Европын олон нийтийг цочирдуулав. Үүний үр дүнд Крайский харьцангуй хөнгөн ял авсан байна.

Их сургуульдаа сурлагаа үргэлжлүүлж 1937 нд эрх зүйч мэргэжлээр дилом хамгаалжээ.

1938 оны 3-р сарын 12 бол Австрийг нацист Германд нэгтгэсэн "аншлюс"-ын өдөр юм. Австри улсад олон нийтийн баривчилгаа эхэлсэн. Энэ үеэр баригдсан боловч түүний хэргийг хариуцаж байсан Гестапогийн мөрдөн байцаагч нь түүнтэй хамт шоронд сууж байсан хүн таарч 6 сар шоронд хоригдсоны эцэст Бруно суллагдаж Швед рүү дүрвэн цагаачилжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр Швед улс гаднаас олон цагаачдыг хүлээн авч байсан. Стокгольмд тэрээр Вилли Брандттай танилцан нөхөрлөж эхэлсэн түүнд их нөлөө үзүүлжээ. Тэрээр сэтгүүл зүйг гол мэргэжилээ болгож Европын хэд хэдэн сонины сурвалжлагч болж байсан.

1942 онд тэрээр Австрийн томоохон еврей аж үйлдвэрчний охин Вера Фурттой гэрлэжээ. Тэд 1944 онд хүү Петр, 1948 онд охин Сюзанна нартай болсон байна.

1945 оны хавар дайн дууссаны дараа шинэчлэгдсэн Австрийн Социалист намын удирдагчид Крайскиг Австрийн дипломат төлөөлөгчийн газрын зөвлөхөөр Шведэд үлдээх шийдвэр гаргажээ. Учир нь Австрийн ерөнхийлөгч Карл Реннер Австрийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болох Шведийн аж үйлдвэрчидтэй ажил хэргийн харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд мөн Крайски Австрийн уугуул, Шведийн томоохон бизнесмэний охин Вера Фурттой гэрлэж байсныг мөн харгалзан үзсэн байна.

Зөвхөн 1951 оны 1-р сард л Крайский эхнэр, хоёр хүүхэдтэйгээ эх орондоо буцаж ирэв. Түүний шинэ ажил Австрийн ерөнхийлөгч, алдарт социал демократ Теодор Кёрнерийн (герман. Theodor Körner Edler von Siegringen; 1873—1957) Тамгын газар болжээ.

Тухайн үед Австрийн асуудлыг тойрсон дипломат тэмцэл ширүүн байсан. 1949 онд НАТО-гийн цэрэг-улс төрийн блок байгуулагдсан нь Австри улсыг "Дорноос ирэх аюул" -аас найдвартай хамгаалалтын шугамыг бий болгохыг эрмэлздэг Барууны стратегийн чухал асуудал болгосон. Үүний зэрэгцээ Сталины хүрээний зарим улс төрчид (ялангуяа В.М. Молотов) Австри улсыг өөрсдийн нөлөөнд оруулахыг хичээж байжээ.

Крайский төвийг сахихыг идэвхтэй дэмжигч байсан тул Теодор Кёрнер 1951 онд Австри улс төвийг сахисан статустай болох тухай үг хэлж байв.

Австрийн Социалист намын удирдагчид Крайскийн үйл ажиллагааг үнэлж, 1953 онд Австрийн ГХЯ-нд томилогдон Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ. Төвийг сахиж тусгаар тогтнох тухай гэрээ байгуулахтай холбоотой тэмцлийн сүүлчийн шатанд орж 1955 оны 5-р сард Австри улсад удаан хүлээсэн тусгаар тогтнолыг авчирсан юм.

Австри улс төвийг сахисан байр сууриа тунхагласны дараа түүний дипломат алба олон улсын улс төрийн салбарт онцгой уян хатан байхыг шаардаж байв. Швейцарь улсаас ялгаатай нь Австри улс дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг эрэлхийлсэн юм. Энд Крайский 1959 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалд том үүрэг гүйцэтгэсэн. Тэр жилүүдэд Бруногийн дотны найзууд түүнийг Вена хотод харах бараг боломжгүй гэж гомдоллодог байв. Долоон жилийн хугацаанд 100 гаруй удаа төрийн айлчлал хийсэн. Түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Европын Чөлөөт Худалдааны Холбооны орнуудын уулзалт (EFTA, Крейскийн идэвхтэй байр суурийн ачаар Австри улс голлон оруулсан), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хурал, уулзалтууд дээр харж болдог байв. Зүүн Европын орнуудын нийслэлд түүнийг халуун дотноор угтан авчээ. Тэрээр Хрущев, Кеннеди, Аденауэр, де Голль зэрэг тухайн үеийн дэлхийн нөлөө бүхий улс төрийн удирдагчидтай хэлэлцээр хийж байв. 1960-аад оны дундуур зарим улстөрчид түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшихийг санал болгож байсан.

1967 онд түүнийг Австрийн Социалист намын даргаар сонгосон байна.

1970 оны 3-р сард болсон парламентын сонгуульд АСНам ялалт байгуулж Крайский тус улсын холбооны канцлер болсон юм.

Авсртийн Канцлерийн үүрэгт ажил нь Крайскийд дотно байсан гадаад бодлогын асуудалд бараг цаг үлдээдгүй байв.

1983 оны 4-р сард болсон сонгуулиар АСНам парламентын үнэмлэхүй олонхын суудалгүй болжээ. Хэдэн жилийн өмнө эрүүл мэнд муудаж, хэт их ажил хийж байгаа (тэр 73 настай) гэх шалтгаанаар огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан Крайский эцэст нь идэвхтэй улс төрөөс холдож чаджээ.

1983 оны намар болсон АСН-ын дараагийн их хурлаар Крайскийд тусгайлан байгуулагдсан Австрийн Социалист намын хүндэт даргын албан тушаалыг өгчээ.

Тэтгэвэрт гараад тэрээр "Социалист интернационалын" ажилд үргэлжлүүлэн оролцож байгаад 1990 оны 7-р сард нас баржээ.