Бродникууд (орос: Бродники; укр.: Бродники) бол маргаантай гарал үүсэл бүхий овог аймаг байв.

Нэрийн гарал

засварлах

Зарим үзэл бодлоор бол гадаадын он тооллын бичгүүдэд ашиглагддаг энэ нэр нь слав хэлний "гарам (усан гарам) хариуцсан хүн" гэсэн үг аж (слав: brodŭ). Нэрийн магадлалтай шалтгаан нь бродникуудын нутаг дэвсгэр Карпатын уулын даваа ба Дунай мөрний адаг хооронд холбоос болж, ингэснээрээ Генуягийн колониудад хүрэх боломжийг бататгаж, эдийн засгийн томоохон ач холбогдолтой байсан явдал юм. Өөр бусад үзэл бодлоор тэдний нэр нь слав хэлний "бродить" ("тэнүүчлэх") гэдэг үгтэй холбоотой бөгөөд энэхүү нэр нь энэ хүн амын амьдралын нүүдэлчин хэв маягтай холбоотой байж магадгүй. Бас энэ нэр нь Прут голоос юм уу түүний Брутус хэмээх хуучин нэрээс гаралтай гэж таамаглаж байна.

Газар нутаг

засварлах

Бродникийн газар нутаг нь одоогийн Бүгд Найрамдах Молдав Улсын баруун өмнөд хэсэг, одоогийн Румын Улсын Вранча, Галац тойргуудын өмнөд хэсэг, Украин Улс дахь Буджакийн бүс нутгийн өмнөд хэсэг, магадгүй Днестр болон Днепр мөрний хоорондох эргийн шугамаас бүрдэж байжээ.

Угсаатны хамаарал

засварлах

Тэднийг илүү сайн танигдсан хөрш зэргэлдээх хүн амтай нь холбох оролдлого хийсэн, өөр өөр зохиолчид тэднийг славууд юм уу иранчууд, эсвэл холимог угсаатны бүлэгт (роман-слав, түрэг-слав) ангилсан байдаг.

Зарим зохиогчид тэднийг Византийн шастирч Никита Хониатын "тавроскифүүд"-ийн салбар хэмээн дурдсан "бординичууд" гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэ нь орос хүмүүсийг куманууд/половууд болон валахуудаас ялгахын тулд хэрэглэж байсан нэр томъёо бололтой.

Баримт нотолгоо

засварлах

1216 онд тэд Суздалийн ванд алба хааж байжээ.

1222 онд Унгарын хаан II Андраш Бурценландын бүс нутгийг Тевтоны рыцариудад өгч, Бродникийн газраар хил тогтоожээ. Мөн онд пап III Гонорийн "Папын булла"-аар уг дүрмийг батлав: хэдий тийм боловч Ватиканы баталсан хуулбар дээр "Brodnicorum"-ыг "Blacorum" (өөрөөр хэлбэл латинаар "Валахууд") гэж сольсон байна. Зарим түүхчид энэ нь эдгээр нэр томъёо ижил утгатай болохыг харуулж байна гэж үзэж байхад бусад нь үүнийг зүгээр л алдаа гэж мэдэгддэг. Сүүлийнх нь Унгарын хэд хэдэн баримт бичигт энэ хоёр нэр томъёог хамтад нь ашигласан, хэрэв эдгээр нь нэг хүн амд хамаарах бол маш ер бусын юм гэдэг зүйл дээр мэдэгдлээ үндэслэж байна.

1238 онд Унгарын хаан IV Бела өөрийгөө "...Рутен, Куман, Бродникийн..." ("...Ruthenorum, Cumanorum, Brodnicorum...") хаан хэмээн танилцуулжээ.

Новгородын анхдугаар он тооллын бичигт 1223 онд бродникууд Калка голын тулалдаанд монголчуудын ("татарууд") талд оролцсон гэж бичжээ.

Бродникуудын тухай ярихдаа он тооллын бичигт Мстислав Романович ванг хууран мэхэлж, түүнийг "татарууд"-ад хүлээлгэж өгсөн воевод Плоскыняг (Румыны түүх бичлэгт энэ воеводын нэрийг заримдаа Плоскенеа (Ploscânea) гэж буулгадаг) дурдсан байдаг. Зарим судлаач Плоскыня бол Бродникийн захирагч байсан гэж дүгнэдэг. Зарим судлаачийн үзэж байгаагаар он тооллын бичигт буй мэдээг "Тэнд бродникууд татаруудтай хамт байсан бөгөөд тэдний воевод Плоскыня [...]" гэж тайлбарлах ёстой ажээ. Хэдий тийм боловч бусад нь эх сурвалжийн мэдээг "Тэнд бродникууд татаруудтай хамт байсан ба воевод Плоскыня, [...]" гэж орчуулах ёстой хэмээн санал нийлэхгүй байна. Энэ үеэс хойш тэд Оросын эх сурвалжуудаас алга болсон байдаг.

1227 оны 8-р сард пап IX Григорий Эстергомын бишопт захидал бичиж "тэдэнтэй хиллэдэг Куман болон Бордини"-г ("in Cumania et Bordinia terra illis vicina") Христийн шашинд оруулах заавар өгөв.

Унгарын хаан IV Бела 1250 оны 11-р сарын 11-нд пап IV Иннокентийд явуулсан захидалдаа татарууд өөрийнх нь хаант улстай хөрш зэргэлдээ орших улс орнуудад алба гувчуур ногдуулсан тухай өгүүлсэн байдаг: "Орос, Куман, Бродник, Болгар зэрэг Дорно зүгт манай хаант улстай хиллэдэг" ("que ex parte Orientis cum regno nostro conterminantur, sicut Ruscia, Cumania, Brodnici, Bulgaria").