БРИКС
БРИКС (англи. BRICS — товчлол Brazil, Russia, India, China, South Africa) — 9 улс хоорондын албан бус холбоо. Үүнд: Бразил, Орос, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иран, Египет болон Этиоп зэрэг улс ордог.
Тус байгууллага (улс орнуудын хамтын нийгэмлэг) 2006 оны 6-р сард (БРИК, BRIC) гэж нэртэй, Петербургийн эдийн засгийн чуулганы үеэр Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг 4 орны эдийн засгийн сайд нарын уулзалтаар анх бий болсон.
Үндсэндээ БРИКС-ийн гишүүн орнуудын хоорондох хоёр талын харилцаа нь хөндлөнгөөс дотоод хэрэгт оролцохгүй, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр тогтдог байна.
2009 оноос хойш БРИКС-ийн орнуудын засгийн газрууд жил бүр албан ёсны дээд хэмжээний уулзалт (сүүлийн 15 дахь дээд хэмжээний уулзалт 2023 оны 8-р сарын 22-24-нд Өмнөд Африкт болсон) зохион байгуулдаг. Дээд хэмжээний уулзалтаас гадна Гадаад хэргийн сайд, Сангийн сайд болон бусад түвшний уулзалтууд мөн болдог байна.
Орос, Хятад, Энэтхэг, Бразил улсууд нийт хүн ам, газар нутаг, ДНБ-ээрээ дэлхийн арван том орны тоонд ордог. БРИКС-ийн орнууд нийт 45,726,508 км² газар нутагтай, нийт хүн ам нь ойролцоогоор 3,41 тэрбум хүн буюу дэлхийн хуурай газрын 26,7%, дэлхийн хүн амын 41,6%-ийг эзэлдэг.
2023 оны 8-р сарын байдлаар 40 улс БРИКС-д элсэх хүсэлтээ илэрхийлснээс 20 орчим нь элсэх хүсэлтээ албан ёсоор тавьсан байна. 2023 оны 8-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Этиоп, АНЭУ-ыг 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг урьсан байна. Ийнхүү 2024 оны 1-р сарын 1-нд уригдсан 5 орон нэмэгдэж БРИКС 9 гишүүн улстай болжээ.