Артур Шопенхауэр
Артур Шопенхауэр (Герман: Arthur Schopenhauer, 1788 оны 2-р сарын 22-нд Польшийн Гданьск хотод төрсөн - 1860 оны 9-р сарын 21-нд Германы Холбооны Майн дахь Франкфуртэд нас барсан) - Германы алдарт гүн ухаантан.
Фридрих Ницше, Фридрих Шеллинг, Сёрен Кьеркегор, Фридрих Якоби, Вильхелм Дильтей, Освальд Шпенглер, Энри-Луи Бергсон зэргийн эрдэмтдийн адил, гүн ухааны иррационализмыг баримтлагч юм.
Тэрээр Германы романтизмд татагдаж, далд үзэгдлийг сонирхож, Иммануэл Кантыг баримталж түүнийг «сүүлийн 2 мянган жилд дотор гүн ухаанд гарсан хамгийн гайхамшигтай үзэгдэл» гэж өөрөө тодорхойлж байсан. Мөн буддын шашны гүн ухааны буюу эртний энэтхэгийн шашны бүтээлүүдийн үзэл санааг өндрөөр үнэлдэг байсан тул тэр ажлын өрөөндөө Иммануэл Кантын цээж баримал, Будда бурханы жижиг хүрэл барималтай байдаг байжээ.
Түүний гүн ухааны үндсэн том ажил бол - «Ертөнц бол хүсэл эрмэлзэл болон санаа бодол» (Герман: Die Welt als Wille und Vorstellung, 1818), байсан бөгөөд түүнийгээ нас бартлаа тайлбарлаж нийтэд дэлгэрүүлэх ажил хийж байсан.
Товч намтар
засварлахА.Шопенхауэрын эцэг Хайнрих Флорис Шопенхауэр бол өндөр боловсролтой, Европын соёлыг сайн мэддэг хүн байсан. Тэрээр Англи, Франц руу ажил хэргийн шугамаар их явдаг байжээ. Түүний хамгийн дуртай зохиолч бол Вольтер байжээ. Артурын эх нөхрөөсөө 20 насаар дүү Иоханна гэж зохиолч, утга зохиолын салоны эзэн байсан.
Артур хүүг 9 настайд эцэг нь Франц руу авч яваад Ле Гавр хотод 2 жилийн хугацаатай найзынхаа гэр бүлд үлдээсэн байна. Тэр жил нь буюу 1797 онд Артурын эмэгтэй дүү Луиза Аделаида Лавиния /Адель/ мэндэлжээ.
1799 онд Артур худалдаа наймаа эрхлэх зорилготой хувийн нэр хүндтэй хөвгүүдийн "Рунге" гимназид элссэн байна.
1803 онд тэрээр мөн Уимблдонд (Их Британи) зургаан сар орчим суралцжээ.
1805 оны 1 дүгээр сард тэрбээр Хамбург дахь худалдааны компанийн оффист ажиллаж эхэлжээ. Тэр жилийн хавар Артурын эцэг нас баржээ.
1809 онд (хоёр жилийн сургалтад хамрагдсаны дараа) Готтингены их сургуулийн Анагаахын факультетэд элсэн орж, дараа нь гүн ухааны анги руу шилжсэн байна.
Тэрээр 1809-1811 онуудад Готтинген хотод амьдарсан. Дараа нь тэр Берлин рүү нүүж, Фихте, Шлейермахер нарын лекцэнд оролцдог болов.
1812 онд Йенагийн Их Сургууль түүнд Философийн доктор цол олгосон байна. 1818 онд А.Шопенхауэр "Ертөнц бол хүсэл зориг, санаа бодол" гэсэн үндсэн бүтээлээ хэвлүүлсэн ажээ.
1820 онд дэд профессор цол хүртэж, Берлиний Их Сургуульд багшилж эхэлсэн байна.
Тэрээр гоонь эр байсан (А.Шопенхауэр:-"Огт эмэгтэй хүнгүй амьдарч чадахгүй эрэгтэй хүн бол-эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч юм") бөгөөд өөрийн дотоод болон сэтгэл санааны эрх чөлөөгөөрөө бахархаж, амьдралын энгийн эд баялгийг үл тоомсорлож, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, үзэл бодлоо хурцаар илэрхийлдэг нэгэн байжээ. Тэрээр өөртөө туйлын хайртай, юм бүхэнд хартай ханддаг байсан. Тэрээр хүмүүст үл итгэдэг, маш их харддагаараа ялгарч байв. Заримдаа тэр маш их айдаст автдаг байжээ. Тэрбээр салхин цэцэг өвчнөөс айсандаа италийн Наполи хотоос зугтаж, дараа нь хордуулсан хамрын тамхи өгчихлөө гэж айсандаа Верона руу зугтсан, мөн сүүлдээ айхдаа орон дотроо зэвсэг барин унтаж, дээрэмчдээс айж үнэт зүйлээ гэрийнхээ янз бүрийн өнцөгт нуудаг байжээ.
А.Шопенхауэр төрөлх герман хэлнээс гадна латин, англи, франц, итали, испани хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Тэр ихэнх цагаа хоёр өрөө байрныхаа ажлын өрөөнд сууж судалгаанд зориулдаг байсан гэдэг.
Тэрбээр 1860 оны 9-р сарын 21-ний өдөр уушгины хатгалгаагаар нас барахад Гауптфридхофын оршуулгын газарт оршуулсан байна.
Бүтээлүүд
засварлах- (Über die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde, 1813)
- (Über das Sehn und die Farben, 1816)
- (Die Welt als Wille und Vorstellung, 1819)
- (Eristische Dialektik: Die Kunst, Recht zu Behalten, 1831)
- (Über den Willen in der Natur, 1836)
- (Über die Freiheit des menschlichen Willens, 1839)
- (Über die Grundlage der Moral, 1840)
- (Die beiden Grundprobleme der Ethik, 1841)
- «Parerga und Paralipomena» (1841, 1851 )
- «Paralipomena» (1860)