Алтан гурвалжин (хар тамхи)

Алтан гурвалжин (англи. The Golden Triangle, мьянмар. ရွှေတြိဂံ နယ်မြေ, вьет. Tam Giác Vàng, хят. 金三角, лаос. ສາມຫຼ່ຽມຄຳ, тай. สามเหลี่ยมทองคำ) — XX зууны дунд үед орон нутгийн болон дэлхийн зохион байгуулалттай гэмт хэргийн синдикатуудтай холбоотой хар тамхины үйлдвэрлэл, худалдааны тогтолцоо бий болсон Тайланд, Мьянмар, Лаосын уулархаг нутгийн газарзүйн бүсийг хэлдэг юм. Мьянмар бол дэлхийн опиумын 25 % орчим хувийг үйлдвэрлэдэг Афганистаны дараа хоёрдугаарт ордог том опиум үйлдвэрлэгч юм. Опиумын үйлдвэрлэл гол төлөв Мьянмарын Шан, Качин мужид төвлөрдөг байна.

"Алтан гурвалжин"-гийн газрын зураг

1949 оны 12-р сард Тайвань руу зугтан нүүж чадаагүй Гоминданы цэргийн үлдэгдэл Бирм рүү дүрвэж, Бирмийн Шан улсын зүүн хэсэгт (Юньнанийн коммунистын эсрэг арми) 1949 оны 12-р сард суурьшсан байна. Эдгээр Гоминданы хүчин эхлээд энд тариалсан опиумыг тээвэрлэх хяналтыг гартаа авсан байна.

Тайланд, Мьянмар, Лаосын 3 улсын хилийн уулзвар нутаг- Алтан гурвалжин.

1970-аад онд орон нутгийн хамгийн том хар тамхины бүлэглэл нь Хун Са гэгддэг Гоминданы гишүүн асан Жан Шифүгийн удирдсан Шанийн нэгдсэн арми болжээ. Чухамхүү тэрээр Шанчуудыг героин зарж чөлөөлөх тэмцэлдээ мөнгө олохыг ятгасан юм. Бараг 50 мянган хүн мансууруулах бодис үйлдвэрлэх, дамжин өнгөрөх, борлуулах аюулгүй байдлыг хангаж байжээ.

Алтан гурвалжингийн удирдагчид дамжин өнгөрөх шинэ схемүүдийг боловсруулж, борлуулалтын зах зээлийг өргөжүүлсэн. Мьянмараас жижиг загас агнуурын хөлөг онгоцоор хар тамхи зөөвөрлөж, Шри Ланка, Энэтхэг рүү хүргэдэг байсан юм. Мөн Бангладеш улсаар дамжин хуурай замын тээвэрлэлт хийдэг байв.

Дараа нь их хэмжээний опиумыг Бомбей, Мадрас, мөн Пакистаны боомтуудад хөлөг онгоцонд ачиж, дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг байжээ. Бусад дамжин өнгөрөх нутаг нь Тайланд, Камбож болж байсан юм. Ачааны аюулгүй байдлыг Шанчууд, Энэтхэгийн босогчдын бүлэглэлүүд болон Тайландын авлигад идэгдсэн албан тушаалтнууд хангадаг байжээ. 1996 онд Хун Са хамгийн ойр дотны хүмүүсээ барьж өгөөд нуугдсан байна. 2007 онд нас барахаасаа өмнө тэрээр Мьянмар хавьд амьдардаг гэж үздэг байсан ч түүнийг олж өгсөн хүнд өгөх АНУ-аас зарласан 3 сая долларын шагнал ч тус болоогүй юм.

Одоогийн байдлаар Алтан гурвалжинд героиноос гадна хууль бус синтетик метамфетамин үйлдвэрлэж байгаа бөгөөд гол үйлдвэрлэлийн байгууламжууд нь хууль бус болор метамфетамин, яба шахмал үйлдвэрлэх дэлхийн төв гэгддэг Мьянмарын Шан мужид байрладаг. Тэндээс эмийг Зүүн Өмнөд Ази даяар, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Япон, Өмнөд Солонгос, Европын орнуудад нийлүүлдэг байна.